Уран зургийн галерейн эзэгтэй

2021-07-28 104 0

Монгол Улсын Уран зургийн галерейн үүдэнд цагаан өнгийн дарцаг хөгжилтэй дэрвэлзэж, сэтгэл татам ая эгшиглэнэ. Яагаад ч юм бэ, хаалгыг нь татаад оронгуут танил, дотно дурсамж сэргэв. Хүүхэд насны хамгийн гоё дурсамжууд болох Хүүхдийн ордон, Соёлын төв өргөө гээд тухайн үеийн соёлын төв болсон газруудын өнгө төрх буугаад ирэх шиг.

 Үүнээс өмнө хэдэнтээ энэ газраар орж ирэхэд яагаад ийм дурсамж сэдрээгүй юм бол? Гайхасхийн цааш алхах тутам сэтгэл татам уур амьсгал улам бүр нөмрөн авна. Тэнд гурван нөхөр гэртээ байгаа юм шиг тавтайяа суугаад юуг ч юм бэ тайван ярилцана. Тайлбарлагч бүсгүй өөриймсгөөр инээмсэглэн танимхайрах шиг. Хөгжмийн аястай зэрэгцээд өмнө хараад л өнгөрч байсан уран зургууд улам л өнгө орон мишээх шиг.  Яагаад ийн гэнэт дурсамж сэргэсэн талаар эргээд бодоход сүр хүч, дулаан сэтгэл тэндээс үнэртээд байсан аж.

“Хайрын менежмент”

-…Харсан болгон үнэхээр тархинд минь юм бодогдуулж чадлаа, үнэхээр сайхан.

-…Би анх  харахдаа л “Хөөх” гэсэн. Энд хүн болгон ирж үзээсэй гэж хүссэн. Тайван, сайхан мэдрэмж төрүүллээ…

Энэ бол Уран зургийн галерейн үзэгчдийн үнэн үгс, сэтгэгдэл. Галерейн нэгдүгээр давхрын хананд хадсан том цаасан дээр хүмүүс сэтгэгдлээ бичиж үлдээдэг. Яг л өөрсдийнхөөрөө ямар ч өнгө чимэггүй сэтгэгдлүүд.Ийн сэтгэлийн гэгээ түгээж байгаа Уран зургийн галерейн  захирал Б.Сарантуяа ажлынхаа тухай ярихдаа асар их аз жаргал, гэрэл гэгээг мэдрүүлэх мэт. Уран зургийн галерей бол гэгээн ариун, соёлын төв хэмээнэ. Зураач хүн бүтээлийнхээ зураас, татлага бүхэнд өөрийнхөө сэтгэлийг шингээдгээрээ аугаа нандин бөгөөд давтагдашгүй болдог байх гэж тэрээр тодорхойлов. Түүнтэй нэгэн адил ажлаа гэсэн сэтгэл, зүтгэл нь энэ бүсгүйг чимж, басхүү өнөөдөр Уран зургийн галерей гэрэл гэгээтэй байгаагийн учир болов уу гэж бодогдоно. Харин Б.Сарантуяа захирал

-Би энэ байгууллагыг удирдаж байгаагийн хувьд зөвхөн чиглүүлэгч нь. Ажил маань өөдрөг, галерей өнгөтэй байгаа нь манай хамт олны хүч, хүн бүрийн ажлаа гэсэн сэтгэл. Бид ямарваа нэг ажлыг хийхдээ “Үүнийг ингээд гоё болгочивол. Үүнийг ингэж хийвэл…” гэж яг нэгэн сэтгэлээр, бүр чин сэтгэлээсээ хичээн ажиллаж чаддаг гэж даруухнаар тайлбарлав. Эндээс хамт олны ажлын хандлага  мэдрэгдэнэ. Б.Сарантуяа өдгөөгийн даяаршсан нийгэмд хамгийн их анхаарал татсан нэгэн сонирхолтой санааг өгүүлэв. Тэр бол “Хайрын менежмент”. Улам хөгжиж байгаа нийгэм өнөөдөр хүний сэтгэлийн нандин илэрхийлэл, бие биедээ найрсаг, дотноор ханддаг “хайрын менежмент” учир утгыг илүү ойлгож, энэ чиглэл рүү хандаж байна. Тэгвэл одоо Уран зургийн галарейн хайр үнэртсэн эвентүүдийн талаар танд танилцуулья.

