Б.Энхбаяр: Ажлын байрны бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж үзнэ

2021-06-29 53 0

АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТ

Ажлын байрны бэлгийн дарамт насанд хүрсэн, ажил хөдөлмөрийн талбарт хөл тавьсан хүн бүрийн анхаарах ёстой сэдэв бөгөөд Синдикат ярилцлага 55 дахь дугаараар энэ сэдвийг онцолж байна. Ажил хийж байгаа нэрийн дор хэн нэгэн эмэгтэй ганцаараа дарамтанд орж, айдсаа илэрхийлж, доромжлолыг сөрж, эрхээ хамгаалж чадахгүй шаналах ёсгүй. Эрүүл соёл, ёс зүйтэй орчныг бүрдүүлэхийн тулд төр, хувийн хэвшил бүгд үлгэрлэх ёстой. Тэр дундаа төрийн албаны манлайлал бэлгийн дарамтгүй ажлын байрыг бий болгоход маш чухал. Нэвтрүүлгийн зочдоор Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, доктор Д.Сүнжид, нийтлэлч Д.Түмэн-Өлзий, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар уригдлаа

В.Ганзориг:

-Ажлын байрны бэлгийн дарамт нуугдмал байдаг ч сүүлийн үед эрчимтэй яригдах болсон. Зарим хүн алиа мааз хандлага, сонирхол, хөнгөн зугаа мэт боддог байхад эмэгтэйчүүдэд сэтгэлийн зовиур, хүнд шарх үлдээдэг. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг тодорхойлолтоор нэвтрүүлгээ эхлэе.

Д.Сүнжид:

-Энэ ойлголтыг ажлын байр гэж тодотголгүй бэлгийн дарамт гээд жендерт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийлэлтэй холбоотойгоор “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-д оруулж 2011 онд баталсан. Энэ хуулинд бэлгийн дарамт гэдгийг “бусдыг хүсээгүй байхад нь бэлгийн сэдлээ үг хэлээр, биеэр буюу өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсхүл хурьцал үйлдэхээс аргагүй байдалд оруулсан, мөн бэлгийн сэдлийн улмаас ажил, албан тушаал, эд материал, сэтгэл санааны болон бусад байдлаар хохироох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх, айлган сүрдүүлэх, тулган шаардах зэрэг үйлдэл, эс үйлдэхүйг” хэлнэ гэж тодорхойлсон. Хүний эрхийн үндэсний комисс энэ томъёололыг хангалтгүй, хөдөлмөрийн бүх харилцаанд үйлчилж чадахгүй байна гэж үзэж байгаа. Тийм учраас “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга дээр ажлын байрны бэлгийн дарамт, ажлын байрны дарамт, ажлын байран дахь ялгаварлан гадуурхал гэсэн гурван асуудлыг ялгаж ойлгох нь зүйтэй гэдэг саналыг өгсөн.

Энэ санал хуульд тусаад УИХ дээр хэлэлцэгдээд явж байна. Яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд асуудлаа ярих болчихоод байгаа. Ийм зөрчил гарвал Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай хууль яригдана. Энэ асуудал дээр улс төрийн албан хаагчид, албан тушаалтнуудыг хамааруулсан хуулийн зохицуулалт байхгүй байгааг Хүний эрхийн үндэсний комиссоос шүүмжилж, “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга, “Төрийн албаны тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулъя гэдэг саналыг тавиад явж байна.

В.Ганзориг:

-Бэлгийн дарамт үзүүлсэн улс төрийн албан тушаалтанд хуулиар хариуцлага тооцох боломжгүй гэсэн үг үү?

Д.Сүнжид: 

-Одоогийн хуулиар төрийн албанд хамаатай байгаа. Энэ асуудлыг хөдөлмөрийн дотоод журамдаа тусгаад, зөрчих юм бол сахилгын шийтгэл ногдуулах утгатай зохицуулалт бий. “Төрийн албаны тухай хууль” харахаар зөвхөн төрийн жинхэнэ албан хаагчдад хамаатай болчихдог. Хэсэг хүмүүс орхигддог гэсэн үг. Үүнийг зохицуулах шаардлагатай.

 

Б.Энхбаяр:

-Хөдөлмөрийн тухай болон Төрийн албаны тухай хууль хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. Ажилд томилогдсон хүмүүсийн хувьд хөдөлмөрийн харилцаа үүсдэг. Харин улс төрийн албан тушаалтнууд ард иргэдээс сонгогддог төрийн өндөр албан тушаал. Энэ харилцаа Хөдөлмөрийн хуулиар биш тухай тухайн хуулиараа явна. Жишээ нь, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хуулиар гэсэн үг. Бэлгийн дарамттай холбоотой асуудал тухайн чиглэлийн хуулиуд дээрээ тусгагдах ёстой. Сүнжид докторын хэлж буйгаар энэ асуудал тусаагүй явж байна. Харин цалин авч буй бүх хүмүүсийн харилцааг Хөдөлмөрийн хуулиар зохицуулдаг.

В.Ганзориг:

-Бэлгийн дарамтын тодорхойлолт дээр үйлдэл болон эс үйлдлийг хэлнэ гэж байна. Эс үйлдэл гэдэг нь юу билээ?

Б.Энхбаяр:

-Янаглан хорлох гэсэн үг. Бодитой, хүч хэрэглэсэн үйлдлээр биед нь халдахгүй ч миний саналыг хүлээж авахгүй бол чамайг дэмжихгүй шүү гэж дарамтлах, оройн цагаа шалтгаангүй илүү цагаар ажиллуулах зэрэг юм. Гэтэл ажлын гүйцэтгэл муу атлаа удирдлагынхаа иймэрхүү хүсэл шаардлагыг биелүүлсэн хүмүүс давуу тал эдэлж, илүү боломж авч, тушаал дэвшээд байдаг. Энэ бүхнийг нөгөө хүнд илт мэдрүүлж буйг эс үйлдэл гэж ойлгоно. Ажлын байрны бэлгийн дарамт гэдэг ойлголт хууль зүйн хувьд 2015 онд анх Эрүүгийн хуульд орж ирсэн. Үүнээс өмнө манайд хуулийн зохицуулалт байгаагүй буюу бэлгийн дарамтыг гэмт хэрэг, захиргааны зөрчил, нийгэмд аюултай зүйл гэж хуульчлаагүй байсан. Энэ ганц манай улсын кэйс биш. Азийн олон орон саяхныг хүртэл ийм нөхцөл байдалтай байв.

Энэ хуулийн зохицуулалтыг 2017 онд Эрүүгийн хуулиас авсан. Шалтгаан нь таны яг асуусан эс үйлдэлтэй холбоотой асуудал байсан. Бэлгийн харилцаанд орох сэдлээ үг, үйлдэл болон бусад хэлбэрээр үүсгэх гэдэг хууль зүйн нэршил бүх төрлийн үйлдлийг хамруулаад гэмт хэрэгт тооцох болчих вий. Жишээ нь, хүн рүү харж байгаад нүд ирмэх нь ийм үйлдэлд тооцогдох уу? Янз бүрийн онигоо ярьвал энэ хуулиар гэмт хэрэгтэн болох уу гэхээр хуулийн ажлын хэсэгт дээр ажиллаж байсан хүмүүс өөрсдөө нэгдсэн ойлголтгүй байсан. Энэ бол шинэ ба хуучин систем, соёл, иргэншлийн зөрчил, ялгаан дунд явж байгаа асуудал. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ ойлголтын зөрүү нийгэмд маш хурдтай арилж байгаа.

