Миний мэдэх МЗХ өчигдөр, өнөөдөр, маргааш

2021-07-06 39 0

Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд МЗХЭ-ийн ахмад ажилтан С. Батмягмар ирүүлсэн нийтлэлийг хүргэж байна.

Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч оролцогчид бүтээлээ mediamyf111@gmail.com хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247

Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ онд тохиож байна. Сэдвийн гарчгийг уншингуут МЗХ-ны өчигдөр нь 70 жил, өнөөдөр нь 30 жил байсан бөгөөд маргааш нь төгсөлгүй үргэлжилж таараа гэсэн бодол төрлөө.

Ардын хувьсгалын ялалтын уухай намдаагүй байхад жанжин Сүхбаатарын санаачилгаар байгуулагдсан Монголын залуучуудын ууган байгууллага-Монголын Хувьсгалт Залуучуудын эвлэл (МХЗЭ) нь 70 жилийн турш улс орны эрх ашгийн төлөө, ирээдүй болсон хүүхэд залуучуудыг эх оронч сэтгэлтэй, ирээдүйгээ итгэлтэй, түүх соёл, өв уламжлал, ахмад үеээ хүндэтгэдэг, гавъяагаар нь бахархдаг, эрдэм боловсрол, авъяас чадвараа хөгжүүлж сайн үйлс бүтээх зориг эрмэлзэлтэй болгон хүмүүжүүлж улс орны хөгжил дэвшилд идэвхитэй оролцуулах үйл хэргийн төлөө чин үнэнчээр тууштай ажиллаж ирсэнийг гэрчлэх төрийн зургаан том одон туган дээр нь гялалзаж байдаг, улсдаа цорын ганц байгууллага билээ. Монгол орны хаана идрийн цог жавхлан идэвх санаачлага, амь биеэ үл хайрлах явдал тохиолдвол МХЗЭ-ийн гишүүд ямагт түрүүнд нь манлайлан очдог байв.

Ардын засаг төрийг бэхжүүлэх, эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалах, хувьсгалын ололтыг гүнзгийрүүлэх үйл хэргийн төлөө баатарлагаар тэмцсээр амийг алдаж явсан идэвхитэй гишүүдийг нь үүрд дурсаж, ард түмнийхээ өмнө гарамгай гавъяа байгуулсан учир МХЗЭ-ийг 10 жилийн ойгоор Байлдааны гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Улс орондоо шинэ нийгэм байгуулах, хүн ардыг бичиг үсэгт сургах, соён гэгээрүүлэх, үндэсний аж үйлдвэрийн суурь болсон аж үйлдвэрийн комбинат, Налайхын нүүрсний уурхай, тоосгоны завод, анхны сангийн аж ахуйнуудыг байгуулахад гишүүд, залуучуудыг олон зуугаар нь илгээн ажиллуулж улсынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж, 1939 онд МХЗЭ-ийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

Японы түрэмгийлэгчид манай улсын хил хязгаар руу халдаж байсан 1930-аад оны үед Батлан хамгаалах хүч чадлыг зузаатгах, залуучуудыг цэрэг эх оронч үзлээр хүмүүжүүлэх, фашистийн Германы өдүүлсэн дайны эсрэг нийтийн тэмцэлд үнэтэй хувь нэмэр оруулж “Бүхнийг фронтод” хөдөлгөөнд идэвхитэй оролцож, хөрөнгө хуримтлуулахад залуучуудыг уриалж, улс орны эдийн засаг, соёлыг хөгжүүлэх их үйлсэд гарамгай гавъяа байгуулсаныг үнэлж, МХЗЭ-ийг 30 жилийн ойгоор нь Сүхбаатарын одонгоор шагнажээ.

Атар газрыг эзэмших үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, говийн бүсийн нутаг бэлчээрийг усжуулах, мал сүргийг хашаа саравчаар хангах, тэжээлийн бааз байгуулах их ажлын тэргүүн эгнээнд эвлэлийн гишүүд залуучууд явж байлаа. МХЗЭ өөрийн шилдэг удирдагчдаас шинэ сангийн аж ахуйнуудын даргаар ажиллуулж, нийслэлээс олон зуун залуучуудыг атарт илгээж байв. Тэдний дундаас олон сайчууд, хөдөлмөрийн баатрууд төрсөн юм. Улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмэр, гавъяа зүтгэлийг үнэлж, 1961 онд МХЗЭ-ийг хоёр дахь удаагаа Сүхбаатарын одонгоор шагнажээ.