Мөрөөдөл биелүүлэгч галерей

Сошиал сүлжээгээр хэн нэгэн алдарт зураачийн дүрд хувилчихсан, бийр будаг нийлүүлэн бүтээл туурвиж байгаа гайхалтай зураг тархаж олны анхаарлыг татаж байсан даа. Зураачийн л гэх сэтгэгдэл төрөхөөр малгай, өмсч хичээнгүйлэн зураг зурж байгаа энэхүү дүр зураг Уран зургийн галерейн шинэ эвентүүдийн нэг “Аугаа зураачид”-ын нэг хэсэг нь. Хүссэн хэн боловч анги хамт олон, байгууллага, гэр бүл эсвэл найз нөхдөөрөө нэгдэн энэ эвентэд нэгдэх боломжтой. Тэдэнд галерейнхэн Пикассо, Леонорда да Винчи гэх мэт алдарт зураачдын имижийг бүрдүүлэн мэргэжлийн зураач хэрхэн зураг зурах талаар зөвлөгөө өгнө. Хажуугаар нь “Урлагтай хов базагч”-ийг томилон эвентэд оролцогчдыг хөгжөөх асуулт хариулт явуулна.  Ингээд бүр амьдралдаа хэзээ ч зураг зурж үзээгүй хүн хүртэл өөрөө бахархам зургийн эзэн болно. Түүнийгээ жаазлан гэрийнхээ хамгийн хүндэт хэсэгт залсан хүмүүс ч цөөнгүй байгаа байх. Бас энэхүү эвентэд оролцогчдын зургийг нэгтгэн хөөрхөн жижигхэн үзэсгэлэн нээж, түүнийг нь “эрхэм зураачид” гэр бүл, найз нөхөдтэйгээ ирж үзэж сонирхон хөөр баяр болдог гэсэн.

Хүн бүрт баяр баясгалан төрүүлж, мартагдашгүй сайхан дурсамжийг үлдээх гайхам сайхан гэгээлэг эвент байгаа биз.

Энэ эвентийн дараагийн шат нь -“Зураг амилуулагчид”. Алдартай зургуудыг амьдрал дээр амилуулна гэсэн үг. Жишээлбэл, яг л алдарт “Ажлын дараа” зураг шиг хувцас өмсч, яг тэр зурагны өмнө, яг тэр зураг шиг уур амьсгал төрүүлэм жүжигчилсэн тоглолтод уусч орно. Бүр хүнбүхэн “дүр”-дээ гүн итгэлтэйгээр хувирчихдаг гэсэн.

Дараагийн гайхалтай үе нь зураг хөгжим хослуулах мөч. Зураас болгон нь учиг өгүүлэх зурагны өмнө та тэр зурагт л тохирох хөгжмийг сонсон зургаа мэдэрнэ. Яг ингээд суухад зураг болгоны учир, урлаас, зураачийн өгүүлэмж сэтгэлд тань улам тодрон,ухаарал,уянга эгшгийг төгс мэдрүүлнэ. Ээжийгээ санасан нэгэн “Ээж” зургийн өмнө мэлмэртэл уйлдаг бол  бурхны ёсны дэг жаягийг тэрсэлдээнийг харуулсан “Гэсгүй” зургийн өмнө элдвийг эргэцүүлэн бодон суухуйд урлагийн чинад чанар, ухаарлыг улам илүү гүн ойлгодог гэнэм.

