“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг нээлээ

2021-08-02 70 0

“Өглөөний Улаанбаатар” жишиг гудамжийг нээлээ

Нийслэлд цагийн хязгаартай, автомашингүй гудамж бий болгох ажлын хүрээнд эртэч монголчуудад зориулсан “Өглөөний Улаанбаатар” гудамжийг байгуулсан талаар бид мэдээлсэн. Өнөөдрөөс тус гудамж иргэдэд үйлчилж эхэллээ.

Энэ гудамжийг ажил хэрэгч хүмүүсийн өглөө цуглах газрын нэг болгох зорилгоор “Эртэч Монгол” хөтөлбөрөөс улбаалан НЗДТГ-аас байгуулжээ. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2021 оны зургадугаар сарын 24-ний А/501 дүгээр захирамжийн дагуу цагийн хязгаартай, автомашингүй гудамжийг “Жуулчны гудамж”-нд эхлүүлж, тохижуулсан байна.

Энд ном, цэцгийн худалдаа, зоогийн газар, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой цэсээр иргэдэд үйлчилнэ. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зохион байгуулахаар төлөвлөжөө. Тухайлбал,

  • Даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд,
  • Лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг,
  • Баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулна.

Түүнчлэн залууст зориулж өндөр хурдны интернэтийн үйлчилгээг цагийн хязгаартайгаар үнэгүй хүргэх юм. “Өглөөний Улаанбаатар” нь нийслэлийн жишиг өглөөний гудамж болж байгаа бөгөөд цаашид дүүрэг бүрд, олон байршилд нээгдэх боломжтой гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