МХЗЭ нь залуучуудыг зөвхөн хөдөлмөрийн талбарт ажиллуулаад зогсохгүй тэдний оюун санаа, эрдэм боловсрол, авъяас чадварыг хөгжүүлхэд онцгой анхаарч, соёл хүмүүжлийн ажлын материаллаг баазыг нэмэгдүүлэхэд санаачлагатай ажиллаж байв. Ганцхан жишээ дурьдахад, Нийслэлийн залуучуудын санаачилга, хандив хуримтлалаар эхэлж, нийт олны дэмжлэг авсан Залуучуудын ордон 1960 онд ашиглалтанд оржээ. Түүний гэрч болсон МХЗЭ-ийн тэмдэг өнөөгийн УДЭТ-ын барилгын нүүрэн дээр дурайсан хэвээр байгаа нь бахархалтай.

Мөн Монголын пионер сурагчдын ордон, Залуу байгальчдын станц, Залуу техникчидийн ордон, “Залуучууд” зочид буудал, ”Идэр” ресторан, “Хүүхэд залуучуудын найрамдал парк” гээд нэрлээд байвал нилээд урт жагсаалт болно. Монголын ард түмний хувьсгалт дайчин, хөдөлмөрч баатарлаг уламжлалаар залуу үеийг хүмүүжүүлэх үйлсэд оруулсан нөр их ололт амжилтыг өндөр үнэлж МХЗЭ-ийг хагас зуун жилийн ойгоор нь Сүхбаатарын одонгоор гурав дахь удаагаа шагнасан билээ.

Найрамдлын Дархан хот, Шарын голын нүүрсний уурхай зэрэг томоохон хот суурин, үйлдвэр аж ахуйн газруудыг барьж байгуулахад эвлэлийн гишүүд, залуучууд гадаадын барилгачид, мэргэжилтнүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж байв. Монгол Зөвлөлтийн хамтарсан Эрдэнэтийн зэс-молибдений уулын баяжуулах комбинатийн барилга байгууламж дээр МХЗЭ-ийн илгээлтийн эзэд хүч чадлаа сорьсон юм. Далаад оны үед хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, ажиллах хүчээр хангахад МХЗЭ чухал үүрэг гүйцэтгэж байв. Зөвхөн таван жилийн дотор 40 мянган залуу эвлэлийн илгээлт өвөртлөн хөдөө аж ахуйн салбарт, техник мэргэжлийн сургууль төгссөн 27 мянган мэргэжилтэй залуу улс ардын аж ахуйн бусад салбарт ажиллахаар очиж байлаа.

Залуучуудад хамтын хүмүүжил олгох, ажил хөдөлмөртөө өндөр амжилт гаргахад нь эвлэлийн гишүүд, залуучуудын гавшгай бригадын хөдөлгөөн чухал хөшүүрэг болж, эрч далайцтай өрнөж байв. Оюутан сурагчидыг нийгмийн тустай хөдөлмөрт оролцуулах чухал хэлбэр болсон Оюутан сурагчдын хөдөлмөрийн гавшгай отряд “ОСХГО” олноор байгуулагдаж, хөдөө аж ахуйн материаллаг баазыг нэмэгдүүлэхэд чухал тус нэмэр болж байлаа .Мөн оюутан сурагчдыг намрын ургац хураалтад идэвхитэй оролцуулах болсон нь тэдэнд хөдөлмөрийн хүмүүжил олгоход тустай байв. Залуучуудын техник сэтгэлгээ, зохион бүтээх авъяас чадварыг хөгжүүлэх, нийтийн биеийн тамир спортын хөдөлгөөнд өргөн хамруулах, номтой нөхөрлөх, сонгодог урлагтай танилцуулах зэрэг чиглэлээр олон төрлийн ажил явуулж байв.

Мөн залуучуудын тойрон аялал чуулга уулзалт, найрамдал нөхөрлөлийн болон улс төрийн дууны их наадмуудыг зохион байгуулж байлаа. Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад МХЗЭ-ийн оруулсан гарамгай гавъяаг үнэлж 1981 онд Сүхбаатарын одонгоор дөрөв дэх удаагаа шагнасан юм. МХЗЭ-ийн алдар гавъяаны зургаан одонгийн товч түүх энэ.

