Ерөнхий сайд БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөллөө

2022-01-17 125 0

Ерөнхий сайд БОАЖ-ын сайд Н.Уртнасанг ажлаас нь чөлөөллөө

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2022.01.17/ болж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг багаар нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал түүнтэй хамт дэд сайд  Ц.Батбаяр, Төрийн нарийн дарга Д.Ганболд нарыг ч мөн чөлөөлсөн байна. Өнгөрсөн долоо хоногт БОАЖ-ын сайд Н.Уртнасан албаны бусад хүмүүсийн хамт айлын гэрт “нэгжлэг” хийсэн нь олон нийтийн бухимдлыг багагүй төрүүлсэн юм. Энэ өвөл Улаанбаатарын утаа ихэсч, агаарын бохирдлынхоо хэмжээгээр  дэлхийд нэгд бичигдэх болсон. Харамсалтай нь, агаарын бохирдолтой тэмцэх, байгаль орчныг хамгаалах ажлаа БОАЖ-ын сайд тун хариуцлагагүй хийсэн гэж Ерөнхий сайд үзсэн бололтой.

Н.Уртнасан нь  Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын давхар дээлгүй сайд нарын нэг бөгөөд тэрбээр 2021 оны нэгдүгээр сарын 19-нд БОАЖ-ын сайдаар томилогдож байлаа. Өөрөөр хэлбэл, яг нэг жилийн дараа тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байна.

Ийнхүү Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр олгогдсон эрх мэдлийн дагуу Ерөнхий сайд танхимынхаа сайд нартай хариуцлага тооцож эхэллээ.  Н.Уртнасан нь Агаарын бохирдолтой тэмцэх үндэсний хорооны дарга атал нэг ч удаа хурлаа хийгээгүй, агаарын бохирдолтой тэмцэх талаар дорвитой арга хэмжээ аваагүй, мэргэжлийн байгууллагуудаа чиг үүргээр хангаж чадаагүй гэх үндэслэлээр Засгийн газрын тэргүүн түүнтэй хариуцлага тооцжээ. Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг нь чөлөөлсөн тул БОАЖЯ-ны үйл ажиллагааг  ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан түр орлон гүйцэтгэх юм байна. Мөн түүнчлэн нийслэлийн зарим албан хаагчдад арга хэмжээ авахыг Улаанбаатарын хотын захирагч Д.Сумъяабазарт Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас даалгасан байна.

Б.БАТ

Холбоотой мэдээ