Б.Хурцад 1.6 жил, Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноолоо

2021-04-01 9 0

Улсын Дээд шүүхээс өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурцад 1.6 жил, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбатад нэг жилийн хорих ял оноох шийдвэр гаргалаа.

Шүүхээс тэднийг эрүүдэн шүүсэн гэм буруутайд тооцож хорих ял оноосон байна.

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хэрэг тулгасан гэх үндэслэлээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.

Тэгвэл Төв аймаг дахь сум эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны Долдугаар сарын 22-ны өдрийн 272 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны Аравдугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох 40 хавтас маш нууцын хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Улсын дээд шүүх өнөөдөр хаалттай хянан хэлэлцсэн юм.

Эх сурвалж: Улсын дээд шүүх

Холбоотой мэдээ