МХЗЭ гадаад харилцаа өргөнтэй, олон улсын тавцанд идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг байв. Хөрш зөвлөлт орны залуучуудын байгууллагатай хамтын ажиллагаагаа анхнаасаа хөгжүүлж 1966-1986 оны хооронд хоёр орны залуучуудын их наадмыг найман удаа зохиожээ. Бусад зарим орнуудтай ч хоёр талын их наадам, Ази номхон далайн орны залуучуудын уулзалтыг зохион байгуулж байв.

Дэлхийн ардчилсан залуучуудын холбоо (ДАЗХ), Олон улсын оюутны холбоо (ОУОХ)-нд байнгын төлөөлөгчдөө суулгадаг байлаа. Тэдгээр төлөөлөгчдийн нэг нь өнөөгийн “Дефакто” Д.Жаргалсайхан билээ.

1947-1988 оны хооронд болсон Дэлхийн залуучууд оюутны 13 их наадамд Монголын шилдэг тэргүүний ажилчин, малчин, сэхээтэн, оюутан, спорт, соёл урлагийн авъяаслаг залуучуудын төлөөлөгчид ихэд амжилттай оролцож, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөн дэлхийн чихийг дэлдийлгэж явсныг түүх гэрчилнэ. Анхдугаар их наадмын төлөөлөгчдийн нэг нь өнөөгийн бидний сайн мэдэх Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай билээ.

МХЗЭ-ийн залгамж халааг өсгөн өндийлгөдөг уурхайн тэртээ 1925 онд их зохиолч Д.Нацагдоржийн санаачилгаар үүсгэн байгуулсан Монголын пионерийн байгууллага (МПБ) юм. МХЗЭ энэ “дүүгээ” түүхийн туршид дэргэдээ авж явсан юм. Төрсөн дүү ч өсөөд гялалзтал ажиллаж улмаар их жанжин Сүхбаатрын нэрэмжит болж, өөрийнхөө туган дээр төрийн дээд шагнал Сүхбаатарын гурван одон гялалзуулж, гавъяа намтар баянтай болсон билээ.

МХЗЭ-ийн байгууллагийн түүхийн салшгүй хэсэг нь түүний үйл ажиллагааны өндөр индэр болсон хэвлэлийн тухай юм. МХЗЭ-ийн Төв хороонд хүүхэд, залуучуудын хэвлэлийн хоёр том редакц ажиллаж байлаа. 1924 онд анхны дугаар нь гарсан, манай улсын ууган хэвлэлүүдийн нэг, үе үеийн залуусыг дотны нөхөр, мэргэн зөвлөгч, дуу хоолой нь болж ирсэн “Залуучуудын үнэн” сонин түүхэн үүргээ гарамгай биелүүлсний учир төрийн гурван одонгоор магнайгаа мялаасан. Мөн хэдэн зуун мянган захиалагчтай “Залуу үе” сэтгүүл (1923-1990), “Залуу зохион бүтээгч” сэтгүүл (1981-1989), “Пионерийн үнэн” (хожим “Хойчийг залгамжлагч” болсон) сонин (1926-20010, “Залгамжлагч” сэтгүүл (1923-1990), “Пионерийн удирдагч” сэтгүүл (1981-1989)-үүд өөрсдийн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хүүхэд залуучуудын төдийгүй нийт ард түмний талархалыг хүлээж төр засгаас удаа дараа өндөр хүндтэй шагнал хүртэж байлаа. МХЗЭ-ийн олон арван ажилтан өнөөдөр ч төр нийгэм, эдийн засгийн олон салбарт нэр төртэй ажиллаж явааг дурьдахад таатай санагдана.

Нийгмийг ардчилах өөрчлөлт шинэчлэлтийн нөлөөгөөр 1991 онд МХЗЭ-ийн суурин дээр үүсгэн байгуулагдсан МЗХ-нь МХЗЭ-ийн албан ёсны залгамжлагч юм. Чухам энэ цагаас МЗХ-ны өнөөдөр 30 жил эхэлсэн гэж санана. МЗХ-ноос нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийн цоо шинэ харилцаа бүрэлдэж тогтох үеийн залуучуудын нийгмийн сэтгэлгээ, оюун санааны хөгжлийг зөв төлөвшүүлэх, тэдний нийтлэг хүсэл сонирхол, эрх ашгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, бүтээлч эерэг хандлагатай, эрх чөлөө шударга ёсыг эрхэмлэгч, өв уламжлалаа тээгч Монгол залуу хүнийг төлөвшүүлэх, хүмүүжүүлэх зорилго чиглэлтэй ажиллаж эхэлснийг үнэлэх нь зүйтэй.

