Монгол Бөх мухаралд оров

2022-01-17 232 0

Монголын үндэсний бөхийн холбоо Жем Интернэшнл хамтран зохион байгуулсаар ирсэн ‘’Монгол улсын харцага цолтой бөхчүүдэд хүндэтгэл үзүүлэх уламжлалт барилдаан’’ ёс бусаар цуцлагдав. Учир нь 2020 оны улсын баяр наадмаар допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Даян аварга Н.Батсуурь, Улсын арслан Р.Пүрэвдагва нар барилдахаар бүртгүүлснээс гол асуудал үүссэн юм. Тэднийг барилдахаар бүртгүүлсэн тухай мэдээлэл барилдаан болохын өмнөх орой олон нийтийн сүлжээгээр тархсан. Тэр даруй улсын гарьд Б.Гончигдамба, улсын харцага О.Хангай нарын тэргүүтэй бөхчүүд эсэргүүцэж буйгаа өөрийн цахим хуудсандаа илэрхийлсэн юм. Учир нь ҮИБЗБК-ын бөхийн салбар хороо дээрх  допинг хэрэглэсэн бөхчүүдэд шударга бус шийтгэл оноосон гэж үзэж байгаатай холбоотой юм. Үүний өмнөх онуудад допинг илэрсэн бөхчүүд хоёр жилээр барилдах эрхээ хасуулж цол, чимэгээ хураалгаж байсан бол тэдний чимгийг хураагаад барилдах эрхийг 11 сараар хассан нь ийнхүү бөхчүүд, бөх сонирхогчдын дургүйцлийг төрүүлээд байгаа юм.  Тийм ч учраас аварга, арслан хоёр нэгийн даваанд зүүн, баруунаа магнайлаад гартал бусад бөхчүүд дэвжээн дээр гарч ирэлгүй эсэргүүцэж байсан ч даян аварга Н.Батсуурийн аав тэдний араас гарах улсын харцага, заануудыг гуйх загнахын дундуур талбайд гарахыг шаардсаар туух шахам гаргаж ирэв. Ингээд нэгийн даваа эхэлсэн ч талбайд гарч ирсэн улсын цолтой хэдхэн бөх амныхаа залуу бөхчүүдийг давсанаар энэхүү барилдаан үргэлжлэх боломжгүй болсон юм. Эсэргүүцлээ илэрхийлж байгаа бусад 200 гаруй бөх нь барилдахгүй гэж мэдэгдсэн боловч МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав асуудалд орооцолдсон хоёр бөхийг энэхүү барилдаанаас хасч бөхийн барилдааныг дахин шинээр эхлүүлэхийг үүрэг болгосон юм. Ингээд бөхийн барилдаан дахин шинээр эхлэхээр болж бөхчүүд талбайд гарч иртэл даян аварга Н.Батсуурь аавынхаа хамт  нутгийнхаа залуу бөхчүүдийг дагуулан, дээл хувцастайгаа талбайд гарч ирж эсэргүүцлээ илэрхийлэн зогссоноор бөх барилдах ямар ч боломжгүй болов. Энэхүү маргаантай асуудал бүтэн 3-4 цаг үргэлжилсэн тул МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав арга буюу барилдааныг цуцлахаас өөр аргагүйд хүрэв. Үндсэндээ допинг хэмээх энэхүү хар тахлаас болж Монгол бөх ямар ч гарах гарцгүй мухардалд орсон нь энэ байлаа. Харин энэхүү үйл явдлын дундуур улсын арслан Р.Пүрэвдагва ард түмнээсээ уучлалт гуйн нэгийн даваа шинээр эхлэх үед аль хэдийн гарч одсон байлаа. Энэ асуудлыг нэн даруй шийдвэрлэхгүй бол бид цагаан сарын барилдаанаа ч үзэж чадахгүй янзтай. Тиймээс бөхчүүд, бөхийн холбоо тэрхүү шударга бус шийдвэр гаргасан эрх бүхий хүмүүстэй дахин уулзаж энэхүү бусармаг шийдвэрээ засч залруулахыг шаардсан нь зүйтэй болов уу….

 

Холбоотой мэдээ