Д.Түмэн-Өлзий: 

Ажлын байрны бэлгийн дарамтын тухай ойлголт манай нийгэмд маш сул байгаа. Жишээ нь, хамт олон дотор ижил түвшний албан тушаалтай атлаа нэг ийм шалиг, заваан яриатай ах хүү байлаа гэж бодоход тэрийг ажлын байрны бэлгийн дарамт гэх юм уу, үгүй юу? Эсвэл заавал өөрөөс нь өндөр албан тушаалтнуудаас ирж байгаа дарамтыг хэлэх юм уу? Хүмүүсийг соён гэгээрүүлэх тухай зөндөө зүйл ярьдаг ч үр дүнгүй байдаг. Тэгж байхаар манай цагдаа, хуулийнхан ямар кэйс дээр ямар арга хэмжээ авснаа нийтэд тогтмол мэдээлж баймаар байна. Цэцэг барьсан цагдаагийн постер сошиал дээр явуулж байснаас ийм арга хэмжээ авбал нийгэмд ажил нь илүү үнэлэгдэнэ. Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой гомдол гаргавал миний асуудал ч гэсэн ингэж шийдэгдэх юм байна гээд эмэгтэйчүүд ч өөртэй итгэлтэй болно. Ийм итгэл, үнэмшил байхгүй болохоор олон эмэгтэйчүүд цагдаа, хуулийн байгууллагад хандаж чадахгүй явж байгаа нь үнэн шүү дээ. Ийм учраас нийгмээ соён гэгээрүүлж, цагдаа, хуулийн байгууллага нь энэ асуудлаа ард иргэдэд сайн ойлгуулаад өгөөч гэдэг үүднээс би иргэн хүнийн хувиар, иргэний нийгмийг төлөөлж энэ нэвтрүүлэгт оролцож байгаа.

Бэлгийн дарамтанд өртсөн хүмүүс зоригтой асуудлаа босгож шийдүүлдэг системийг бүрдүүлэх ёстой. Ийм дарамтанд өртөөгүй хүн энэ асуудлыг бүрэн ойлгохгүй, хөндлөнгөөс хараад чимээгүй байх нь олонтоо. Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийн ойлголт, төлөвшил улс орны хөгжлөөс хамаардаг. Энд дунд байдаг хамгийн төвөгтэй нэг салаа мөчир энэ асуудал болов уу. Б.Энхбаяр гишүүн сая хэлж байна шүү дээ. Ажлын байрны бэлгийн дарамт гэдгийг тодорхойлох гээд нэгдсэн ойлголтод хүрч чадаагүй, магадгүй одоо ч чадахгүй хэвээр явж байгаа бололтой. Энэ асуудлаа тодорхойлж чадвал хүний эрхийн төлөө хийх маш том алхам болно. Хүний хөгжил, Монгол хүний дэлхийд өрсөлдөх чанарт хүртэл шууд нөлөөлнө. Тэгэхээр нийгэм рүү чиглэж олон нийтийг соён гэгээрүүлэх ажлыг сайн хийх хэрэгтэй байна.

А.Ариунзаяа:

-Нийгмийг соён гэгээрүүлэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Бэлгийн дарамт дөнгөж одоо үүсээд байгаа асуудал биш ээ. Илүү эрх мэдэлтэй нэгэн эрх мэдлээ ашиглан доод албан тушаалтан эсвэл сул дорой нэгэнд бэлгийн болон бусад дарамтыг тодорхой хэмжээнд үзүүлдэг кэйсүүд бишгүй. Улс орнуудын хөгжлийн түвшнээс хамаараад ажлын байрны болон ер нь бэлгийн дарамтын зохицуулалтууд хэрэгждэг. Дэлхийн 130 улс ажлын байрны бэлгийн дарамтыг хориглосон хууль, тогтоомж гаргасан байдаг. Манай улс 2011 онд анх “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай” хуулийг батласан. Үүгээр ажлын байрны бэлгийн дарамтыг хуульчилж оруулж өгч байсан. Дараа нь эрүүгийн хуульд бас оруулж өгсөн. Гэхдээ нэг ухралт хийсэн. Эрүүгийн хуулиас бэлгийн дарамттай холбоотой заалтыг гаргасан. Хуучин байсан эрүүгийн заалтыг сэргээх ёстой. Энэ асуудал дээр бид ажиллах хэрэгтэй.

Энэ долоо хоногт “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдаж байна. Энэ хуулинд тусгайлсан заалтуудыг оруулсан. Хуулийн механизмууд нь байгаа боловч амьдрал дээр хэрэгжихдээ тааруу байгаа. Ажлын байрны бэлгийн дарамтын тухай асуудлыг албан байгууллагууд хөдөлмөрийн дотоод журамд оруулах ёстой гэдэг агуулга хуулинд бий. Гэсэн нь ийм тохиолдол үүсвэл тухайн нэг компанийн хүний нөөцийн менежер ямар үе шатаар, ямар зохицуулалт хийх ёстой гэдэг анхан шатны мэдээллүүд нь дутмаг байдаг. Манай яам Хүний эрхийн үндэсний комисстой хамтраад хуулийн этгээдэд зориулсан жишиг дотоод журам боловсруулж байгаа. Үүнийг Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл хамтраад батлах ёстой. Хуучин эрүүгийн хуульд хатуу заалтууд байсныг авсан. Бэлгийн дарамт учруулах, биед халдах, хүчингийн хэрэг, тэвчишгүй байдалд оруулсан бол тэр үйлдлээрээ хорих ял хүртэл хүлээлгэдэг байсан. Эдгээр заалтуудыг эрүүгийн хуулинд эргэж оруулах шаардлага байгаа гэж үздэг.

Б.Энхбаяр:

-Сайдын хэлсэн дээр нэг тодотгол хийчихье. Бэлгийн дарамт гэхээр иргэдийн хувьд хүний наймаа, хүчин, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэргүүдийг бүгдийг нь нийлүүлээд ойлгочих гээд байдаг. Энэ үгнээс нь болоод. Харин хууль зүйн хувьд энэ бүхэн тус тусдаа гэмт хэргүүдэд тооцогддог. Бага насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орвол манай улсад бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг. Монгол Улсад бүх насаар нь хорих буюу хамгийн дээд ялтай таван гэмт хэрэг байдаг. Тэрний нэгд хүчингийн гэмт хэрэг ордог. Энэ чанга ялдаа тооцогдоно. Зарим хүмүүс цаазаар ав, эрхтнийг тасал гээд улам хүнд шаардлага тавьдаг. Бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гээд гэмт хэрэг бий. Үүнийг жишээгээр хэлбэл, яг бэлгийн харьцаанд орохгүй. Гэхдээ өвөр дээрээ суулгана, эсвэл харж байгаад хувцсыг нь тайлуулна гэх мэт. Харин бэлгийн мөлжлөг гэдэгт зохион байгуулалттай хүний наймааг хэлдэг. Энэ бол хүний биеийг үнэлүүлж ашиг олж буй үйл ажиллагаа.

Тэгвэл бэлгийн дарамт гэдгийг юу гэж ойлгож, томъёолох вэ? 2015 онд би дэд сайд болоход А.Ариунзаяа сайдын хэлээд байгаа эрүүгийн хууль батлагдсан байсан. Хууль үйлчлээд хариугүй хэрэглэгдэж эхлэх гэж байв. Энэ хуулийн ажлын хэсэг шүүх, прокурор, цагдаа, мөрдөгч, судлаач зэрэг хорь гаруй хүнээс бүрдсэн байв. Би нэг тохиолдолыг жишээ болгон асуугаад гэмт хэрэгт тооцох уу гэхэд хүн бүр өөр өөрөөр хариулсан. Хууль хэрэглэж яг ийм үйлдэл гаргасан хүнийг шоронд оруулах хувь заяаг алх цохиж шийдэх гэж байгаа хүмүүс өөрсдөө бэлгийн дарамтын ойлголтын талаар ийм зөрүүтэй байгаа нөхцөлд яаж хууль хэрэгжих вэ дээ! Харин ч хуулийн нугалаа гарах аюултай. Би бол айсан. Хүн рүү нүд ирмэх гэмт хэрэгт тооцогдох уу? Ажлын хэсгийн зарим гишүүд орно гэж байсан. Хүн жинхнээсээ дурласан байж болно, нэг ажлын хоёр залуу хүн хоорондоо хайр сэтгэлийн холбоотой болж болно. Үүнийг хуулиар зохицуулахгүй. Хүнийг жинхнээсээ шохоорхоод, үнэн сэтгэлээсээ дурлаад эргүүлж буй үйлдлийг бэлгийн дарамтаас яаж ялгах вэ? Тэгэхээр хамгийн гол асуудал бол хуулийн хэрэглээ дээр ажлын байрны бэлгийн дарамтад өртөж байгаа гэж итгээд тухайн хүн өөрөө тэрийгээ тодорхойлох юм билээ. Би хүсэхгүй байна, надад таагүй байна гээд. Гол шинж энэ. Үүний цаана нүд ирмэх, илж таалах олон үйлдлүүд орно. Бүсэлхийнээс дээш онигоо ярьвал орохгүй, доош онигоо бол бэлгийн дарамт мөн, тэдэн метр ойртож болно, болохгүй гэх мэтээр хатуу хэмжүүрүүд хуулиар тогтоох боломжгүй харилцаа юм байна гэж ойлгосон. Тиймээс дээр дурдсан шинжээр нь тодотгон хуульчлах боломжтой гэж үзэж байна.

