Ирээдүйн аялал жуулчлалын салбарын “эзэд”

2021-09-27 212 0

Ирээдүйн аялал жуулчлалын салбарын “эзэд”

Дэлхийн аялал жуулчлалын өдөрт Улаанбаатар хотын Өглөөний гудамжнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжье, сонсоё” хэмээсэн хөөрхөн алаг бөмбөлгүүд хөөрөн нислээ. Энэ бол Дэлхийн аялал жуулчлалын өдөрт зориулсан Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд зориулсан “Их засаг” олон улсын их сургуулийн оюутан М.Цэрэндуламын “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй аяллыг төлөвлөх нь” илтгэлийн билэгдэл болсон бөмбөлгүүд.

Оюутан охин М.Цэрэндулам Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд аялахад маш хэцүү, хэдийгээр тэд аялж, амрах хүсэлтэй байдаг ч заавал хэн нэгний дэмжлэг, тусламж хэрэгтэй байдаг талаар илтгэлдээ хөндөж, Монголд энэ чиглэлээр анхаарах шаардлагатай байгааг илтгэлээрээ хөнджээ. Тухайбал, гадны улсуудад бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалагчтайгаа аялахад нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлдэг тухай дурдаж. Монголд бол цоо шинэ хөндөгдөөгүй сэдэв байгаа биз.

Өнөөдөр Монголд 400 сая жуулчин авчрах талаар яриа сонгодог онигоо маягийн сонсогддог болж. Аялал жуулчлал гэж олонтаа яривч энэ салбарт бэрхшээл олон, шийдэгдээгүй зүйл ч их. Хэрвээ хөгжүүлж чадвал уул, уурхай түшиглэснээс илүүтэй орлого олж, тэр хэрээр монголчуудад ажлын байр нэмэгдэж, эх орноо сурталчилж, басхүү өөрсдөө ч айх аюулгүй сэтгэл хангалуун аялах хүсэлтэй байгаагаа олон жил ярьсан. Харамсалтай нь ахиц бага байгаа нь бүхний нүднээ илхэн. Магадгүй аялал, жуулчлалыг шинэ төвшинд хөгжүүлэхэд өнөөдрийн оюутныг хөдөлгөгч гол хүчин болохыг үгүйсгэх аргагүй. Сүүлийн үед  хүүхэд, залуучууд аяллын салбарыг ихэд сонирхон суралцах болсон сайн мэдээ байна. Тэд энэ салбарыг хамгийн соргог содон нүдээр харж асуудлаа дэвшүүлж байна. Тэднээс олон олон аяллын менежер хөтөч, компанийн захирлууд, шинийг санаачлагчид төрөх нь гарцаагүй. Олон шилдэг менежер СЕО нар оюутан байхаасаа хөтчөөр ажиллаж, бизнесээ эхлүүлж байсан түүх Монголд ч бий. Тийм ч учраас аяллын салбарынхан ирээдүй СЕО, ажилтан нараа энэ л олимпиадаас онилж хардаг учраас анхаарал хандуулсан болсон байна. Яагаад гэвэл “Grand tour-2021” аялал жуулчлалын улсын олимпиад зохион байгуулж буй.

Оюутнууд салбарынхаа талаар мэдлэг, мэдээлэл солилцохоос гадна спорт явган аялал, оюун ухаан сорих Центавр тэмцээнд хүчээ сорьж, бас өөрсдийн бүтээсэн бүтээл, аялал, жуулчлалыг хөгжүүлэх талаар шинэ санаагаараа үзэсгэлэн гаргадаг. Ингээд энэ бүх арга хэмжээг нэгтгэсэн, шилдгүүдээ тодруулан есдүгээр сарын 27-нд шагналыг нь гардууллаа. Сонирхолтой нь 19 жилийн 8 удаагийнх нь ялагч болж байсан Монголын үндэсний их сургууль энэ удаа удаалж, Центавр, явган аяллын гээд хоёр ч тэмцээнд тэргүүлсэн МУБИС-ийн   Спорт, аялал жуулчлалын ангийнхан  багийн дүнгээр тэргүүлж, Шилжин явах цом гардлаа. Ингээд шилдгүүдийг танилцуулья.

Центавр тэмцээн

Тэргүүн байр: МУБИС-ын баг

2-р байр:”Отгонтэнгэр” их сургууль

3-р байр:”Идэр” их сургууль шалгарлаа.

Оюутны эрдэм шинжилгээний бага хуралд

“Их засаг” олон улсын их сургуулийн оюутан М.Цэрэндулам “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй аяллыг төлөвлөх нь” илтгэлээрээ тэргүүлж

2-р байр: Монголын үндэсний их сургуулийн оюутан Б.Марал, М.Энэрэл нарын “Цайны их замын аялал жуулчлалыг хөгжүүлснээр оролцогч талуудын хүртээмжтэй өсөлтийг хангах боломж” илтгэл

3-р байр: Сити их сургуулийн оюутан Б.Сайхандэлгэрийн “Аялал жуулчлалын салбарт хүртээмжтэй өсөлтийг хангахад агаарын тээврийн салбарын үзүүлэх нөлөө” илтгэл тус тус шалгарлаа.

Спорт явган аяллын тэмцээнд

1-р байрт МУБИС-ийн “Төгс_аялагч” баг

2-р байрт МҮИС-ийн “Үндэсний Соёмбо” баг

3-р байрт ХААИС-ийн баг тус тус шалгарлаа.

Аялал жуулчлалыг сурталчлах үзэсгэлэн

1-р байр: СУИС

2-р байр: Монголын үндэсний их сургууль

3-р байр: “Их засаг” олон улсын их сургууль

Ингээд нэгдсэн дүнгээр

1-р байрт МУБИС-ийн Спорт, аялал жуулчлалын ангийнхан

2-р байрт: Монголын үндэсний их сургууль

3-р байрт “Отгонтэнгэр” их сургууль

Зохион байгуулагчид Аялал, жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэг

Дэмжигч байгууллага Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Монголын Залуучуудын Холбоо

Аялал жуулчлалын хөгжлийн төв

МУБИС

ХААИС

Мөн баг хамт олноо амжилттай удирдан оролцсон болон арга хэмжээг зохион байгуулсан Аялал жуулчлалын боловсрол хөгжлийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн гишүүн О.Отгонбаяр, хүндэт гишүүн Д.Мөнхтөмөр, ХААИС-ийн багш Н.Сарангарав, Монголын үндэсний их сургуулийн багш Н.Энхмагнай, “Сити” их сургуулийн багш  Б.Мөнхтогтох болон амжилттай оролцсон “Глобаль удирдагч” их сургуулийн оюутан Төгстөгөлдөр нарыг Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн медалиар шагнасныг МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од гардууллаа.

 

Холбоотой мэдээ