SpaceX анх удаа энгийн хүмүүсийг сансарт нисгэжээ

2021-09-16 221 0

SpaceX анх удаа энгийн хүмүүсийг сансарт нисгэжээ

Сансрын аялал жуулчлал шинэ түвшинд гарчээ.  Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компанийн “Dragon” хөлгөөр энгийн дөрвөн иргэн сансарт ниссэн байна. Dragon хөлгийг Falcon-9 пуужин тойрог замд оруулсан байна. Пуужинг хөөргөх ажиллагаа пүрэв гарагт Флорида дахь Кеннеди сансрын төвд болсон бөгөөд бөгөөд энэ бүх үйл явцыг SpaceX-ийн вэбсайтаар цацжээ. Америкийн НАСА агентлаг энэ удаад нислэгт оролцоогүй байна.

Нислэгийн төлбөрийг 38 настай тэрбумтан Жаред Айзекман төлж, багийн гурван гишүүнээ удирдан чиглүүлжээ. Чухам хэчнээн хэмжээний төлбөр төлсөн тухай мэдээлээгүй байна. Гурав хоногийн аялалд Айзекмантай хамт эрүүл мэндийн ажилтан 29 настай Хэйли Арсено, мэдээлэл зүйн шинжээч Крис Семброски болон геологич Сион Проктор нар нисжээ. Тэд энэхүү нислэгээрээ хүүхдийн хорт хавдрын судалгаанд хандив босгох зорилготой байсан гэнэ.

Айзекман нь өсвөр насандаа өөрийн үүсгэн байгуулсан Shift4 Payments цахим төлбөрийн системийн компанийн гүйцэтгэх захирал юм. Түүний хөрөнгө 2,5 тэрбум доллараар хэмжигддэг. Тэрээр нисэх салбарт сонирхолтой бөгөөд төрөл бүрийн онгоцоор олон мянган цаг нисжээ.

Тэрээр өмнө нь таньдаггүй байсан гурван хүнээр багаа бүрдүүлжээ. Тухайлбал, Хэйли Арсено хүүхдийн хавдрын эмнэлэгт ажилладаг бөгөөд 10 настайдаа энэ эмнэлэгт эмчлүүлж байв. Аяллын зорилго нь 200 сая доллар босгож, энэ эмнэлэгт хандивлах байсан тул Айзекман энэ эмнэлгийн нэг ажилтан нисэх багийн гишүүн байх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс Арсенод санал тавьсан байна.

Доктор Сиан Проктор 51 настай. Тэрээр 2009 онд НАСА-гийнхантай сансарт нисэх гэж байсан ч сүүлийн шатандаа сонгогдож чадаагүй аж. 42 настай Крис Семброски АНУ-ын нисэх хүчинд ажиллаж байсан бөгөөд сансрын Lockheed Martin компанид инженерээр ажилладаг юм байна. Тэрээр эмнэлэгт хандив өргөснөөр сансарт нисэх багийн гишүүнийг сонгох сугалаанд оролцжээ. Гэвч тэрээр сугалаанд хожоогүй  бөгөөд найз нь өөрийн эрхийг Крист өгсөн байна. Ердөө зургаан сарын өмнө энгийн амьдралаар амьдарч байсан тэд  түргэвчилсэн сургалтад сууж, SpaceX-ийн төхөөрөмжүүдэд бэлтгэл хийжээ.

Сансрын хөлөг Олон улсын сансрын станцаас дээш 150 км-т буюу 575 км-ын өндөрт хүрэх юм байна. Тэд хэд хэдэн туршилт хийж, дэлхийг ажиглах аж.

Эргэн сануулахад өнгөрсөн долоодугаар сард тэрбумтан Ричард Брэнсон, түүнээс ес хоногийн дараа Amazon-ы үүсгэн байгуулагч Жефф Безос нар өөрсдийн хөлгөөр сансарт ниссэн билээ.

Эх сурвалж: ВВС

Холбоотой мэдээ