В.Ганзориг:

-Дээрх шинж тэмдгээр хүн бэлгийн дарамтад орлоо гээд гомдол гаргавал тэрийг хэн, яаж нотлох ёстой вэ?

Б.Энхбаяр:

-Хуулийн байгууллага тогтооно.

А.Ариунзаяа:

-Энэ маш хэцүү асуудал.

Д.Сүнжид: 

Энэ асуудлыг иргэний нийгмийн байгууллагууд олон жил ярьж байгаа. 2018 онд Хүний эрхийн үндэсний комиссын хийсэн судалгаагаар судалгаанд оролцогчдын 97 хувь нь бэлгийн дарамтад өртсөн, төрийн захиргааны албан хаагчдын дунд саяхан хийсэн судалгаагаар 92 эмэгтэй ажлын байрны бэлгийн дарамтын улмаас хүчиндүүлэх гэм тэр гэмт хэргийн золиос болж, гурван эмэгтэй тутмын нэг нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн гэдэг судалгааны тайлан гарсан. Гэтэл ирсэн гомдол маш цөөхөн. Хамгийн ихдээ жилд есөн гомдол ирсэн байдаг. Яагаад ийм зөрүү гараад байна, бэлгийн дарамтад өртсөн хүмүүс яагаад гомдол гаргахгүй байна гэхээр сая энд ярьсан хууль, эрх зүйн сул талыг хэлдэг. Тэдний гомдлыг үр дүнтэй шийддэг механизм алга. Гомдол гаргаад явахаар янз бүрийн нэр хоч зүүх болдог, сэтгүүлчид тэднийг элдэв нэрээр дууддаг, хамт олон, олон нийт буруутгадаг гээд. Гэтэл ажил дээр нь бэлгийн дарамт учруулагч этгээд хэвээрээ ажлаа хийсээр л байдаг.

Энэ бүх судалгаан дээр 10 хүртэлх хувь нь ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн тухай гомдол гаргаснаас ердөө нэг хувь нь л асуудлаа шийдүүлж чадсан. Тэгээд эрхээ сэргээсэн гэж хэлээд байгаа юм. Хүний эрхийн үндэсний комиссоос энэ төрлийн хэргийг Эрүүгийн хуульд заавал гэмт хэрэг болгож үзээч ээ гэж шаардаж байгаа. Энэ нь гэрч, хохирогчийг хамгаалахтай шууд холбоотой юм. Одоогийн хуулиар хохирогч болсон нь тогтоогдсоны дараа хамгаалах тогтолцоотой. Гэмт хэрэг үйлдэгчид хариуцлага хүлээлгэхийн сацуу хохирогчийг хамгаалах асуудлыг заавал цуг авч явах ёстой. Хандлагын судалгаагаар олон хүн ажлын байрны бэлгийн дарамтад өртдөг атлаа гомдол гаргаж явдаггүй шалтгаан нь энэ. Хохирогчийг хамгаалахад цагдаагийн хамгаалалтаас гадна гомдлыг хянан шийдвэрлэж дуусах хүртэлх хугацаанд ажлын байрыг нь хадгалах, хувийн нууцыг нь хамгаалах асуудлууд яригддаг. Манайд энэ талын зүйл огт байхгүй.

А.Ариунзаяа:

-Эмэгтэйчүүдийг буруутгах хандлага элбэг байдаг. Өөрөө л сээтэгнэсэн биз гэх зэргээр. Яг шийдвэр гаргах түвшинд, удирдлагын түвшинд байгаа хүмүүсийн дийлэнх нь эрэгтэйчүүд байгаа учраас ийм асуудал үүсдэг. Эмэгтэйчүүд гомдол гаргаад ирэхээр эмэгтэйгээ буруутгаад, бүр хохироогоод өөр ажилд шилжүүлдэг. Гэтэл нөгөө дарамт үзүүлдэг удирдлагын түвшний хүн нь ажилдаа хэвээрээ үлддэг. Хувийн хэвшилд ажилладаг эмэгтэй хүний компанийн захирал бэлгийн дарамт үзүүлэгч этгээд байвал тэр эмэгтэй хаана хандах ёстой вэ? Тэр хүн ажлаасаа гарахаас өөр аргагүй. Өөр сонголт байхгүй. Бэлгийн харьцаанд орсон бол энэ бэлгийн дарамт биш хүчингийн гэмт хэрэг гэдгийг нь эмэгтэйчүүддээ маш сайн ойлгуулах хэрэгтэй байгаа.

В.Ганзориг:

-Улс төрийн албан тушаалтнуудад хуулийн хариуцлага тооцох ямар ч зохицуулалт байхгүй гэсэн үг үү?

Б.Энхбаяр:

-Хамгийн дээд хууль нь ёс зүйн хариуцлага. Улстөрчдийн хувьд улс төрийн ёс зүйн хариуцлага гэсэн үг. Энэ бол тухайн улстөрч хүн өөрийнхөө ухамсараар хүлээх хариуцлага. Ёс зүй болгоныг хуульчилж болохгүй. Угаасаа ч дийлэхгүй. Би ингэхийг буруу гэж үздэг.

Д.Түмэн-Өлзий:

-Ерөөсөө нийгмийн хариу урвалаар шийдэгддэг гэж хараад байгаа.

Б.Энхбаяр:

-Тэр хүн хариуцлага хүлээхгүй гээд гүлдийгээд гүрийгээд байвал яах вэ? Тэр нөхцөлд тэр улстөрчтэй цуг түүнийг сонгосон сонгогчид ба төрийн нэр хүнд унадаг. Үүний цаана төрийн дархлаа, нэр хүнд, хууль хүлээн зөвшөөрөгдөх асуудал босдог. Хууль албадлагагүйгээр өөрөө биелэгддэг байх нэр хүнд унадаг. Хууль тогтоогч хүн өөрөө хуулиа сахихгүй бол ийм л байдал үүснэ.

А.Ариунзаяа:

-Улс төрийн албан тушаал дээр аливаа улс төрийн намаас сонгогдсон хүмүүс байдаг. Бие даагчийг эс тооцвол шүү дээ. Тиймээс улс төрийн намууд гишүүндээ ёс зүйн хариуцлага хүлээлгэх механизмуудтай, тэдгээр нь ажилладаг байх ёстой. Сүүлийн жишээн дээр МАН энэ механизмаа ажиллуулсан. Түүнтэй адилхан бусад улс төрийн намууд ч гэсэн ёс зүйн өндөр мэдрэмжтэй байх, иргэд сонгогчдын зүгээс байнга нэхэж шаарддаг байх хэрэгтэй. Бүх нийтээрээ л хандлагаа өөрчлөх хэрэгтэй байгаа.

Б.Энхбаяр:

-А.Ариунзаяа сайдын дурдсан Хөдөлмөрийн тухай хууль гээд гурван парламент, таван засгийн газар дамнан 22 жилийн дараа хийгдэж байгаа маш том шинэтгэл сая УИХ-аас гарлаа. Хөдөлмөрийн энэ шинэ хууль дээр анх удаа бэлгийн дарамтыг тодорхойлж өгсөн. Энэ хууль төр, хувийн хэвшил, хувь хүн бүгдэд нь хамаарна. Энэ хуулийн хариуцлага нь эрүү болон зөрчлийн хуульд нэмж сууж өгнө. Ирэх долоо хоногт Хууль зүйн байнгын хороогоор яг энэ асуудлыг хэлэлцэнэ.

Д.Сүнжид:

-Хамгийн гол нь үүнийг гэмт хэрэг гэж үзэх нь чухал.

Б.Энхбаяр:

-Зарчмын хувьд гэмт хэрэг гэж үзнэ. Дээр бид хүмүүсийн ялгаатай ойлголтын тухай ярьсан. Үүний цаана ялгаатай үйлдлүүд байдаг. Яг зарим нь бол үнэхээр тийм манъяк, садист шинжтэй, олон жил хийгээд зуршил болсон, бараг өвчин ч юм шиг. Харин зарим нь магадгүй шохоорхол. Энэ асуудал анх байнгын хороон дээр яригдахад би ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргилоос асуугаад шоолуулж байсан юм. Асуулт нь шохоорхох ба сээтэгнэх хоёрыг ялгасан уу гэж. Гадны улсууд ялгадаг юм билээ. Шохоорхол нь дурлал, хайр тал руугаа буюу гэм буруугийн санаа, сэдэл байхгүй гэж үздэг. Зориуд санаатай хүнд бэлгийн дарамт учруулъя гэж бодож төлөвлөөгүй гэсэн үг. Энэ бол санаа сэдэл нь.