“Гэсгүй” зургийн өмнө ийн суухад л гэхэд гэсгүй ламын орхимж чичирхийлэн хөдлөх шиг, сангийн бойпороос суунаглах утаа яг амьдрал дээр гилбэлзэн суунаглах шиг харагддаг гэнэм. Уран зургийг хөгжимтэй хослуулан хүний сэтгэхүйг тайвшруулах энэ эвент нэг талаасаа сэтгэл зүйн эмчилгээ ч болохоор мэт, өнөөгийн энэ цаг үед. Тэгээд бас болоогүй ээ, яг энэ сэтгэгдлээ үгээр илэрхийлэх “Ауагаа яруу найрагч” дараагийн шат хүлээж байгаа. Яг л энэ нам гүмд төрсөн сэтгэгдлээ үгээр илэрхийлсэн оролцогчдын сэтгэгдэл яг л яруу найрагчийнх шиг торгон, бас хуулбаргүй үнэн байдаг аж. Одоо үүн дээрээ үнэрийн мэдрэмжийг нэмэх туршилт хийх гэж байгаа гэсэн, Уран зургийн галерейнхан. “Гэсгүй” зургийг үзэж байхад арц, хүжний, байгалийн зураг бол цэцэгсийн анхилам үнэрийг давхар тавьж өгөх мэт нэмэлтүүд хийх гэж байгаа юм байна л даа. Ингээд бодохоор энэ хамт олон уран зургийн гайхамшгийг хүмүүст хүргэх, цаашилбал зургаар дамжуулан тайвшрал, нигүүлсэл, урлагийн мэдрэмж, соён гэгээрлийг түгээх маш сонирхолтой ажлуудыг хийж байгаа аж. Галерей тийш зурайх олны зам, сонирхлыг татахаар хийж байгаа ажлуудын нэг нь энэ юм. Энэ нэг талаасаа менежмент, марктенгийн нэг ажил боловч нөгөө талаасаа хүмүүст урлагийн таашаалыг олгох цаашилбал, нийгэмд эерэг нигүүлсэнгүй хандлагыг төрүүлэх маш том ажил юм.

Сонирхолтай бас үр өгөөжтэй, гайхамшигтай эвентүүд байгаа биз. Би ч бас “Аугаа зураач”, “Аугаа яруу найрагч”, “Зураг амилуулагч” болохыг хүсч байгаа шүү.

Галерейд сэтгэл татагдахын учир

Урлагийн үнэт бүтээлүүдийг хүмүүст хүргэх, цаашилбал урлаг соёлыг түгээх, орж ирсэн хүн болгон чин сэтгэлээсээ хүндлэх гэх мэт ажилдаа хандах сэтгэл, цаашилбал байгууллагын менежмент гээд олон хүчин зүйл нэгдэж байж энэ бүхнийг нэгэн цогц болгосон зайлшгүй.

Б.Сарантуяа Уран зургийн галерейн захирал хэмээх албанд 2018 оны долдугаар сард томилогдож ирсэн гээд бодохоор бүтэн жил ч болоогүй, богинохон хугацаа гэхэд эдний өнгө төрх гайхалтай өөрчлөгдөж. Шинэ даргын сэтгэл гарган хийсэн нэг ажил нь байрны засвар. Төсвийн байгууллага юм болохоор мөнгө, санхүүгийн гачаал байгаа л байх. Өмнө нь ч санхүүгийн боломжгүй учраас сан хөмрөгөө шинэчлэхэд хүндрэлтэй, засвар, сэргээлт хийж чаддаггүй гэсэн гомдол сонсогддог байсан. Харин шинэ жилийн босгон дээр эднийх хөөрхөн засвар хийж чаджээ. Хөөрхөн гэхийн учир нь өмнөх жил давуулж биелүүлсэн орлогын хувь болох их биш мөнгөөр эднийхэн өөрсдөө засвараа хийж. Галерейд сэтгэгдэл татагдаж, хайр цацрахадэнэ засварч нөлөөлсөн байх.Сонирхолтой нь Монголын ганц Уран зургийн галерей одоо хүртэл түрээсийн буюу Нийслэлийн өмчийн харьяаны байранд үйл ажиллагаагаа явуулсан хэвээр. Тэр ч хэрээр дорвитой хөрөнгө оруулалт татах учир дутагдалтай байсан болов уу. Гэсэн хэдий ч Монголын сор болсон бүтээлүүдийн их өргөө өнгөтэй, гэрэлтэй байх ёстой нь зүй. Тийм ч учраас шинэхэн захирал засвараа яаралтай хийхээр шамдсан хэрэг биз.

