Монголд ирэх хүсэлтэй гадаад жуулчид бий ч УОК хүлээн авахаас татгалзсаар байна

2021-08-17 79 0

Монголд ирэх хүсэлтэй гадаад жуулчид бий ч УОК хүлээн авахаас татгалзсаар байна

“Цар тахал ба аялал жуучлал” сэдвээр аялал жуулчлалын салбарынхан цахим хэлэлцүүлэг өрнүүлэв. МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөл, Монголын Аялал жуулчлалын холбоо, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клуб хамтран хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм.

“Аялал жуулчлалын салбарын зах зээлийн чиг хандлага”, “Хилээр нэвтрэх журам, жуулчин хүлээж авах эсэх”, “Цар тахлын дараах гадаад сурталчилгаа” гэсэн үндсэн гурван чиглэлээр хэлэлцүүлэг болж, салбарын мэргэжилтнүүд санал солилцлоо.

Б.БАРСБОЛД: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ШУУД НИСЛЭГТЭЙ ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ТӨВЛӨРҮҮЛЭХ НЬ ОНОВЧТОЙ

МҮХАҮТ-ын дэргэдэх Аялал жуулчлалын зөвлөлийн дарга Б.Барсболд “Ковидын үеийн аялал жуулчлалын салбарын зах зээлийн чиг хандлага” сэдвээр мэдээлэл өгөв.
-КОВИД-19-ийн өмнөх жил буюу 2019 он аялал жуулчлалын оргил үе байж, дэлхий даяар 1.4 тэрбум хүн аялж, 9.2 их наяд ам.долларын орлого олж, дэлхийн ДНБ-ийн 10.4 хувийг бүрдүүлсэн.

Харин 2020 оноос цар тахал эхэлснээр орлого буурч зогсонги байдал орсон.

Дэлхийн хэмжээнд нийт аялагчдын тоо 73, Ази, Номхон далайн бүсэд 84 хувиар буурлаа. Энэ онд вакцинжуулалт эхэлснээр өөдрөг байсан боловч коронавирусний шинэ хувилбарууд гарч, халдвар буурахгүй байх, тогтворгүй, тодорхойгүй байдал дахин бий болов.

Аялал жуулчлалын салбар 2024 он хүртэл хямралаас гарахгүй гэсэн судалгааг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргалаа. Бусад улс аялал жуулчлалын салбараа хурдан сэргээхийн тулд:

•    Жуулчдыг татах, тэдний итгэлийг төрүүлж, итгэлцэл бий болгох ажлыг хийж байна.
•    Маркетинг, сурталчилгааны цогц төлөвлөгөөг нэгдсэн журмаар боловсруулж байна.
•    Шууд нислэгтэй зах зээл бүхий бүсэд илүү төвлөрүүлэх хандлагатай байна. Энэ нь манай улсад ихээхэн хамааралтай.

Манай аялал жуулчлалын компаниуд хамгийн олон жуулчин ирдэг тул БНХАУ, Япон, ОХУ, БНСУ, АНУ гэсэн таван улс руу чиглэдэг. Жилд эдгээр улcуудаас нийт 570 мянган жуулчин ирдэг. Вакцинжуулалтын хурдаар нь тооцвол хүн амынхаа дийлэнхийг дархлаажуулсан, эдийн засгийн өсөлт ажиглагдаж буй АНУ, БНХАУ-ын жуулчид руу төвлөрөх хэрэгтэй. Сүүлийн хоёр жилийн турш зогсонги байсан манай салбарын сэргэлтэд вакцинжуулалт, эдийн засгийн өсөлт голлох нөлөө үзүүлнэ. АНУ-ын эдийн засаг 6.4 хувиар, урд хөршийнх 18 хувиар тус тус өслөө.

Аялал жуулчлалын салбарт зочид буудлаас эхлээд үндэсний брэнд үйлдвэрлэл, гар урлал, бэлэг дурсгалын үйлдвэрлэл, хоол зэрэг үйлчилгээний олон зах зээл хамааралтай тул аялал жуучлал хөгжсөнөөр бусад олон салбарыг сэргээхэд нөлөөлнө.

Ер нь коронавируснаас хамааралтай хямрал үргэлжилсээр буй өнөөгийн нөхцөлд (ирэх 2-3 жилд ч тэр) хот суурин газар гэхээсээ илүү алс хязгаар нутаг руу, хөрш зэргэлдээ улс орнууд руу болон дотоодын эко, адалт явдалт аялал жуулчлал хөгжих хандлагатай байна. Хэлбэрийн тухайд олноороо биш гэр бүлийн, найз нөхдийн хүрээний, жижиг группийн аялал хөгжих төлөвтэй байна.

Мөн мэдээлэл, технологийн хөгжил манай салбарт онцгой үүрэг гүйцэтгэхээр байна. Тодруулбал контактгүй буюу цахимаар захиалга өгөхөөс эхлээд цахим системүүд аялал жуулчлалын салбарт шинэ норм тогтоон, аялах хэв маягийг өөрчилнө гэсэн судалгаа гарчээ. Энэ бүхнийг тооцон аялал жуулчлалын салбараа сэргээх төлөвлөлт хийх нь чухал гэв.