Д.Түмэн-Өлзий:

-Эмэгтэй хүнийг болзооонд урихдаа болзоонд явъя эсвэл буудал оръё гэдгийг ялгаа юу?

Б.Энхбаяр:

-Энэ хууль дээр бүр ингэж орсон байгаа шүү. Зөвхөн үг үйлдэл биш цахим орчинд цахим хэлбэрээр, мессежээр хийх бүх үйлдлүүд тооцогдоно. Саяхан постон дээр нь зүрх дарлаа гээд нэг гэр бүлийн асуудал үүссэн. Зарим апп дотор лайк гэж байдаггүй зөвхөн зүрх дарах сонголт байдаг. Тэрнээс нь болж арав гаруй хоногийн өмнө яахаараа чи манай эхнэрийн юман дээр зүрх дардаг юм гээд зодоон цохион болсон кэйс гарсан. Иймэрхүү тохиолдлууд гардаг. Тэгэхээр энэ асуудал их нарийн юм билээ. Үүнээс хамаарч зөрчил эсвэл эрүүгийн хуулиар хариуцлага тооцох хуулийн хэрэглээнүүд гарна.

А.Ариунзаяа: 

Энэ сэдвийг хөнгөн ярих ёсгүй. Тэвчишгүй байдлыг бий болгосон, бодитой дарамт үүсгэсэн эсэх дээр анхаарах ёстой. Тэгэхгүй бол арван секунд нүд рүү нь харсан гэх мэтээр эргүүлээд маазарсан хэлбэр рүү оруулах гээд байдаг. Хошин яриа, бохир онигоо гэхээс илүү тухайн хүнийг үнэхээр сэтгэлийн дарамт, бүр тэвчишгүй байдалд оруулж байгаа тэр кэйсүүдийг хамгийн түрүүнд гэмт хэрэг гэж тооцох ёстой.

Б.Энхбаяр: 

Нөгөөх нь бол зөрчил. Автобусанд явж байгаад янз бүр болоод байвал зөрчил. Торгуулийн шийтгэлтэй. Ингэж ялгалгүй бүгдийг нь нэг уутанд хийхээр нөгөө автобусанд явж байгаа хүнийг шууд шоронд хийх болчихдог. Үйлдэлд нь ял чангадах гээд байдаг. Нөгөө бүр тэвчишгүй орчин үүсгээд, шууд үйлдэл хийхгүйгээр дарамттай байдлыг бий болгодог манъякийн хувьд ял нь хөнгөдөх болдог. Ийм кэйсүүдийг заавал ялгах ёстой.

Д.Сүнжид: 

Хоёр зүйл дээрх анхаарах ёстой. Нэгт, маазраа, тоглоом шоглоом болгох замаар энэ сэдвийг ач холбогдолгүй болгодог асуудал гардаг. Үүнээс урьдчилан сэргийлэх ёстой. Хоёрт, энэ хэргийг ашиглан хэн нэгнийг гүтгэх, хэргийн нэр барьж хуулийн хамгаалалтыг буруугаар ашиглах эрсдэл. Эдгээрийг яг таг тогтооход хэцүү хэдий ч ийм нөхцөлд байдлыг хэвээр нь үлдээж болохгүй. Ямар нэг арга хэмжээ хариу авах ёстой. Тэр нь хууль эрх зүйгээсээ л эхлэх учиртай.

Б.Энхбаяр: 

Пентхаус зэрэг түмэн зүйлийн сэдэлтэй кино үзсэн хүмүүс бусдыг чадах зорилгоор буруу үйлдэл хийх вий. Шууд утгаар нь хэлээгүй ч ийм боломжийг хуулиар олгож болохгүй гэдэг санаа шүү.

В.Ганзориг:

-Соёлын гавьяат зүтгэлтэн Амбасэлмаа гуай ярьж байсан. Цэргийн дарга хүн гэрт нь ирээд янз бүр болохгүй хоноход нь баярлаад, хүндлээд, үнэлээд шууд дурлаж байсан гээд. Тэр үетэй харьцуулахад олон зүйл эерэг тал руугаа өөрчлөгдөж байгаа ч бэлгийн дарамтанд өртсөн хүмүүс яагаад ийм бага хувьтай гомдол гаргасан хэвээр байна вэ?

А.Ариунзаяа:

-Тооцоо судалгаа, хууль эрх зүйн зохицуулалтууд багадаагүй. Гагцхүү мэдлэг, мэдээллээр иргэдийг бүрэн дүүрэн хангаж байна уу гэдэгт асуудал байна. Би өмнө нь Статистикийн газрын даргаар ажиллаж байсан учраас зарим нэг тоо хэлье. Жендерт суурилсан хүчирхийллийн судалгааг бид хийсэн. Тэгэхэд эмэгтэйчүүд бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртөж буйгаа, энэ бол буруу зүйл гэдгийг төдийлөн мэддэггүй гэдэг дүр зураг гарсан. Энэ нь бурангуй соёл, хуучны ойлголтуудтай холбогддог. Гэр бүлийн хүчирхийлэл газар авсан. Үүнд боловсрол, албан тушаалын ялгаа гэж байдаггүй. Хүчтэй нь хүчгүйгээ, эрх мэдэлтэй нь мэдэл багатайгаа дарамтлан тэвчишгүй байдалд оруулж байгаа үйлдлүүд юм. Иймээс аль болох олон сургалт, ийм байх ёсгүй юм шүү гэдэг хандлагын өөрчлөлтөд чиглэсэн ажлуудыг хийх, олон нийтэд мэдлэг, мэдээлэл түгээж байж арай өөрөөр хөгжих боломж бүрдэнэ.

Д.Түмэн-Өлзий: 

Иргэд мэдээлэлгүйгээс болоод нэгэн тусгай сургуулийн захирал сурагч нартаа бэлгийн дарамт үзүүлчихээд дараа нь “Би бэлэг өгөөд байсан чинь хүүхдүүд тэгээд ойлгосон байна лээ” гэж биднийг улсаар нь доромжилж хаячихаад одоо буцаад ажилдаа орсон сурагтай байна лээ. Яагаад ч хүлээж авч болохооргүй ийм зүйл болоод байна шүү дээ. Шууд буруутан нь хуулийнхан болох байх. Энэ хэргийг шалгасан улсууд холбогдох байх. Энэ талаар дахиж сэргээж, чанга хашгирмаар байдаг. Нөгөө талаар дахиад нэг буруутан нь энэ хэргийг юу ч болоогүй мэт зүв зүгээр хүлээн авч буй манай нийгэм. Юун сүртэй юм, ийм юм байж байдаг шүү дээ маягийн юм яриад харагдаад байгаа биз дээ?

А.Ариунзаяа:

-Тэгэхээр соёл, урлаг, кино, нийтлэл, сэтгүүлчид, олон нийт, иргэний нийгмийн байгууллага бүгд нэгдсэн нэг ойлголттой байж гэмээнэ нэг чиглэл рүү явна. Бага байхдаа үзэж байсан кинонуудыг одоо эргээд бодохоор ажлын байрны бэлгийн дарамт, хүчирхийллийг үзүүлдэг байсан гэж хардаг.

Б.Энхбаяр: 

Бид нар өөрсдөө эхлээд өөрчлөгдөж байж энэ бүх асуудал арилна. Цаг хугацаа, нийгмийн хөгжлийн үе шатаас хамаарах мэт боловч энэ өөрчлөлт хурдтай хийгдэж байна.

Д.Түмэн-Өлзий:

-Гэхдээ ямар ч нөлөөнд автахгүй, хатуу итгэл үнэмшилтэй, яагаад ч өөрчлөгдөхгүй байх гэмээр нийгмийн бүлэг байсаар л байгаа шүү.

