МЗХ-ноос Алтан гарт эмч-Шилдэг залуу ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа

2021-10-13 218 0

МЗХ-ноос Алтан гарт эмч-Шилдэг залуу ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа

Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлын хүнд хэцүү үед хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах ариун үйлст эх орныхоо өнцөг булан бүрд эрдэм мэдлэг, хүч чадлаа харамгүй зориулан үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргаж буй шилдэг залуу эмч нарынхаа гавьяаг алдаршуулах, тэдний нөр их хөдөлмөр зүтгэлийг үнэлж, дэмжих, урам зориг өгөх зорилгоор “Алтан гарт эмч-Шилдэг залуу” зүүсгэл гардуулах ёслолын үйл ажиллагааг улс орон даяар гуравдах жилдээ ёслол төгөлдөр зохион байгууллаа.

Тэргүүний залуу эмч нарыг нарийн мэргэжлийн дагуу уламжлалт, мэс засал, дүрс оношилгоо, сэтгэц, хавдар, нүүр ам судлал, сэхээн амьдруулах, яаралтай тусламж,  зэрэг 40 номинацаар шалгарууллаа.

Ёслолын нээлтэнд МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од, МЗХ-ны УХАГ дарга Ц.Буджав, МЗХ-ны Эрүүл мэндийн байнгын хорооны дарга Д.Батмөнх нар оролцсон бол урилгаар МУ-ын хүний гавьяат эмч О.Сэргэлэн, Нийслэлийн өргөө амаржих газрын дарга, анагаах ухааны доктор, профессор зөвлөх эмч Ж.Энхцэцэг,  Ливерген эмнэлгийн захирал хүний их эмч,клиникийн профессор Б.Мэндбаяр, Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Д.Энхболд зэрэг анагаах ухааны шилдэг эмч нар оролцсон юм.

МЗХ-ны ерөнхийлөгч О.Гэрэлт-Од “ Бид өнөөдрийн арга хэмжээгээр яг энэ цаг үед хийж бүтээж байгаа, энэ цаг үед жинхэнэ алтан гартай гэдгээ харуулж хүний алтан амийг аварч байдаг тэр үнэт залуучууддаа урам өгч, үеийнх нь нөхдийн дотор тод харуулахыг хүссэн юм” хэмээн нээлтийн үгэндээ онцоллоо.

Мөн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн нүдний их эмч О.Наранцэцэг “Эмч та бүхэн хамгийн хүнд фронтод ажиллаж буй эрхэм хүмүүс. Энэ фронт залуучуудаараа улам өргөжиж байна. Залуучуудад  цаашид сурах зүйл ч их бий” хэмээн чухалчлан захилаа.

МЗХ-ны УХАГ дарга Ц.Буджав “Олон мянган хүмүүст амьдрал, нас бэлэглэж, өвчин эмгэгээс нь ангижруулж буй залуу эмч нарынхаа ажлын амжилтыг үнэлэх, эмчилгээ оношилгооны шинэлэг арга барилыг нь олон нийтэд сурталчлах зорилгоор гуравдах жилдээ  “Алтан гарт эмч” ёслолыг зохион байгуулж буйгаараа онцлог юм. “Алтан гарт эмч”-д нэр дэвшсэн 200 орчим залуу эмч нарын материал ирсэн үүнээс шүүгчдийн шалгаруулалтын дагуу шалгарсан шилдэг 40 залуу “Тэргүүний залуу эмч” нарыг алдаршууллаа. МЗХ-оос цаашид уг ёслолыг жил бүр уламжлал болгон, улам өргөжүүлэн зохион байгуулахаа онцоллоо.

 

Холбоотой мэдээ