Хэд хэдэн суурь судалгаанд үндэслэн боловсруулсан “Шинэ үе-шинэ бодлогын” гол санаа болсон “Монгол залуу хүний эрмэлзэх есөн зүйл” нь залуу хүн бүр авьяас билгээ дайчлан нийгэмд өөрийн байр сууриа олох, эрүүл чийрэг бие бялдартай, эрдэм мэдлэг төгс, эрх чөлөө шударга ёсыг эрхэмлэгч, хөдөлмөрч, эх оронч, интернационалч, өвөг дээдэс, үр хойчоо эрхэмлэн үздэг, байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгэлтэй байж идэвхитэй амьдрах зарчим гэж ойлгогддог. Залуучуудыг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах, тэдний дотроос ирээдүй төр, нийгмийн залуу удирдагчид төрөн гарахад дэмжлэг үзүүлэх зорилготой “Залуу удирдагч” сан байгуулж, “Next stop” ёслолын ажиллагаа “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал, “Оны залуугийн лекц”, ”Цагаан уул” яруу найргийн, “Хаврын баяр” цэнгээнт бүжгийн наадмууд, эко явган аялал зэрэг нь залуучуудын ёс суртахуун, гоо зүйн хүмүүжилд эерэг нөлөө үзүүлэхүйц уламжлалт ажлууд болсныг тэмдэглэх нь зүйтэй гэж бодогдоно.

Мөн Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолыг улс тунхагласан өдрөөр хот хөдөөд явуулах болсныг сайшаан дэмжүүштэй. Бас залуучуудын байгууллага үүссэн цагаас эхэлсэн үүх түүхээ бүрэн гүйцэт цэгцтэй бичих ажлыг дэмжиж, “өчигдөрийн” хүмүүсийн дурсамж, дурдатгалыг өлгийдөн авч цуврал ном бүтээхэд онцгой анхаарч хөрөнгө хүч зарцуулж байгаад талархаад баршгүй.

Үе, үеийн залуусын үнэнч нөхөр “Залуучуудын үнэн” сониноо МЗХ 20 жилийн ойн өдрөө уугуул нэрээр нь сэргээж, хэсэг завсарлаад 30 жилийн ойгоороо бас дахин сэргээж, “Залуу үе” сэтгүүлийн хамт олон нийтийн хүртээл болгож байгаад үнэхээр баярлаж байгаагаа хэлье.

МЗХ, Ази тивийн орнууд, хөрш улсуудын залуучуудын байгууллагатай хамтын ажиллагаагаа хөгжүүлэх чиглэлд анхаарч байгаа нь олон нийтэд анзаарагддаг.  Саяхан МЗХ аливаа муу бүхнээс ангид байхыг залууст уриаллаа.

МЗХ-ны өнөөдрийн ажилд шинэ соргог санаа, сэдэл дэвшил олон байдаг ч нийт залуусын хүртээл болгох, оновчтой арга хэлбэрийг сонгох талаар туршлага, дутах гэх зэрэг шүүмжлэлтэй талаас нь авч үзвэл энэ нь маргааштай холбогдоно.

Залуучууд бол улс орны хөгжил дэвштилтийн эрч хүч, шавхагдашгүй нөөц юм. Тэдний ундран буй их оюун ухаан, авьяас чадвар, бүтээлч хөдөлмөрийг дэмжин хөгжүүлж зөв чиглэлд хөтлөн залах нь залуучуудын байгууллагын гол зорилт.

“Сайтар мартагдсан зүйлийг шинэ юм гэнэ” гэсэн ёст гэмээр үгийг бодоход, өчигдөр олны санаанд ихэд нийцэж байсан зарим үйлийг өнөө сэргээхэд болохгүй нь юун.

Өмнөх үеийхний алдаа онооноос сургамж авч, шилдэг санаа бүтээлч арга барилаас шигшин үлдээж, үндэсний зан заншил, ёс уламжлалтай нягт холбон, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахад чиглэсэн даацтай далайцтай, бодлого судалгаатай, орчин үеийн залуусын сэтгэл сэтгэлгээ, сонирхол хөдлөгөөнд тохирсон олон талт үйл ажиллагааг өргөн хүртээмжтэй, зохистой арга хэлбэрээр өрнүүлэх нь маргаашийн хэрэг болох нь дамжиггүй. МЗХ маргааш “Залуучуудаа алт болгоно” гэдэгт итгэлтэй байна.

МЗХЭ-ийн ахмад ажилтан С. Батмягмар


Холбоотой мэдээ