Б.Энхбаяр:

-Стокгольмын синдром гэж байдаг. Үүнийг шинжлэх ухаанаар баталсан. 1980-аад онд банк дээрэмдсэн нөхдүүд хүмүүс барьцаалсан. Хэд хоногийн дараа барьцаанд байсан хүмүүс нөгөө гэмт хэрэгтнүүддээ дурлаж, бүр дотно харьцаанд орж, гэмт хэрэгтнүүдийг хамгаалан тусалж байсан түүх бий. Энэ кэйсийг сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс судлаад өвчин гэж тодорхойлсон. Үүнтэй төстэй явдал олон юман дээр тохиолдсон байдаг. А.Ариунзаяа сайд сая хэллээ шүү дээ. Олон жилийн турш хүчирхийлэлд өртөж, бэлгийн дарамтанд орсон хүмүүс үүнийгээ хэвийн буюу зүй ёсны гэж хүлээж авдаг болдог. Зүй бус үйлдлийн хажууд инээгээд л суугаад байдаг. Үүнтэй адил яг энэ асуудал дээр манай нийгэмд шинэ, хуучны тулаан болж байна.

В.Ганзориг:

-Судалгаан дээр эмэгтэйчүүдийн насны зөрүүнээс хамаарч ажлын байрны бэлгийн дарамтын талаар ялгаатай дүгнэлтүүд гарсан байсан.

Д.Сүнжид:

-2020 онд 3000 эмэгтэйн дунд хийсэн судалгаагаар 50-иас дээш насны эмэгтэйчүүд бэлгийн агуулгатай хошигнолыг хэвийн зүйл гэж үздэг бол 30 хүртэлх насны эмэгтэйчүүд энэ талын ойлголт муутай байдаг нь батлагдсан. Энэ тухай А.Ариунзаяа сайдын хэлдэг зөв. Харин бэлгийн харьцаанд орохыг завдах тухай асуудлыг байж болохгүй гэж бүгд хэлсэн. Иймээс нас, хот, хөдөө, ажиллаж буй салбарт зориулж цэгцтэй мэдлэг, мэдээлэл өгөх шаардлагатай байгаа. Тухайлбал, биеийн тамирын салбар ямар онцлогтой юм, соёл урлагийнхан яадаг юм, төрийн захиргааны алба, хууль хяналтын тусгай салбарын онцлог юу билээ гэх мэт. Эдгээр хүмүүст зориулж, тэд нарын онцлогийг тусган ажлын таны бэлгийн дарамтын асуудлыг зохицуулах шаардлагатай.

Б.Энхбаяр:

-Хууль батлах амархан. Тэр хууль дээр ямар ч ял шийтгэл бичиж болно. Хамгийн гол нь хууль хэрэгжүүлэх. Жишээ нь, мөрдөн байцаагчийн толгой дотор уг хууль нутагшаагүй байвал тэгээд л дуусаа гэсэн үг. Ажлын байрны бэлгийн дарамтанд ороод гомдол мэдүүлээд ирж буй эмэгтэйг “Чи одоо юун сүртэй юм” гээд явуулбал яах билээ? Энэ нөхцөлд тэр эмэгтэй давхар шоконд орно. Дахиж тэр хүн хэзээ ч төрд хандахгүй. Энэ мэтээр бүр ноцтой асуудал үүснэ. Тийм учраас энэ асуудлыг шалгадаг мөрдөгч, шүүдэг шүүгч нь хүртэл тусгайлан бэлтгэгдэх ёстой.

Манайд ийм тохиолдол гарч байсан. Энэ бол шүүх хурал дээр болж байсан явдал. Нэг гэр бүлийн хоёр маргалдаад салах болоод шүүх дээр очин хамаг амьдралаа ухаж төнхсөн. Эцэст нь нөхөр нь “Манай энэ эхнэр ёстой бүтэхгүй. Миний оймсыг ч угааж өгдөггүй” гэж хэлэхэд хурал шүүж байсан эмэгтэй шүүгч “Чи одоо оймсыг нь угаагаад өгчихөд яадаг байна аа” гэж хэлээд шүүгч нь өөрөө хувь хүнийхээ хувьд хохирогчийн дүрд ороод, нөхрийнх нь талд ороод явчихсан. Уг нь шүүгч хүн аль ч талд орох ёсгүй шүү дээ. Шүүгч хүн ингэж болохоор нөгөө эмэгтэй маань маш болчимгүй үйлдэл гаргасан хүн болж хувирч байгаа юм. Ийм асуудалд орохооргүй дархлаатай сэтгэл судлаач, шүүгч, мөрдөгчийг бид бэлдэх ёстой.

Д.Сүнжид:

-Үнэн. Гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтын хэрэг дээр мөрдөн байцаагчид бусад хулгай, дээрмийн хэрэгтэй адилхан коридорт сууж байхад нь нэрээр нь, гомдол гаргасан хэргээр нь олны өмнө цоллож дуудна. Ганцаарчилсан мэдүүлэг авч болсон үйл явдлыг нь дахин дахин яриулна. Энэ бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогчид их хүнд тусдаг. Тиймээс цагдаа, мөрдөгч, шүүхийнхнийг мэргэшүүлэх шаардлагатай.

Б.Энхбаяр:

-Цагдаагийн байгууллага ажлын байрны хүчирхийлэл ихтэй газар. Сэтгэл зүйн хувьд тийм орчинтой. Цагдаагийн байгууллагаас гарсан эмэгтэйтэй би ажлын ярилцлага хийж үзэж байсан. Яагаад цагдаагийн ажлаасаа татгалзаж байгааг нь асуухад ажлын байрны бэлгийн дарамт гэж хариулсан. Би яаж ч тэмцээд цагдаагийн байгууллага дотор байгаа энэ системийг ялж чадахгүй. Би нэр хүндээрээ хохироод дуусна. Нөгөө хүмүүс юу ч болоогүй мэт ажлаа хийсээр л үлдэнэ. Би учраас би ажлаасаа гарсан гэж хэлж байсан.

Д.Түмэн-Өлзий: 

Төрийн албанаас л иймэрхүү яриа сонсогдох гээд байдаг шүү дээ. Хувийн байгууллага бол ажлыг нь хаяад явчих байх. Тэгвэл тангараг өргөдөг төрийн албан хаагчдын тангарагт нь бэлгийн дарамт үзүүлэхгүй гэж оруулбал яадаг юм бол? Ийм болж чадвал нийгэмд том дохио өгнө. Шинэ Ерөнхийлөгч тангараг өргөлөө шүү дээ сая жишээ нь. Нийгмийн соён гэгээрэл гэж бид хэчнээн ярьж байгаа ч энэ удаан хугацааны хүнд процесс болно. Маш сайн контент хэрэгтэй. Сургалт хийхэд 20 эмэгтэйн 19 нь утсаа оролдоод суучихдаг. Иймэрхүү ажил хийгээд үр дүнд хүрэхгүй байгаагаа бид хүлээн зөвшөөрмөөр байна.

А.Ариунзаяа: 

20 хүнээс нэг хүн нь ч гэсэн хамаагүй сонсох л байхгүй юу. 20 хүн нэг дор цуглуулан мэдээлэл өгч байна гэдэг нь өөрөө амжилт. Тэгэхээр бид мэдлэг, мэдээллүүдээ уйгагүй өгөөд хандлагын өөрчлөлтөд чиглэсэн сургалтуудаа тогтмол хийх ёстой. Ингэж байж норм журам өөрчлөгдөж, хууль батлагдаж, шинэ соёл үүснэ.

Д.Түмэн-Өлзий:

-Маш сайн контент байгаасай гэдэг санаа шүү. Урлаг дотроос хамгийн шилдэг нь кино гэж ярьдаг. Баримтат, уран сайхны, олон ангит кинонууд хийе. Гадаадын баримтат кино орчуулж гаргая. Үүнийг нь улс, хувийн телевизүүд дэмжээд ажиллаасай, байнга давтан гаргаасай. Энэ асуудал дээр өвөрмөц өнцөг оруулах цаг болсон. Залуучууд гоё ажил сэдээд хийдэг болсон. Тэд нарынхаа хүчийг авч ашиглая. Яг үнэндээ нийгмийн соён гэгээрлийг тогтмол явуулах гэхээр мөнгө санхүүгийн асуудал гардаг. Энэ хүнд үед хувийн хэвшлийнхэн мөнгөө өөрт нь шууд хамааралгүй зүйлд зарцуулахгүй. За тэгвэл төр үүнийг яаж хийдэг вэ? Төрийн хийж байгаа ажил болгон хангалттай чанартай байдаг уу гэвэл маргаантай.

