Ковидын эсрэг вакцины хамрагдалт муу байна гэв

2021-10-04 50 0

Ковидын эсрэг вакцины хамрагдалт муу байна гэв

Нийслэлийн шуурхай зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж коронавирусийн халдварын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Хэдийгээр иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа ч дархлаажуулалтын хамрагдалт муу байна гэдгийг онцоллоо.

I тунд нийт хүн амын 74.5, II тунд 70.7 хувь хамрагдсан бол дархлаа сэргээх нэмэлт буюу III тунд 11 хувь нь л хамрагдаад байна. Вирусийн эсрэг эмийн зах зээлийн нөөцийн судалгааг долоо хоног тутам гаргаж буй.

Мөн ӨЭМТ-үүдэд зээлээр эм авах нөхцөлийг бүрдүүлжээ. Ор зохицуулалтын баг өнгөрсөн долоо хоногоос ажиллаж эхэлсэн бөгөөд 2297 хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн. Ор зохицуулалтын баг ажиллаж эхэлснээр эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, хөнгөн хүн эмнэлэгт хэвтэхгүй, хүнд хүмүүс эмнэлэгт хэвтэх нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн ӨЭМТ-үүдэд сайн дураар ажиллах автомашинтай 400 хүн бүртгүүлснээс 30 хүнтэй гэрээ байгуулсан байна. Өнөөдрөөс сургалтад хамруулж, машины ариутгал, халдваргүйтгэлийг шийдэж, маргаашаас ажилдаа орно хэмээв.

Хотын дарга ор дэлгэлт, эмч, эмнэлгийн ажилтны хүний нөөцийн талаар асуухад НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Баянзүрх дүүргийн шинээр ашиглалтад орж байгаа эмнэлэгт 150 ор дэлгэхээр ажиллаж байна. Яармагийн эмнэлэгт нэг, хоёрдугаар эмнэлгийн эмч нарыг дадлагажуулагчаар ажиллуулж байгаа. Эмч, эмнэлгийн ажилтнуудын нөөц дутагдалтай байгаа. ӨЭМТ-д резидэнт 239 эмчийг хуваарилснаас ирц 60 гаруй хувь байна” хэмээн хариуллаа. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд коронавирусийн халдварын үеийн тусламж, үйлчилгээнд төвийн зургаан дүүрэгт ажиллаж эхэлсэн. Нийт 29 байгууллагын 417 албан хаагч эмийн багц савлах, дуудлага мэдээллийн төв болон бусад үйл ажиллагаанд ажиллах юм.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Холбоотой мэдээ