Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хариуцлагын гэрээ байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа

2021-08-04 112 0

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хариуцлагын гэрээ” байгуулж, караоке, баарыг нээх санал гаргалаа

Нийслэлийн Онцгой комисс өчигдөр цахимаар хуралдлаа. Хурлаар сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл, нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилт, хяналт шалгалт, “Ковид-19” халдварын нөхцөл, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэлэлцэв.

Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Хариуцлагын гэрээ байгуулж, караоке, баарыг нээх саналыг Хотын даргад уламжилсан юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Эдгээр байгууллагатай дуу, бүжгийн нэмэлт тоног төхөөрөмж, талбайг ашиглахгүйгээр зөвхөн баар, лоунж, пабны чиглэлийн үйл ажиллагаа эрхлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх чиглэлээр “Хариуцлагын гэрээ” байгуулж, үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх ажлыг зохион байгуулах боломжтой. Хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх шаардлагатай” гэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн Онцгой комиссын дарга Д.Сумъяабазар холбогдох шийдвэр гаргаж, хугацаатай үүрэг даалгавар өгсөн юм.

Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн байранд ажиллаж байгаа коронавируст халдварын эсрэг дархлаажуулалт, халдвар илрүүлэх шинжилгээний байнгын цэгийг өөр байрлалд шилжүүлж, дархлаажуулалт болон шинжилгээний үйл ажиллагааг тасалдуулалгүй явуулах нөхцөл бүрдүүлэхийг Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргийн Онцгой комиссын дарга нарт өглөө.

Мөн нийслэлийн хэмжээнд “Хариуцлагын гэрээ” байгуулсан, цагийн хязгаарлалтад өөрчлөлт орсон аж ахуйн нэгж байгууллагын халдвар хамгааллын дэглэмийн хэрэгжилтэд тавих шалгалтыг зохион байгуулж, захирамж зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээдэд тухай бүр хариуцлага тооцож ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон холбогдох албаны хүмүүст үүрэг болгов гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Холбоотой мэдээ