В.Ганзориг:

-Хуулиар бүх юмыг зохицуулж болохгүй гэж ярьж байна. Төрийн албан хаагчдын тангараг дотор бэлгийн дарамт үзүүлэхгүй гэж оруулъя гэдэг шиг даргын өрөө, арын өрөөг нь шилэн болгох соёл руу орж, үүнд уриалбал яах уу?

Д.Түмэн-Өлзий:

-Хөтлөгч та нэвтрүүлэг бичдэг энэ өрөөн дотроо бусдад бэлгийн дарамт үзүүлэх ямар ч боломжгүй юм байна.

Б.Энхбаяр:

-Шилэн юм чинь.

А.Ариунзаяа: 

Бэлгийн дарамт зөвхөн оффис буюу харагдах байдлаар хийгдэхгүй. Цахимаар, мессежээр, үг хэлээр явдаг шүү.

В.Ганзориг:

-Хүний албан тушаал ахих тусам бусдад бэлгийн дарамт учруулах магадлал өсдөг судалгаа харагддаг. Байгууллагын дотоод журамд энэ асуудал хангалттай суугаагүйгээс ийм тохиолдлууд гарсан хэвээр байна уу?

Д.Сүнжид: 

Сурталчилгаа, мэдээлэл, сургалт хэрэгтэй гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ дэлхий нийтийг харахаар хамгийн эхний ээлжийн хамгаалалт хууль байдаг. Иймээс ямар ч нөхцөлд хуулийг боловсронгүй болгохын төлөө үргэлж явах ёстой. Тухайлбал, Төрийн албаны тухай хууль дээр улс төрийн, сонгогддог албан тушаалтнуудын хувьд ёс зүйн дүрэм батлана гээд нэг өгүүлбэр оруулж болно. Ийм агуулгуудыг одоо баталж буй хуулиуд дээр оруулах хэрэгтэй. Нэмээд Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс зөвлөмж болгож хэлж буй нэг зүйл байгаа. Тэр нь төрийн албаны удирдах албан тушаалтнуудыг ажилд ормогц нь энэ төрлийн сургалтыг заавал хийдэг болох, ажлын байрны бэлгийн дарамтын тухай мэдээлэл, агуулга оруулах юм.

Мөн өмнө нь гарсан кэйсүүдийг ярьдаг болъё. Ийм ийм кэйс гарч тэр нь комисс, шүүх, цагдаагаар ингэж шийдэгдсэн. Тиймээс ийм үйлдэл, эс үйлдэл гаргаж болохгүй, гаргавал та бүхэнд ийм хариуцлага тооцно гэдгийг ойлгуулах хэрэгтэй байна. Ийм сургалтыг удирдах албан тушаалтнуудаас эхлэе гэдэг саналыг тавиад ажиллаж байна. Төрийн албаны зөвлөл энэ дээр хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Хувийн хэвшил, ажил олгогчдод одоо гарах гэж буй Хөдөлмөрийн хууль тус болох учиртай. Энэ хуулиар байгууллагын дотоод журам, хэм хэмжээнд ажлын байрны бэлгийн дарамтыг тусгахаас гадна хянан шийдвэрлэх нэгж, ёс зүйн зөвлөл хороог байгуулахаар байгаа. Мөн гомдол гаргах боломжийг нь хүмүүст хэлж сурталчлах, ийм асуудал гарвал ийм хугацаанд энэ рүү хандана шүү, таны хувийн нууцыг хадгална аа гэх зэргээр зохион байгуулахгүй бол тохиолдол гарвал хаашаа хандахаа мэддэггүй гэдэг хариулт судалгаанд нэлээд гарсан.

Өөрөөр хэлбэл, хаашаа хандах, үе шатыг нь тодорхой болгоод, араас нь эдгээр мэдээлэл сурталчилгааг тогтмол хийх ёстой. Мөн зорилтот бүлгээ тодорхойлох ёстой санагддаг. Бүх кэйсийг нийтэд ил гаргаад тавьчихаар гүйцэд үр дүнд хүрдэг гэдэгт би эргэлзэж байгаа. Олон жил дарааллан хийсэн энэ их судалгаа, мэдээллээ ашиглаад төрийн албан хаагчдад зориулаад юу хийх ёстой, хувийн хэвшил, хүнд үйлдвэрийн салбар, боловсролын салбарт ямар аргах хэмжээ авах уу гэх зэргээр зорилтот бүлгүүдийг онцлогоор нь ялгасан байдлаар мэдээлэл хүргүүлбэл зүгээр гэдэг саналтай байна.

А.Ариунзаяа: 

Ажлын байрны бэлгийн дарамтыг хэн үзүүлж байна вэ гэхээр миний тодорхойлолтоор харанхуй, бүдүүлэг, хуучинсаг үзэлтэй хүмүүс. Шинэ, орчин цагийн залуу бэлгийн дарамт үзүүлээд явж байна уу? Үгүй л байхгүй юу. Шинэ, хуучны тулаан болж байна гэж Б.Энхбаяр гишүүний хэлсэнтэй санал үнэхээр нэгдэж байна. Бид бугшсан энэ хуучин системийг эвдэх ёстой. Мөн дээрээс нь удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийг түлхүү дэмжих ёстой. Ингэж байж ажлын байрны бэлгийн дарамт буурна.

Д.Түмэн-Өлзий:

-Хөөе тэр хүчингийн хэргийн хохирогч Чимгээ ороод ир гээд цагдаа, мөрдөгч нар баахан хүний дунд дууддаг бололтой юм. Энэ мэт төрийн үйлчилгээ маш богино хугацаанд сайжрах ямар арга зам байна вэ?

Б.Энхбаяр: 

Улс төрийн манлайлал их чухал юм билээ. Та бүхэн сайн анзаарвал Хууль зүйн сайдаасаа хамаараад цагдаа нар их амархан өөрчлөгддөг. Тэмүүжин болон Нямдорж сайдын үеийг анзаараад хараарай. Юм их амархан өөрчлөгддөг юм билээ. Энэ бол цэвэр хандлагын асуудал. Иймээс би улс төрийн манлайлал гэж хэлээд байгаа юм. Улстөрчид өөрсдийн үйлдэл, манлайллаараа бусдад үлгэрлэх ёстой.

Тухайн мэргэжлийг бэлтгэх сургалтын стандарт хөтөлбөр гэж байдаг. 2017 онд олон улсын байгууллагаас техникийн туслалцаа аваад Дотоод хэргийн их сургууль дээр мөрдөгч нарыг бэлтгэж байгаа сургуулийн хөтөлбөрийг шинэчилж, хүчирхийллийн эсрэг илүү мэргэшсэн тусгай онцлогтой сургалт байх ёстой гэж баталсан. Тэр хөтөлбөрийн дагуу сургалт, хичээл нь одоо ордог.

В.Ганзориг:

-Ийм сургалтыг арван жилийн боловсролоос нь эхлэх ёстой байх. Тийм үү?

Б.Энхбаяр: 

Ер нь бол аав, ээжээс эхлэх ёстой. Манайхан ингээд сургуульд нэг хичээлд орчихоор хүүхэд нь ухаантай, хүмүүжилтэй болох мэт итгэдэг. Энэ худлаа. Бүх аав, ээжүүд хүүхэддээ сайн үлгэр жишээ үзүүлэхээс бүх юм эхэлнэ.

В.Ганзориг:

-Ариунзаяа сайд аа, энэ асуудал дээр танай яам манлайлж ажиллавал зорилтот бүлэгт илүү сайн хүрэх биш үү? Энэ тал дээр төлөвлөж байгаа ажлууд юу байна вэ? Бусад байгууллага, салбар, хувь хүмүүсээс ямар дэмжлэг, хамтын ажиллагаа шаардлагатай байна?

