Д.Мөнхтуул: Вьетнам засварын газруудаас НӨАТ-ын баримтаа заавал авч байгаарай

2021-10-13 30 0

Д.Мөнхтуул: Вьетнам засварын газруудаас НӨАТ-ын баримтаа заавал авч байгаарай

НӨАТ-ын хэлтсийн дарга Д.Мөнхтуулаас зарим зүйлийг тодрууллаа.

-Вьетнам засварын газруудаас татвар авдаггүй байсан талаар мэдээлэл нэлээд явлаа. Яагаад татвар авдаггүй байсан юм бэ?

-Татварын багц хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу Монгол Улсад үйл ажиллагаа явуулж, орлого олж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд албан татвар төлөх үүрэгтэй байдаг.

Тэгэхээр манай улсад уйл ажиллагаа эрхэлж байгаа гадаадын иргэн ч хуулийн дагуу татвараа төлөх ёстой. Мөн гадны хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид татварын албанд заавал бүртгүүлсний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх үүсдэг.

Вьетнам засварын газруудын хувьд ч ялгаагүй татварын албандаа бүртгүүлэн татвар төлдөг.

-Хууль журмын дагуу ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас ямар татвар авдаг вэ?

-Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлж байгаа ААН-үүд орлогын албан татвар төлдөг.

Татварын багц хуулийн шинэчлэлээр 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол 10 хувиар татвар төлж, 90 хувийг буцаан авдаг, 300 саяас доош борлуулалтын орлоготой бол нэг хувиар татвар төлдөг болсон.

Хэрэв НӨАТ суутган төлөгчийн босго хангасан бол НӨАТ-ын тайлан гаргаж, 10 хувийн татвар төлдөг. Мөн ажилтнуудынхаа ХХОАТ-ыг суутгаж, түүнийгээ татварт тайлагнан төлдөг. Мөн Нийслэл хотын албан татвар болон хөрөнгийн татвар, бусад төлбөр хураамжийг төлдөг.

-Манайд хичнээн Вьетнам засварын газар үйл ажиллагаа явуулдаг вэ?

-Манай албанд 52 вьетнам засвар үйлчилгээ эрхлэгч бүртгэлтэй байна. Улсын хэмжээнд машин, мотоциклийн засвар, үйлчилгээ эрхэлдэг 1,600 гаруй аж ахуйн нэгж бүртгэлтэй.

Улаанбаатар хотод 456 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. Авто засвар, үйлчилгээ эрхлэгчид өнгөрсөн оноос энэ оны есдүгээр cap хүртэл нийт 10.7 тэрбум төгрөгийн татвар төлжээ.

-Татвараа төлөөгүй тохиолдолд танайхаас ямар арга хэмжээ авдаг вэ?

-Татвар төлөгч нь татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаандаа тайлагнан төлөх хуулиар хүлээсэн үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд татварын албанаас хяналт шалгалт хийж, татварын хуулиуд, Зөрчлийн тухай хуулийн дагуу төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хариуцлага тооцдог.

Хэрвээ шалгалтын явцад эдийн засгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байвал холбогдох хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлдэг.

-Дотоодын аж ахуйн нэгж, иргэд татвараа төлж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Гэтэл вьетнам засвар гэх мэт газруудаас татвар авахгүй байгаа гэх мэдээлэл иргэдийн дургүйцлийг их хүргэлээ. Энэ талаар тайлбар өгөөч?

-Монголын татварын алба нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхдээ хуулийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг баримтлан ажилладаг. Хэн нэгэнд давуу эрх олгосон, олгодог мэт ойлголт, яриа нь үндэслэлгүй.

Хууль зөрчих явдал гардаг ч татварын алба бусад төрийн байгууллагатай хамтран зөрчлийг арилгахад анхаарч ажилласаар ирсэн.

Иргэд худалдаа хийх, үйлчилгээ авах бүртээ төлбөрийн баримтыг шаардаж авах нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд хамгийн том хөшүүрэг юм. Тиймээс та бүхэн вьетнам засварын газраас ч төлбөрийн баримтаа заавал авч байгаарай.

Эх сурвалж: Өдрийн сонин

Холбоотой мэдээ