Т.Хүрэлбатын хүний эрхийн төлөөх тэмцлийг Монголын Залуучуудын Холбоо дэмжихээ илэрхийллээ

2021-03-29 24 0

С.Зориг агсны амь насыг хороосон хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хорих ангид эрүүдэн шүүсэн дүрс бичлэгийг өмнө нь олон нийтэд ил болгосон. Харин эрүүдэн шүүсэн гэдгийг эцсийн байдлаар тогтоосон шүүхийн шийдвэр эцэслэгдэн гараагүй байна. Гэхдээ МУ-ын ЗГ-ын тэргүүн Л.Оюун-эрдэнэ хорих ангид ял эдэлж байгаа Т.Чимгээг эргэж очихдоо хүний эрхийн зөрчил гаргаж, түүн дээр хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулсан гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний төрсөн ах Т.Хүрэлбат болон нөхөр С.Бямбасүрэн нар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдэд шаардлага хүргүүлсэн. Мөн Монгол Улсын шүүх хүнлэг бусаар Т.Чимгээг хэлмэгдүүлсэн гэж үзэж түүний  ах Т.Хүрэлбат гурав хоногийн өмнөөс дүүгээ суллах хүртэл төв талбай дээр майхан барьж өлсгөлөн зарласан. Нийт 90 гаруй цаг өлсгөлөн зарлаж, суулт хийсэн Т.Хүрэлбатийн биеийн байдал эрсдэлтэй байна гэж эрүүл мэндийн байгууллагаас мэдэгдсэн. Харин Т.Хүрэлбат өлсгөлөнгөө зогсоохгүй гэсэн байр суурьтай байна.

Гадаа хаврын хавсарга салхитай хүйтэн байгаа учраас Т.Хүрэлбатын биеийн байдалд санаа тавьсан иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас түүний эргэж, санал бодлоо хуваалцан, түүний тэмцлийг дэмжсээр байна. Тодруулбал Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од өнөөдөр төв талбай дээр очиж өлсгөлөн зарлаад байгаа Т.Хүрэлбаттай уулзаж, биеийн байдлыг нь асууж, тэмцэлд амжилт хүслээ. Тэрбээр Т.Хүрэлбатын биеийн байдалд санаа зовж байгаагаа илэрхийлээд тэмээний ноосон хөнжил хүргэн өгч санал солилцлоо.

О.Гэрэлт-Од: Хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүсэн балмад явдалтай залуучууд тууштай тэмцэнэ

МЗХ-ны Ерөнхийлөгч О.Гэрэлт-Од И.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай уулзах үеэрээ байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр хэлэхдээ  “Төрийн нэрийг барьж хүний эрхийг зөрчиж, эрүүдэн шүүлт хийж байгааг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Таны тэмцлийг хүний эрхийн төлөөх тэмцэл гэж харж, дэмжиж ирлээ. Үнэхээр энэ хэрэг дээр хэн нэгнийг хэлмэгдүүлсэн бол Монголын залуучуудын холбоо үүнийг хүчтэй эсэргүүцнэ. Өлсгөlөн зарлаж байгаа Т.Хүрэлбатын биеийн байдалд санаа зовниод ирлээ. Хаврын хавсрага салхитай энэ хүйтэн үед цементэн дээр майхан бариад өлсгөлөн зарлаж байгаа нь эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлнө. Тиймээс жаахан ч болов дулаан байг гэж бодоод тэмээний ноосон хөнжил авч ирж өглөө. Ер нь бол нийгмийг харлуулж байгаа, хууль зөрчиж байгаа зохисгүй үйлдлүүдтэй Монголын Залуучуудын холбоо эвлэрэхгүй.  Цаашдаа энэ мэт хууль бус үйлдлүүдтэй тэмцэнэ.  Ер нь энэ эрүүдэн шүүлт монголд байтугай дэлхийд байх учиргүй зүйл.  Тиймээс хүний эрхийн зөрчлийг арилгуулах асуудал дээр залуучуудын байгууллага эрчимтэй тэмцэхээ илэрхийлж байна” гэсэн юм.

Т.Чимгээ, Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутган Төв аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц нарт өнгөрсөн оны 7-р сард 3 жилийн хорих ял оноосон ч, давж заалдах шатны шүүхээс ялыг хүчингүй болгосон. Хамгийн сүүлд эдгээр хүмүүсийг батлан даалтад гаргаад буй. Хэдийгээр  гэр бүлийнхэн нь ийнхүү Т.Чимгээг суллахыг шаардсан ч, эрүүдэн шүүсэн эсэхийг шүүх эцэслээгүй байгаа учраас боломжгүй. Харин Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн нь тогтоогдвол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1-д заасны дагуу Шинээр илэрсэн нөхцөл байдал гэж үзэн 20 жилийн ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөрдөн шалгах ажиллагааг дахин хийхээр байгаа юм.

Эх сурвалж: Check.mn

Холбоотой мэдээ