А.Ариунзаяа:

-Жендерт суурилсан хүчирхийлэл дотор ажлын байрны бэлгийн дарамт багтаж ордог. Жендерийн үндэсний хороо гэж байгуулагдаад манай яамны эрхлэх хүрээнд байсан. Одоо бүр тусгайлан гаргаад Ерөнхий сайдын дэргэд очсон том хороо байгаа. Жендер гэж хүйсийн эрх тэгш байдлыг хангах тухай ойлголт шүү дээ. Хүйсийн ялгаанаас үүдэлтэй аливаа дарамтуудыг үгүй болгох зорилгоор олон талыг оролцуулсан ийм хороо ажиллаж байна. Манай яамны хувьд шинэчлэгдэн гарч буй Хөдөлмөрийн тухай хуулиа хэрэгжүүлэх, сурталчлах ажлыг хийнэ. Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэл гэх мэт олон байгууллагуудтай хамтарч ажиллана. Түүнчлэн Хүний эрхийн үндэсний комисстой бид хамтраад жишиг журам боловсруулж байна. Байгууллага болгон өөрийн дотоод журамдаа ажлын байрны бэлгийн дарамтын хохирогч болсон хүн хаана, яаж хандах ёстой зүйл заалтуудыг нь задлан боловсруулж жишиг болгохоор ажиллаж байна. Эрэгтэй хүн ч гэсэн хохирогч байж болно. Ерөөсөө тэвчишгүй байдлыг бий болгож байгаа тухайн эрх мэдэлтэнтэй хэрхэн тэмцэж, яаж өөрийн эрх ашгийг хамгаалуулах вэ гэдэг зарчим дээр суурилна.

В.Ганзориг:

-Хохирогч эрх ашгаа хамгаалуулахаас гадна энэ хуулиар дарамт, хохирол учруулсан этгээдэд хариуцлага тооцох боломжтой юу?

А.Ариунзаяа:

Ажлын байрны бэлгийн дарамттай болоод хөдөлмөрийн харилцааг зохицуулсан заалтууд нь бүгдээрээ орж байгаа. Нарийвчилсан дүрэм журмуудыг гаргах нь байгууллагын үүрэг.

Б.Энхбаяр:

-Гол ач холбогдол нь энэ шинэ Хөдөлмөрийн хууль дээр бичээд өгчихөж байгаа юм. Ямар үйлдлийг бэлгийн дарамтад тооцох вэ гээд шинжүүдийг нь тодорхойлж, хүний ийм ийм үйлдлүүдийг бэлгийн дарамт гэж үзнэ, хориглоно шүү гэж томъёолсон.

В.Ганзориг:

-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой шинээр мөрдөгдөх гэж хуулийн зохицуулалт дээр хэр сэтгэл хангалуун байна вэ?

Д.Сүнжид:

-Хөдөлмөрийн тухай хуулийг боловсруулах УИХ-аас байгуулсан ажлын хэсэг Хүний эрхийн үндэсний комиссоос санал авсан. Бид хуулийн найруулга, дагаж гаргах зөрчлийн болон эрүүгийн хууль дээр саналаа өгсөн. Цаашдаа хуульчид, хууль тогтоогчид, хэрэглэгчдийн анхаарах ёстой зүйл бол хохирогчийн хамгаалал, аюулгүй байдал, сэтгэл санааны хохирлын асуудал. Зөвхөн ийм төрлийн гэмт хэрэг бус нийтээрээ энэ асуудал Монголд хангалтгүй байгаа. Гадны улсуудад ажлын байрны бэлгийн дарамтанд өртсөн хохирогчийн сэтгэл санааны хохирлыг үнэлэн буруутай этгээдээр төлүүлдэг. Өөрөөр хэлбэл цогц шийтгэл хүлээлгээд зогсохгүй ахиад чи энэ хүний сэтгэл санаанд хохирол учруулсан тул төлбөр төлөх ёстой. Энэ гэм хорын асуудал дээр бид цаашаа ахих ёстой.

Дахиад нэг анхаарах ёстой зүйл бол хохирогч хамгааллын асуудал. Зөвхөн энэ төрлийн гэмт хэрэг ч биш бусад гэмт хэргийн төрлүүд дээр хохирогч хамгаалал, ялангуяа нэр төр, алдар хүндийн асуудал хулгай, бусад гэмт хэргийн хохирогчоос өөр байдаг. Иймээс энэ асуудал дээр бид цаашаа оролцоод явах учиртай. Хувийн хэвшлийг хамруулсан хангалттай судалгаа байдаггүй. Иймээс 2021 онд ажлын байрны дарамтын тухай судалгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран үндэсний хэмжээнд хийхээр Хүний эрхийн үндэсний комисс төлөвлөж байна. Энэ судалгааг хийснээр төр, хувийн хэвшил, хот, хөдөөд ямар дарамт, хаана нь илүү байдаг ялгаа тод гарч ирнэ. Энэ ярилцлага ажлын байрны бэлгийн дарамт дээр төвлөрлөө. Үүнээс гадна ажлын байрны дарамт гэж бий. Тэр нь ялангуяа эрэгтэй ажилчдын тухайд. Ажилчдаа цохиж, зодож байгаа бичлэгүүд сошиалаар яваад байгаа. Үүнийг бид судалгаагаар гаргаж ирнэ.

А.Ариунзаяа:

-Хөдөлмөрийн тухай хуулинд одоо орж байгаа заалтыг би уншаад өгье. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд эрүүгийн хууль, зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Тэгэхээр сахилгын шийтгэл оноогоод зогсохгүй эрүү, зөрчлийн хуулиар хариуцлага хүлээнэ гэсэн үг. Д.Сүнжид доктор сая хэллээ. Зөвхөн бэлгийн дарамт биш ажлын байрны дарамт гэдэг ухагдахуунаар орж ирж байгаа юм. Энэ асуудал төрийн албанд их том байдаг. Яагаад гэвэл үеийн үед, одоог хүртэл улс төрийн зорилгоор төрийн албыг сэлгэн томилж, чөлөөлдөг. Төрийн албан хаагчдад энэ дарамт маш өндөр байдаг. Төрийн албаны тухай хуулиар үүнийг тодорхой хэмжээнд хамгаалахыг оролдож тодорхой заалтууд орсон. Гэхдээ өөрийнх нь хүсэлтээр ажлаас гаргахын тулд тодорхой дарамтууд явдаг. Энийг бид одоо нуулгүй ярих ёстой. Үүнийг яаж үгүй болгож, хэрхэн мэргэшсэн, тогтвортой төрийн албатай болох вэ гэдгийг дараагийн Синдикат ярилцлагаар хөндвөл зүгээр.

В.Ганзориг:

-Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой эрэгтэй хохирогчтой кэйс Монголд хэр олон байдаг юм бол? Хүний эрхийн комисст тийм өргөдөл гомдол ирсэн үү?

Д.Сүнжид: 

Хүний эрхийн үндэсний комисст хандан эрэгтэй хүн ажлын байрны дарамтанд өртлөө гэдэг гомдол хэзээ ч ирж байгаагүй. Харин эмэгтэй хүнээс ирсэн гомдлыг шалгах явцад эсрэгээрээ эрэгтэй нь холбогдогч болж дарамтанд өртсөн байж болзошгүй дүр зураг гарсан. Судалгаар бэлгийн дарамт үзүүлдэг этгээдийн дийлэнх нь эрэгтэй удирдах албан тушаалтнууд гэж гардаг ч эрэгтэй гээд нэг загварт оруулж бодож болохгүй.

В.Ганзориг:

-Түмэн-Өлзий та ажлын байрны бэлгийн дарамтанд өртвөл Хүний эрхийн үндэсний комисст өргөдөл гомдол гаргах байсан уу?

Д.Түмэн-Өлзий:

-Манай үеийнхэн гомдол гаргахгүй байх аа. Эр юм байж, шалчигнасан юм гэдэг хамгийн аймаар үг шүү дээ. Энэ үг бүх үйлдлийг зогсоох ид шидтэй. Тэгэхээр энэ бол бид сэтгэлгээгээ үндсээр нь өөрчлөх ёстой гэдгийн баталгаа юм. Хүйсээр ялгаварлах гэхээр хохирогчийг автоматаар эмэгтэй гэж боддог. Зарим тохиолдлуудад хохирогч нь эрчүүд байдаг.