Он гарангуут засвараа хийхээр яаравчлах болсны бас нэг учир нь тэд Цагаан сараар ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл илэрхийлэхэд галерейнхаа өнгө төрх засчихсан байхыг чин сэтгэлээсээ хүссэн аж.  Ингээд он гарангуут эхэлсэн засвараа цагаан сарын өмнө дуусган ахмадуудаа хүлээн авахад Монголын дүрслэх урлагийн домог болсон ахмадууд үнэхээр чинь сэтгэлээсээ баярласан гэдэг. Галерей түүхэндээ анх удаа шахам ахмад зураачиддаа “Таны үнэт бүтээл Монгол Улсын уран зургийн галерейд хадгалагдаж байгаа болно” гэсэн хүндэтгэлийн батламжийг гардуулж,  ахмадууд өөрийн бүтээсэн бүтээлтэйгээ ярилцаж, адис авч, өмнө нь зургаа авахуулан чин сэтгэлийн хайр бахархал, дурсамж хосолсон гайхам үйл явдал болж. Захирал бүсгүй ахмадуудынхаа талаар ийн ярихдаа нүдэнд нь нулимс гялтагнана.  Тэрээр яг л өөрийнхөө ээж аав, ахмадууддаа цагаан сарынх нь бэлтгэлийг нь хангах гэж байгаа юм шиг догдлон, гэрээсээ таваг, саваа хүртэл авчран, бэлэг сэлтээ зэхсэн гэсэн.

Магадгүй бурхны оронд морилсон ээж, аавыгаа санан бэтгэрдэг сэтгэл нь ч үүгээр илэрхийлэгдсэн биз. Б.Сарантуяагийн аав зохиолч, сэтгүүлч Ч.Бямбажав тухайн үеийн боловсролтой, сэхээтэн, Монголын жүжгийн зохиолчдын анхдагчдын нэг. Ээж С.Лхамсүрэн багш мэргэжилтэй, налгар тайван, уужим сэтгэлтэй сайхан бүсгүй байсан гэдэг. Тэдний үр хүүхдээ, тэр тусмаа Сарантуяа охиноо хайраа дээдлэн, дээрээс нь аливаад чин сэтгэлээсээ ханддаг, боловсролтой, чанд хатуу сахилга баттай болгон хүмүүжүүлсэн нь өнөөдрийн Сарантуяагийн үг үйлдэл, аливаад хандах хандлага хийж бүтээснээс харагдана. Аав нь охиноо эрхлүүлэхийн зэрэгцээ тухайн үеийн барууны хамтлаг, дуучдын амьдралаас ч иш татан, урлагийн мэдрэмж боловсролтой болгон хүмүүжүүлсэн нь илт. Тухайн үедээ л хаалттай байсан “Битлз” хамтлагийн дууг сонсгохоос эхлээд, англи хэлийг бие даан судалж байсан хүн юм билээ.

Зураг “үрчлэхүй”

