ЗГ: Нүүрсний экспортыг сайжруулах ажлын хэсэг байгууллаа

2021-10-13 30 0

ЗГ: Нүүрсний экспортыг сайжруулах ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.

Тэрээр “Эхний ээлжид БНХАУ манайхаас худалдаад авсан нүүрсийг гаргаж өгөх нь шударга. Бид гадаад худалдааг харилцан хүндэтгэх хэрэгтэй. Үүнтэй холбоотой энэ жилийн экспортын төлөвлөгөөнд томоохон цохилт ирнэ. Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Чойрын чиглэл дэх 407 км автозамын тээврийг зогсоох асуудал яригдсан. Нэгдүгээрт, Чойрт их хэмжээний нүүрс овоорсон тул дахиж нүүрс татан авах талбайгүй болсон. Хоёрдугаарт, орон нутгийн замын асуудал бий. Тухайн нутгийн малчин, иргэдийн амьдрах орчин маш хүнд болсон байна.

Боомтын захиргаа боломжоороо ажиллаж байна. Энэ бол цар тахалтай холбоотойгоор шинээр байгуулагдсан цоо шинэ институт. Хилийн байгууллагуудын уялдаа холбоог хангах чиглэлээр хичээн ажиллаж байгаа. Нүүрсний экспорт таг зогсоогүй. Гашуунсухайтад байгаа бөмбөлөг зохион байгуулалт бол БНХАУ-аас тавьсан шаардлага.

Өчигдөр Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көчяньтай цахим уулзалт хийсэн. Үүгээр нүүрсний экспортыг сайжруулах чиглэлээр хэлэлцсэн. Хоёр улсын Ерөнхий сайдын хэмжээнд ярилцсан гэхээр ач холбогдол нь ойлгогдож байгаа байх.

Тэгвэл үүнтэй уялдуулж, ажлын хэсгийг Сангийн сайдаар ахлуулж байгуулах шийдвэр Засгийн газрын хуралдаанаар гарлаа.

Одоо цугларч, хураагдаад байгаа нь ерөөс нэгэнт урд хөршид худалдаад, мөнгөө авчихсан нүүрс. Гагцхүү хилээр гаргаж өгч л чадахгүй байгаа. Энэ маш санаа зовоож байгаа асуудал. Тэгэхээр юун түрүүнд энэ хураагдсан нүүрсийг гаргаж дуусгахыг эрмэлзэж байна. Энэ ажлын хүрээнд чингэлэг тээврийн терминалыг бий болгосон. Энэ нь хоёр улс харилцан тохирч байж явдаг ажил тул нөгөө талынхаа байр суурь, шийдвэрийг хүлээж байгаа тал бий. Шуудхан хэлэхэд, бид экспортын төлөвлөгөөндөө томоохон цохилт авах нь тодорхой болсон.

Мөн хилийн солбилцлын цэгийн асуудлыг шийдвэрлэсэн байгаа. Нарийн царигийг оруулж ирнэ. Бид өргөн царигаа хилтэй тулгаад ачаагаа шилжүүлээд явна гэдгээ олон жилийн өмнө тохиролцчихсон. Ирэх оны долдугаар сард төмөр замын бүтээн байгуулалт дуусна. Монголын талд ачиж шилжүүлэх терминал байгуулагдана” гэв.

Холбоотой мэдээ