Б.Энхбаяр:

-Эрэгтэй хохирогчтой таарах хэмжээний олон эмэгтэй даргатай бид байж үзээгүй. Удирдах албан тушаалд ажилладаг эмэгтэйчүүд цөөхөн. Дээхнэ үед С.Удвал гуай л хамгийн том хүн байсан байх. Одоо энд А.Ариунзаяа сайд сууж байна. Хүний эрхийн үндэсний комисст сая таван гишүүнийг шинээр томилсон. Манай байнгын хороо 19 гишүүнтэй атлаа ганцхан эмэгтэй гишүүнтэй. Тэр нь Мөнхцэцэг гишүүн. Мөнхцэцэг гишүүн санал гаргаад Хүний эрхийн үндэсний комиссийн эрхлэх гол асуудлын нэг нь жендер. Тэгэхээр бид анхнаас нь комиссын бүрэлдэхүүнээ сонгон шалгаруулахдаа хүйсийн харьцааг тавь, тавин хувь байлгая гэсэн. Энэ санал дэмжигдээд Хүний эрхийн үндэсний комиссын таван гишүүний гурав нь эмэгтэй хүн ажиллаж байна. Энэ бол төрийн өндөр албан тушаал. Ийм өндөр албан тушаалд УИХ-аас нэгэн зэрэг гурван эмэгтэй томилогдож байсан түүх байхгүй. Би үүний үр дүн одоо гарч байна гэж хардаг. Энэ бол өөрөө улс төрийн манлайлал.

Би анх томилогдоход нь хэлж байсан юм. Та нарт мэдлэг, туршлага, боловсрол байна. Харин зориг дутагдана даа гээд. Энэ комиссын таван гишүүн бараг бүгдээрээ докторын зэргээ баруунд хамгаалсан, төрд ажиллаж байгаагүй, нам дагасан хүн байхгүй. Сая сүүлд Анандбазарын кэйс дээр орж ирээд дуугарч байгааг нь хараад би за болж байна даа гэж бодсон шүү. Яагаад гэвэл УИХ-аас өөрсдөө томилогддог байж УИХ-д шаардлага тавина гэдэг бол тийм амар ажил биш.

А.Ариунзаяа:

-Энэ бол эмэгтэйчүүдээ тодорхой хэмжээнд дэмжээд байвал өөрчлөлт шинэчлэл авч ирдэг гэдгийн жишээ.

Б.Энхбаяр: 

Тийм. Энэ үйлдэл манлайлал рүү чиглүүлнэ. Одоо жишээ нь, А.Ариунзаяа сайд хэлж байна. Гурван УИХ буюу 12 жил, таван Засгийн газар дамнан явахгүй байсан Хөдөлмөрийн тухай хууль эмэгтэй сайдын манлайллын дор одоо батлагдаж байна шүү дээ. Тэр дотор ажлын байрны бэлгийн дарамтын асуудлууд анх удаа тусч орсон. Энэ бол улс төрийн манлайлал юм.

А.Ариунзаяа: 

Хөдөлмөрийн тухай хуулийн оноог би өөр дээрээ авахгүй ээ. Энэ ажил маш олон оролцогчдын хамтын бүтээл. Хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Ц.Мөнх-Оргил гишүүн ажиллаж, манай байнгын хороог даргалдаг Оюунчимэг гишүүн зэрэг олон хүний хамтын хөдөлмөр, үр шим шүү. Ер нь бол шинэ сайд ирэхээрээ өөр дээрээ автор авах гээд хуулиудыг буцааж татаад байдаг юм байна л даа. Би тийм үйлдэл гаргаагүй, хуулийн төсөл явдгаараа явах ёстой, бид үүний ард нь гарах ёстой гэсэн. Ер нь аливаа ажил, ялангуяа төрийн ажил нэг хүнээс шалтгаалдаг юм байхгүй шүү. Үүний ард маш олон хүн ажилладаг. Тэгэхээр хамтын ажиллагаа маш чухал.

Б.Энхбаяр:

-Гэхдээ нэг хүний хүчин зүйл, эерэг манлайллын нөлөө маш өндөр байдаг шүү.

В.Ганзориг:

-Олон УИХ, Засгийн газар дамжсан Хөдөлмөрийн тухай хууль удахгүй хэрэгжиж эхлэх нь ээ. Яг хэзээнээс хүчин төгөлдөр үйлчлэх билээ?

А.Ариунзаяа: 

2022 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэнэ.

Д.Түмэн-Өлзий: 

Иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, боловсруулах ажлыг заавал төрийн үйлчилгээтэй зэрэгцүүлэн хийж байж хөгжиж, үр дүнд хүрэх юм байна гэдгийг би энэ ширээнээс ойлголоо. Алдартай кэйсүүдийг шүүхээр шийдэж олон нийтэд үзүүлэх ёстой юм байна. Тэгж байж нийгэмд зориг орж асуудал олны анхааралд хүрнэ.

За нөгөө талаас хэрвээ манайд ажлын байрны бэлгийн дарамт, хүйсээр ялгаварлан гадуурхах ойлголт төгөлдөржөөд, барууны нийгэм шиг болж чадвал эмэгтэй хүн өөрт нь талтай байгаа эсэхийг мэдэх гэж залуучууд бага зовно. Ялангуяа залуу хөвгүүд, эрчүүд энэ охиныг өдчихвөл алуулах болов уу яах бол гэсэн айдсаас болоод харьцаж чадахгүй больчихдог. Харин нөгөөх нь өөрт нь таатай байсныг дараа нь мэдэх жишээтэй. Хэрвээ энэ хууль төгөлдөр үйлчлээд эхэлбэл манай нийгэм гоё болоод, эмэгтэйчүүд илүү илэн далангүй болчих болов уу гэж бодоод байна. Иймээс залуу эрчүүд энэ өөрчлөлтийг түргэтгэхийн тулд бүгдээрээ оролцоорой. Хуулиас болоод өөрийг нь өдөж чадахгүй байгааг эмэгтэй хүн мэднэ. Энэ өнцгийг хэлмээр байна.

Б.Энхбаяр: 

Нэг кэйс яръя. Гэхдээ энэ бэлгийн дарамтын тухай биш. Эмэгтэй даргатай нэг байгууллага хамт олны сургалт хийсэн. Сургалтын дараа салхинд бөөнөөрөө гараад явж байхад хөдөө аймгаас ирсэн нэг ажилтан сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн байдаг. Эмэгтэй даргыгаа харж явдаг байсан бололтой. Улмаар тэр арга хэмжээний үеэр даргадаа хайртай гэж хэлээд орхижээ. Тэгээд маргааш нь ажлаасаа халагдсан. Энэ бол бэлгийн дарамт биш л дээ. Амьдрал ийм баян байдаг. Тэр дарга өөрийнхөө дархлааг хамгаалаад нэр хүндээ бодоод тэр хөөрхий амьтны ажлын байраар туг тахисан гэсэн үг. Надад харамсалтай санагдаж байсан.

Д.Түмэн-Өлзий: 

Арай ширүүдүүлжээ. Гэхдээ өөрт нь хайртай гэсэн нэг хүн өдөр болгон тааралдаад яваад байвал бас хэцүү шүү дээ. Тэглээ гээд ажлаас нь халах бас хаашаа юм. Шинэ Хөдөлмөрийн хуулиар жишээ нь ийм кэйсийг яаж зохицуулахаар байгаа вэ?

А.Ариунзаяа: 

Хөдөлмөрийн хуульд тэвчишгүй дарамтыг учруулсан тохиолдолуудыг хамруулсан. Гэхдээ тэр хүн тэвчих албагүй. Сэтгэл зүйн хувьд дарамттай байна уу үгүй юу гэдэг л чухал.

Б.Энхбаяр: 

Зарим хүний хувьд ёстой сүхээр цохиж байсан ч тоодоггүй тохиолдлууд байдаг. Зарим нь эсрэгээрээ маш эмзэг байх жишээний.

Д.Сүнжид: 

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын дарамт хүчирхийллийн хурал дээр туршлага сонсож байхад ажлын байрны бэлгийн дарамтыг бууруулж чадвал тухайн улс ДНБ-ээ даруй 16 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэж ярьж байсан.

А.Ариунзаяа:

-Хүн болгон сэтгэл хангалуун ажлаа хийхээр хөдөлмөрийн бүтээмж ингэж ихээр нэмэгддэг гэсэн үг.

Д.Сүнжид: 

Гэр бүлийн хүчирхийлэл ба ажлын байрны бэлгийн дарамттай тэмцэх нь өөрөө эдийн засгийн маш том үр нөлөөтэй гэдэг нь батлагдсан.

В.Ганзориг:

-Баярлалаа! Та бүхний хийж байгаа ажил, энэ асуудлыг шийдэхийн төлөө ажиллаж буй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Төрийн албаны зөвлөлийн ажилд амжилд хүсье! Нэвтрүүлгийн зүгээс эрхэм зочидтойгоо цуг бүх байгууллага, аж ахуйн нэгжийг ажлын байрны дарамтгүй хамт олон болооч ээ гэж уриалж байна.

Холбоотой мэдээ