Элэг хамгаалах эм, шарталтын эсрэг бэлдмэл хийж байна

2021-10-18 102 0

Элэг хамгаалах эм, шарталтын эсрэг бэлдмэл хийж байна

“Ургамал” багийн удирдагч, ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн дэд профессор Б.Даваапүрэвтэй ярилцлаа.

-Та “Багш, оюутны старт-ап” хөтөлбөрт хэрхэн оролцсон талаараа танилцуулаач?

-МУИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсээс зохион байгуулдаг “Багш, оюутны старт-ап” хөтөлбөрт Биоинженерчлэлийн хөтөлбөрийн Ургамлын биотехнологийн лабораторийн оюутнуудыг удирдан 2018 онд “Ургамлын гаралтай бактерийн эсрэг идэвхитэй ам зайлагч бүтээгдэхүүн”, 2019 онд “Монгол орны эндофит актиномицетээс хоолойны махны үрэвслийн эсрэг үйлчилгээтэй эмийн бэлдмэл гарган авах” сэдвээр амжилттай оролцсон. 2020 онд “Цомцогт бэр цэцэг ургамлаас гарган авсан элэг хамгаалах эм, шарталтын эсрэг бэлдмэл” сэдэвт төслөөр оролцож II байрт шалгаран 10 сая төгрөгийн санхүүжилт авсан.

-Та бүхний судалгааны ажлын явц, үр дүн ямар байна вэ?

Элэгний өвчлөл нь Монгол Улсад маш өндөр хувьтай байдаг бөгөөд хүн амын 10% буюу 300 мянга орчим нь элэгний ямар нэгэн өвчлөлтэй гэсэн тоо баримт бий.

-Бид цомцогт бэр цэцэг ургамлыг ашиглан элэг хамгаалах болон элэгний үрэвслийг эмчлэх, элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эмийн бэлдмэл хийхээр зорьж байна. Элэгний өвчлөл нь Монгол Улсад маш өндөр хувьтай байдаг бөгөөд хүн амын 10% буюу 300 мянга орчим нь элэгний ямар нэгэн өвчлөлтэй гэсэн тоо баримт бий. Цомцогт бэр цэцэг ургамлыг Монгол, Төвдийн уламжлалт анагаах ухаанд хор тайлах, шээс хаагдах, халдварт өвчин болон элэгний өвчлөлийн үед хэрэглэдэг байжээ. Цомцогт бэр цэцэг ургамлын элэгний үрэвслийн эсрэг идэвхийг судалсан судалгаа Өвөр Монголын болон Хятадын эрдэм шинжилгээний сэтгүүлд бага сага хэвлэгдсэн байдаг боловч биологийн идэвхийг нарийвчлан судлан биологийн идэвхит бүтээгдэхүүн, эмийн зориулалтаар хэрэглээнд нэвтрүүлэх инновацийн судалгаа хийгдээгүй байна. Бид Монгол орны биологийн нөөцийг ашиглан уламжлалт анагаах ухааны хэрэглээг орчин үеийн шинжлэх ухааны үндэслэлтэй судлан импортыг орлох, экспортод чиглэсэн эх орны бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Та цомцогт бэр цэцэг ургамлын тухай жаахан тодруулж яриач?

-Элэг хамгаалах эмийн найрлаганд орж буй гол түүхий эд болох цомцогт бэр цэцэг ургамал нь лабораторийн суурь судалгаагаар антиоксидант өндөр идэвхтэй буюу бие организмд үүссэн хорт нэгдлийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй, элэгний хавдрын шугаман эсийг дарангуйлж байгаа нь тогтоогдсон. Мал эмнэлэгийн хүрээлэнгийн Эм хор судлалын лабораторитой хамтран хулгана дээр хийсэн фармакологийн судалгаагаар Цомцогт бэр цэцэг ургамал нь практикийн хувьд хоргүй, булчингийн үрэвслийг намдаадаг, хаванг бууруулдаг, мөн эрхтэн системийн үрэвслийн үед эсэргүүцэх чадвартай нь тогтоогдоод байна.

14-21 буюу түүнээс дээш хоногоор тус Цомцогт бэр цэцэг ургамалан эмийг уух нь элэгний үрэвслийг эмчлэх мөн элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болохыг бидний судалгааны дүн харуулж байна.

Лабораторийн туршилтын амьтанд элэгний цочмог үрэвсэл үүсгэж патогистологийн шинжилгээ хийн цомцогт бэр цэцэг ургамлын хандыг уулган туршихад 14 хоногоос дээш хугацаанд хяналтын хэсэг буюу юу ч хэрэглээгүй хархнуудын элэг өөхлөж уураг нь сөнөж, үрэвсэл үүсч байсан бол цомцогт бэр цэцэг ургамлын ханд уулгасан хархны элэгний эсийн тосон сөнөрөл болон уурган сөнөрлийн хэмжээ багасаж, цаашлаад 21 дэх хоног дээр эрүүл элэгтэй адил болсон. Мөн ийлдэсний биохимийн шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа доголдоход ихэсдэг фермент болох шүлтлэг фосфатаза (ALP) аспартат аминотрансфераза (AST) нь цомцогт бэр цэцэг ургамлын ханд уулгасан туршилтын амьтанд 24.9%, 49.3%-иар тус тус буурч байсан. Эдгээр судалгааны үр дүнгээс үзэхэд цомцогт бэр цэцэг ургамал нь элэгний өвчлөлийн үед маш өндөр эмчилгээний үр дүнтэй болох нь харагдаж байна. Ялангуяа 14-21 буюу түүнээс дээш хоногоор тус ургамлан эмийг уух нь элэгний үрэвслийг эмчлэх мөн элэгний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болохыг бидний судалгааны дүн харуулж байна.

-Та бүхэн бүтээгдэхүүнээ хэзээ гаргах вэ?

-Бидний өмнөх судалгаагаар цомцогт бэр цэцэг ургамалд агуулагдах сахарын уламжлалт нэгдэл нь бактерийн антибиотикт тэсвэрлэх чадварыг бууруулах идэвхтэй буюу куорум сенсинг дарангуйлах идэвхтэй нь тогтоогдон амны хөндийн үрэвслийг эмчлэх ам зайлагч бүтээгдэхүүнийн үндсэн түүхий эд болон судлагдаж байна. Судалгааны ажлын үр дүнг оюуны өмч болгон баталгаажуулаад явж байна. Мөн бид МУИС-ийн дэргэдэх Гарааны “Мон Грийн Такара” компанийг байгуулсан. Бүтээгдэхүүнээ Нахиа эмийн үйлдвэртэй хамтран гаргахаар бэлтгэж байгаа.

-Энэ ажлыг хийхэд ямар нэг саад бэрхшээл бий юү?

-Монгол орныхоо биологийн нөөцийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан, судалгааны үр дүнг ашиглан Монгол хүний эрүүл мэнд эмчилгээнд чиглэсэн бүтээгдэхүүн хийн зах зээлд нийлүүлэх зорилготой инновацийн судалгааг сүүлийн хэдэн жил тасралтгүй хийж байна. Харамсалтай нь эмийн бүтээгдэхүүн хийх нь хүнд сурталтай тулгарах, асар олон бичиг баримт бүрдүүлэх зэрэг бэрхшээлтэй байдаг. Гэвч бид зогсолтгүй урагшилсаар, туршлага хуримтлуулсаар байна.

Эх сурвалж: МУИС-ийн мэдээ

Холбоотой мэдээ