Уран зураг үрчлэх гэхээр гайхалтай сонсогдож байж магадгүй. Хэн нэгний сэтгэлээсээ хайртай, шүтэн биширдэг зураг гэж байдаг. Бүр үе, үе очиж хармаар, байнга дэргэдээ байлгамаар. Уран зурагт дурлагсдын хувьд бол ийн сэтгэл зүрхэнд нь оршин байдаг бүтээл олон бий байх. Тэгвэл Уран зургийн галерейнхэн зураг үрчлэх гэсэн энэ ойлголтыг бас ажил хэрэг болгох төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Хүсвэл та хайртай бүтээлээ “өмчлөн” санаа тавьж, арчлалт, засварт нь санаа тавьж байж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл та Уран зургийн галерейн нандин бүтээлүүдээс үрчлэн авч, санаа тавьж, өөриймсч байж болно. Мэдээж зураг Уран зургийн галерейдээ байршина. Харин та энэхүү бүтээлийг халамжлагч болсноор хайртай уран бүтээлчийнхээ, эсвэл өөрийнхөө шүтэн биширдэг, дурладаг бүтээлтэй илүү “дотносох” нэгэн мөрөөдлөө биелүүлж байна гэсэн үг. Бас л сонирхолтой санаа байгаа биз. Нөгөө талаараа бидний хайртай бүтээлүүд улам бүр гэрэл гэгээ нэмэн, өнгө чимэгтэй байна гэсэн үг.

Гайхамшигтай бүтээлийг харж, мэдэрч, сэтгэл зүрхээ ариусгана гэдэг уран зураг шүтэгчдийн гайхалтай таашаал. Тэндээс гэрэл гэгээ, тайвшрал, эсвэл эрч хүчийг олж авдаг. Басхүү уран зургийн орчин, байршил, эв донж ч олныг өгүүлдэг. Тийм ч учраас эдний хамт олон бүтээлүүдийнхээ гэрэл гэгээг хэрхэн нэмэх, хамгаалах талаар хамгийн түрүүнд санаа тавьдаг. Одоогоор үзэсгэлэнгийн танхимын гэрэлтүүлгийн өнгө донжийг нэмэх гээд олон ажлуудыг хийж байгаа. Түүхэндээ анхных гэж хэлж болох бас нэг томоохон ажил гэвэл тэд Монголын дүрслэх урлагийн сод таван бүтээлийн жаазыг шинэчилж, гэрэлтүүлэг нөхцлийг сайжруулжээ. Уран зургийн галерейн сан хөмрөгийн бүтээл өөрөө онцгой арчилгаа шаарддаг, технологийн нарийн нөхцөлд хадгалж хамгаалах ёстой,  мэргэжлийн өндөр шаардлагатай нарийн ажил. Тэгвэл өнгөрсөн зууны үеэс хадгалагдаж байгаа сод бүтээлийн жаазыг солино гэдэг маш нарийн нямбай, мөн өндөр хараа хяналтын дор хийгдэх ёстой ажил. Нэг талаасаа бэрх нөгөө талаасаа нэр хүндтэй энэ ажлыг Уран зургийн галерейн хамт олон хийснээрээ онцгой бахархдаг юм билээ.

Дайчин бүсгүй

Хэдийгээр Б.Сарантуяа захирал эрх зүйч мэргэжилтэй, удирдлагын ухааны магистр боловч түүний соёлын менежмент мэргэжлийг онцолмоор санагдана. Уран зургийн галерей хэмээх соёлын төв, нөгөө талаасаа соёлыг өвийг сахигч хэмээх байгууллагад түүний энэ мэргэжил хамгийн их нөлөөтэй гэсэн сэтгэгдэл анх түрүүн буусных. Тэгэхдээ түүний өмнө хийж байсан ажлуудтай танилцахад яг л энэ мэргэжлээрээ ажиллаж байсан газар бүртээ “соёлын үр”-ийг тарьж байсан гэж хэлж болохоор.

Соёлын менежер мэргэжлээр СУИС-ыг төгссөн тэрээр сургуульдаа дөрвөн жил ажиллахдаа соёл урлагийн чиглэлээр сургалт эрхэлдэг их дээд сургуулиудыг консерциум хэлбэрээр ажиллах зохион байгуулалтын ажлыг бэлтгэн, нийгмийн ухааны хичээлүүдийг мэргэжлийн урлагийн байгууллагуудын боловсон хүчнийг бэлтгэх сургалтын стандарт хөтөлбөр боловсруулах ажилд шуудран оров. СУИС-д анхлан нийгмийн ухааны факультет байгуулагдаж байсан үе шүү дээ. Үүнээс гадна Монгол дахь Элчин сайд нарын гэргий нарын “Хатагтай нарын нийгэмлэг”-тэй хамтран улс  үндэстний сурталчилгааны ажлуудыг зохион байгуулах гээд чамгүй ажлуудыг зохион байгуулав.

