Дурсамж түүхийг бүтээх- Илгээлтийн эзэд

2021-09-06 48 0

Дурсамж түүхийг бүтээх- Илгээлтийн эзэд

/Жаргалантын нэг өдөр/
Хар томдсон бакал, өнгө өнгийн дээлтэй залуус, салаа хуваасан гэзэгтэй улаа бутарсан хацартай охид уудам тариан талбайнхаа хажууханд өөрсдөдөө зориулан татсан олсны хоёр талд дуу дуугаа өндөрсгөн бөмбөгөөр наадаж байна. Гэрийн гадаа хэсэг залуучууд тойрч суугаад элдвийг хөөрөлдөн ярьж байх нь тод сонстоно. Энэ бол илгээлтийн эзэд. “Алтан намар” аянд нэгдсэн залуучуудын амралтаа өнгөрүүлж буй нь.
Нэгнээ танихгүй ирээд насан туршийн нөхөрлөл бүтээх эзэд,  хамтаараа нэгдэн улс эх орондоо том хувь нэмэр оруулах түүхийн эзэд, мартагдашгүй өдрүүдийг инээд хөөр, баяр баясал, нэгнийхээ тус дэмжлэгээр туулах дурсамжийн эзэд… 

МЗХ, ЗХТБ “Yes алтан намар” аянг Засгийн газрын дэмжлэгтэй таван аймагт хэрэгжүүлж байгаа билээ. Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч О. Гэрэлт-Од, Дэд ерөнхийлөгч А. Анхбат, Жүжигчин Ш. Мөнхбаяр болон МЗХ-ны газрын дарга, ажлын алба, Төв аймгийн Жаргалант суманд хуваарилагдан ажиллаж байгаа 52 залуучуудтай уулзахаар ийнхүү ирлээ. Тариаланч Б. Эрдэнэцогт, А. Сүрэнжав нарын 30 га талбайн ургацыг хураахаар 5 дахь хоногоо өнгөрүүлж байгаа аж. Залуучууд маань биднийг очиход найрсагаар угтаж авч бяцхан яриа өрнүүллээ.
-МЗХ-ны Ерөнхийлөгч О. Гэрэлт-Од “Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд олон ажлуудыг зохион байгуулж байгаагийн нэг нь илгээлтийн эзэд “Алтан намар” аян юм. Та бүхэн ахмад үеийнхээ эхлүүлсэн ажлыг сэргээн, мартагдашгүй дурсамжийг бүтээх мөн эх орондоо тус дэм болж байгаа их үйлсийг эхлүүлсэн үлдэх мөртэй залуучууд билээ. Сайн ажиллаж, сайхан хамт олон болоорой” гэлээ.
Мөн аянд оролцож байгаа залуучуудын төлөөлөл сэтгэгдлээсээ хуваалцаж байна. КУДС-ийн 3-р дамжааний оюутан А. Бямбасүрэн “Шантрах зүйл мэдээж байлгүй яахав. Гэхдээ шантрахгүйгээр даваад гарна. Олон шинэ найз нөхөдтэй болж байна. Ажилд сурч байна. Тариаланчдадаа тусалж байгаадаа баяртай байна. Дараагийн ирэх залуучууддаа хэлэхэд дулаан хувцас, хөнжил авч ирээрэй гэж хэлье. Тэгээд бид гурван өдөр амарчихлаа. Одоо бол төмсийг жинхэнэ хураах шиг болно. Маргааш ажилдаа эртлэн орно доо” гэсэн сэтгэгдлээс их урам зориг, эрч хүч мэдрэгдэж байлаа.

Ингээд оройн төлөвлөгөөт арга хэмжээ болох “Бүжиг болон дуун цэнгүүн” хийхээр “Соёлын төв”-ийн дуу хөгжмийн багш Д. Дашнамжлыг урьж авчирсан байлаа. Д. Дашнамжил “Энэ сайхан залуучуудыг хараад их сэтгэл хөдөлж байна. Манай орон нутгийг зориод туслахаар ирсэнд их талархаж байгаа. Залуучуудынхаа нэгэн оройг мартагдашгүй өнгөрүүлэхэд нь өөрийн чадах зүйлээрээ тусалж байгаадаа бас сэтгэл дүүрэн байна.” гэлээ. Мөн МЗХ-ны Ерөнхийлөгч О. Гэрэлт-Од, Дэд ерөнхийлөгч А. Анхбат тариаланчидтай уулзаж яриа өрнүүлж санал бодол сэтгэгдлийг нь сонслоо. Тариаланч Б. Эрдэнэцогт “Манай талбай дээр ажиллахаар ирсэн залуучууд маш нийтэч, хүмүүжилтэй, ажил маш хурдан сурч, хүний үг сайн хүлээж авдаг хүүхдүүд ирсэн байна. Эхний өдөр зааж өгөөд л дараагийн өдөр сайн хийж байна лээ. Бид хүүхдүүдийнхээ эрүүл ахуй, хоол хүнс, орон байрын асуудал дээр их анхаарч байгаа. 4 гэр гаргаж өгч, тусдаа асар бэлдэж, өдрийн 3 хоолоор ханган /өглөө нь талх боорцог, өрөм, жимсний чанамал цай, өдөр нь хоёрдугаар хоол цай, орой нь нэгдүгээр хоол цай талх боорцогтой/ гэр тус бүрт зуух тавьж өгсөн. Ундны ус болон хувцас угаах хэрэглээний усыг мөн тусад нь ангилж гаргаж өгч байгаа юм. Залуучуудыг хараад их сэтгэл хөдөлдөг. Дээр үеийн бидний явдаг “Атрын 1-р аян, 2-р аян” гэж байсан. Тэр үе санаанд бууж, залуу нас бодогддог доо” гэв.
“Бид 8-р сарын 31-нд ирсэн. Ирсэн өдрөө танилцаад дараагийн хоёр өдөр ажилласан.

Гэвч 3 дахь өдрөөс дарааллан бороо орж өнөөдөр ажилдаа гарах гэсэн боловч газар хатаагүй тул амраасан. Энд цугласан залуучууд бүгд маш мундаг, цоглог, хийе бүтээе, мартагдашгүй намраа бүтээх нэгэн зорилготой ирсэн нь харагдаж байгаа. Бид 40 кг шуудайг 1200 төгрөгөөр бодуулж ажиллаж байна. Агаарын саатал нөлөөлөхгүй бол ажил маш хурдан явах шинжтэй. Биднийг хүлээн авсан тариаланчид маш сайхан найрсаг, хоол унд, ааш зан сайтай, орчин нөхцлийг сайн бэлдэж өгсөн. 30 га талбайн ургац хураахаар зорьж байна. Залуучуудыг дараа жил дахин ирж ажиллаасай гэдэг сэтгэгдлийг үлдээх, цаашдын эргэх холбоог байлгах үүднээс тариаланчид маань их анхаарал тавьж байгаад талархаж байгаагаа илэрхийлье.” гэж залуучуудыг ахалж яваа ЗХТБиржийн мэргэжилтэн Э. Баярзул сэтгэгдлээ илэрхийллээ.

Холбоотой мэдээ