Дараа нь “Хилээр нэвтрэх журам, жуулчин хүлээж авах эсэх талаар, одоо үүсээд байгаа нөхцөл байдал”-ын талаар Монголын Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Д.Отгонбаяр танилцууллаа.

Тэрээр манай улсад коронавирусний халдварын дельта хувилбар илэрсэн, голомтлон гарсан улсаас ирж байгаа иргэдийг 14 хоног тусгаарлаж байна гээд чухам ямар улсууд үүнд багтах жагсаалт одоохондоо гараагүй байгааг хэллээ.

Хилээр нэвтэрч болох гадаад жуулчдын тухайд Энэтхэг, Их Британиас ирж байгаа иргэдийг 14 хоногийн тусгаарлалтад оруулж, бусад улсын жуулчдаа түргэвчилсэн тест, PCR шинжилгээ аваад оруулна гэсэн хариултыг МХЕГ-аас авчээ.

Энэ нь нэг талдаа таатай мэдээлэл юм. Нөхцөл байдлаас шалтгаалж дүрэм журам өөрчлөгдөхгүй, ирэх сард ч энэ журмаа мөрдөх бол ААН-үүд тодорхой тооны жуулчин хүлээж авах итгэл төрж байгаа гэв.

Аялал жуулчлалын холбоо өнгөрсөн хугацаанд салбар яамандаа ногоон коридор байгуулах, цар тахлын үеийн болон тахлын дараа баримтлах бодлого, ААН-үүдэд төрөөс дэмжлэг үзүүлэх саналаа удаа дараа тавьжээ. Австрали-Филиппин улсууд ногоон бүс байгуулж, харилцан жуулчдаа хүлээж авч байгаа туршлагыг судалж, бүх улсад хилээ зэрэг нээнэ гэхээс илүүтэй хамгийн бага эрсдэлтэй орноос л жуулчин авах нь зөв гэж үзсэн байна.

Бүхэл бүтэн нэг салбар  тэр чигтээ уналтад орсон байтал хайхраагүй, бид дахин нэг жил ажилгүй байх нь.

“Ар Монгол трэйвэл” компанийн захирал В.Батзориг “Монголд аялал жуулчлалыг дэмжих нэг ч хүн алга. 570 мянган жуулчин ирлээ гэдэг ч тэднээс цөөн нь мөнгөө төлсөн жуулчид байдаг. Жилд нэг сая гадаад жуулчин хүлээн авах төлөвлөгөө бүтэхгүй. Ирэх хүсэлтэй жуулчид байгаа ч тэднийг 14 хоног тусгаарлана гэхээр хэн ирэх билээ. Уул уурхайн бус экспортыг дэмжих зорилгоор ААН-үүдэд хөнгөлөлттэй буюу репо зээл олгож байна. Гэвч бидэнд энэ зээл олдохгүй байна. Өмнө нь өндөр хүүтэй авсан зээлийн хүүгээ бууруулсан цөөн компани л бий” гэв.

Аялал жуулчлалын компаниуд ам.долларын орлоготой ажилладаг. Мөн тэдний бүх гүйлгээ банкаар дамждаг тул санхүүгийн бичиг баримтуудаа баталгаа болгон банкуудаас бага хүүтэй зээл авах хүсэлтэй байна. Мөн тэд БОАЖЯ, УОК маш хайнга, санаачилгагүй байсан тул энэ жил жуулчин авч чадалгүй өнгөрлөө. Бүхэл бүтэн нэг салбар  тэр чигтээ уналтад орсон байтал хайхраагүй, бид дахин нэг жил ажилгүй байх нь хэмээн бухимдаж байв.

Энэ оны аялал жуулчлалын улирал ганцхан сарын дуусах гэж байна. Гэвч ирэх онд манай улс жуулчин хүлээж авах, эсэх нь одоо ч тодорхойгүй байна.

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРАА АЛДАЖ БОЛОХГҮЙ ШАЛТГААНУУД:

  • Ажлын байр нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах, экспортын баримжаатай эдийн засгийг бий болгоход нөлөөлдөг. Жишээ нь олимпын эрхийн төлөөх хөгжингүй орнуудын өрсөлдөөн нь аялал жуулчлалын орлогын төлөөх өрсөлдөөн юм.
  • Эдийн засгийг солонгоруулахад хувь нэмрээ оруулдаг.
  • Аялал жуулчлал үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааг нэгэн зэрэг зохион байгуулдаг бизнес юм.
  • 2019 онд энэ салбар үндэсний ДНБ-ий 7.2 хувийг үйлдвэрлэж, экспортын 6.8 хувийг бүрдүүлсэн.
  • Жуулчдын тоо буурсан нь 90 мянган ажлын байранд шууд нөлөөлөв.
  • Хөрөнгө оруулалт татдаг. 2000-2015 онд жилд дунджаар 302 сая ам.доллар, зөвхөн 2016 онд 1314.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татжээ.

Эх сурвалж: “Аялал жуулчлал, орон нутгийн хөгжил”

Холбоотой мэдээ