Дараа нь буюу 2001 оноос мэргэжлийнхээ дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн,  2004 оноос Нийслэлийн Захирагчийн ажлын албанд хотын рекламны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байв. Түүний соёлын менежер хэмээх мэргэжлийг гоцлон тодотгох гээд байгаагийн учир энэ. Нэг хэсэг соёлын менежмент хэмээх мэргэжлийн олон хүн ойлгодоггүй, магадгүй одоо ч манай соёл, урлагийн салбарт менежмент дутагдсан хэвээр байгаа учраас Сарантуяа хэмээх бүсгүйн хийж бүтээж байгаа, хийхээр төлөвлөж байгаа ажлууд илүү тодорхой бас ус, агаар шиг хэрэгтэй байгаа нь харагдах болов уу?

Тухайлбал, 2004 онд Нийслэлийн Захирагчийн ажлын албанд рекламын асуудал хариуцсан цорын ганц мэргэжилтэнтэй байв. Тухайн үед  хотын зар сурталчилгаа хэтийдсэн, хаа сайгүй том, том сурталчилгааны самбарууд, зарим нь унаж хүн гэмтээж байсныг ч одоо зарим хүн санах байх. Энэ үед сурталчилгааны мэргэжилтэн турьхан, залуухан ганц бүсгүй зар сурталчилгааны стандарт, дагаж мөрдөх журмыг боловсруулж, замбараагүй сурталчилгаатай улаан гараараа шахуу тэмцэлдэж байсан гэдгийг өмнө нь сонсч байсан. “Анх сурталчилгааны самбаруудыг цэгцэлнэ гэхээр утгагүй л санагдаж байсан. Дараа нь харин нүд эрээлжилсэн тэр их олон самбар сурталчилгаануудыг цэгчилчихээр хотын гудамж хүртэл саруулсаад нэг их сайхан цэлгэр цэгцтэй харагддаг болсон байж билээ” гэж сурталчилгааны бизнес эрхлэгчид нэгэн эрхэм ярьж байсан билээ.

Мөнгөний эх үүсвэр болсон сурталчилгааны самбаруудыг буулгахад хэн л дуртай байх вэ, янз бүрийн дарамт ч ирдэг байсан гэсэн. Тэгсэн ч гэсэн мэргэжилтэн бүсгүй бүх сурталчилгааны самбарыг цэгцэлж, ном журманд нь оруулсан нь өдгөө ч мөрдөгдөж байгаа. Зөвхөн гудамжны самбар гэлтгүй байгууламжийн хана, тэр бүү хэл хотын агаарын орон зай, виртуал ертөнцийн сурталчилгааны зохицуулалтыг ч журмандаа тусгаж өгсөн гэдэг. Одоогийн өндөрлөгөөс эргэн харахад 2005 онд харааны хугарлыг ашиглан виртуал орон зайн сурталчилгаа гэх тэр үедээ бараг мөрөөдлийн гэмээр сурталчилгааны зохицуулалтыг ч хийж өгч байсан гэдэг нь соньхон. Энэ үед зар сурталчилгааны обьектоос хотод орох орлого үнэмлэхүй ихээр нэмэгдэж рекорд тогтоож байсан гэж албаны хүмүүс ярьдаг билээ.

Цаг хугацааны хувьд хотын зар сурталчилгааны асуудал хариуцсан мэргэжилтнээс өмнө дагуу Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байх үеийн тухай өгүүлэх зүйл бас бий. Хэдийгээр соёлын асуудал хариуцсан гэх албан тодотголтой боловч Нийслэлийн хөгжлийн хэлтэст ажилладагийн хувьд нийгмийн тухайлбал одоо хурцаар яригддаг хүүхэд, гэр бүлийн асуудлыг ч бас тэрээр хамран ажиллаж, Монголд анх удаа Хүүхэд гэр, бүлийг дэмжих төвийг байгуулж, найз нөхдийн хүрээнд  харилцаатай байдаг Германчуудаас тусламж дэмжлэг аван, анхаарал дутагдсан хүүхдүүд, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тусладаг байжээ. Тэнэмэл гэгддэг хүүхдүүдийг ээж шиг нь л асарч, хооллож ундалж, санаа сэтгэл тавьдаг. Гудамжинд тоос татуулсан халтар жаалууд “Сараа багш аа” тойрон хүрээлэхэд  цагдаа хүртэл гайхахад “Тийм, манай хүүхдүүд байгаа юм” гэж өөриймсдөг, элгэмсдэг. Яг энэ үеэ тэрээр анхан шатанд, дүүрэгт ажиллахад асуудалтай илүү ойр байж, амьдралыг илүү мэдэрдэг байсан байх гэж тодорхойлов. Зүгээр л жишээ дурдахад 2001 онд дүүргийнхээ ахмадуудыг Ардын урлагийн наадмын улсын уралдаанд оролцоход цэцэрлэгийн байранд байрлуулаад орой, үдэш хүртэл эргэж тойрч, сэтгэл тавин бэлтгэцгээж багаараа III байр, нийт 17 ахмад оролцсоноос 16 нь шагнал хүртсэн гэдэг. Ийн сэтгэл гарган гүйдэг залуухан мэргэжилтнээ ахмадууд “Манай жижигхэн дарга” гэж өхөөрдөн бас хүндэтгэн дууддаг байсан гэсэн. Ажил болгоныг яаж амжуулдаг байсан юм бэ гэмээр дүүргийнхээ хэмжээнд байгаа бүх түүхэн дурсгалт болон соёлын бүтээлүүдийг бүртгэж, дүүргийнхээ Соёлын ордны засварын хөрөнгийг НИТХ-ээр батлуулсан гээд хийсэн ажил олон.

Сурталчилгааны мэргэжилтнээр ажиллаж байхдаа ч хотын зар сурталчилгааны самбаруудыг бүртгэж, бүр гадаа хаа сайгүй биллъярд тоглуулдаг “нөхөд”-ийг ч бүртгэн журамлаж байсан гэдэг. Энэ бүхэн ерөөсөө л түүний ажил болгонд чин сэтгэлээсээ бас уйгагүй махруу, дайчин ханддаг шинж чанарыг харуулах шиг. Анх уулзахад албархуу, зарчимч, хатуу хүн мэт. Ярилцаад суухаар уян зөөлөн, нулимс ойрхон бүсгүй хүний чанар нэвт ханхална. Ажлаа амжуулж байгаа байдлыг нь харахад дайчин шуурхай. Хамт олон нь түүнд нэгэн мэндчилгээ дэвшүүлснийг харахад үнэхээр гайхамшигтай тодорхойлсон байлаа. “Эрхэмсэг, ихэмсэг, эрх, эмэгтэйлэг тандаа…” гэж. Ийм олон шинж чанар нэг хүнд шингэсэн байна гэдэг сонирхолтой.

Эцэст түүнийг ажил бүхэндээ чин сэтгэлээсээ ханддаг ирмүүн шинж чанар, бас хайр дүүрэн сэтгэл нэгдэж, дайчин удирдагч, өр нимгэн хүмүүжүүлэгч, бусдыг сонсогч бас хүндлэгч, ирээдүйгээ харсан зохион байгуулагч, чиглүүлэгч, сайхан ээж, сайн хань, бусдын төлөө санаа тавигч гээд олон тодотголтой бүсгүйг цогцлоосон буй за. “Төрийн хүн” дайчин бүсгүйд амжилт хүсье!  

ЭХ СУРВАЛЖ:Төрийн хүн сэтгүүл

А.Алтантуяа

Холбоотой мэдээ