Д.Одончимэг: Халдварын үед бид нийгмээрээ ШИНЭ ДАДАЛ, ЗАН ҮЙЛД суралцаж байна

2021-04-02 17 0

Коронавирусийн цар тахлын үед эмнэлгүүд өндөржүүлсэн бэлэн байдалд шинжин ажиллаж байгаа. Тэгвэл энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Чанар, аюулгүй байдлын албаны дарга Д.Одончимэгтэй ярилцлаа. 

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төв /СЭМҮТ/ нь Коронавирусийн цар тахлын үед ард иргэдэд эрүүл мэндийн сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа хамт олны нэг. Тэгэхээр энэ үед та бүхэн хэрхэн ажиллаж байна вэ? 

-Сайн байна уу. Манай эмнэлэг нь коронавирусийн халдварын асуудал яригдаж эхэлсэн цагаас хойш жил гаруйн хугацаанд үйл ажиллагааны чиглэлийн дагуу иргэдэд, эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч, ажилчид болон бэлэн байдлын үед дайчлагдан ажиллаж байгаа алба хаагч нартаа сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн Коронавирусийн цар тахлын үед төвийнхөө хэмжээнд амбулатори болон хэвтэн эмчлүүлэх тусламж үйлчилгээг аль ч нөхцөл байдалд, ямар ч үед тасалдуулалгүйгээр халдвараас сэргийлэн, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. 

-Коронавирусийн халдвар тархсанаас хойш иргэдийн сэтгэл зүйд бас нилээд өөрчлөлт гарч байх шиг байна. Тэгэхээр та бүхэн зөвлөгөө мэдээллийг хэрхэн хүргэж ажиллаж байна вэ? 

-Коронавирусийн халдварын нөхцөлөөс хамаараад бид шинэ шинэ зүйлд дасан зохицох, суралцах, дадал бий болгох шаардлагатай болсон. Наад зах нь нэг хүн өвчлөхөөр маш олон хүнийг хамарч байгаа тул иргэн болгоноос л маш их хариуцлагыг шаардаж байна шүү дээ. Үүн дээр ард иргэд болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эмч, эмнэлгийн алба хаагчид хүртэл сэтгэл зүйн хувьд зарим нь бэлэн биш байна. Тэгэхээр аль аль талд нь сэтгэл зүйн тусламж үйлчилгээ хэрэгтэй. Тиймээс бид иргэдэд чиглэсэн мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг чанартай хүргэхийг зорьж байна.

Хоёрдугаарт тодорхой зорилтот бүлгүүдэд чиглэсэн сэтгэл зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх, сэтгэл зүйн бэлэн байдлыг хэрхэн хангах чиглэлээр сургалтууд явуулж байна.

Сургалтыг онлайн хэлбэрээр болон шаардлагатай тохиолдолд халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин танхимаар зохион байгууллаа.

Өнгөрсөн жилийн хувьд танхимаар болон онлайн сургалтуудыг зохион байгуулж орон нутгийн эмч, мэргэжилтнүүд болон ЦЕГ, ОБЕГ-ын алба хаагчид хамрагдсан. Үүнээс гадна улсын төв эмнэлгүүд энэ цар тахлын үед маш их ачааллыг үүрч ажиллаж байгаа. Эдгээр эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сэтгэл зүйн бэлэн байдал чухал байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чиглэлээр УНТЭ, УХТЭ, УГТЭ-үүдэд танхимын болон онлайн сулгалтыг авсан. Үүнээс гадна эмч, эмнэлгийн ажилчидтай мөр зэрэгцэн ажиллаж байгаа резидент эмч нарт зориулсан сургалтыг Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан. Энэхүү сургалтуудын хүрээнд манай төвийн сэтгэл засалч эмч нар сэтгэл зүйн бэлэн байдлын чиглэлээр хичээл заасан. 2020 онд нийт 66 хэвлэл мэдээллийн хэрэгслээр 90 гаруй удаа мэдээ мэдээлэл, зөвлөгөө, зөвлөмж өгч ажилласан. Тэр нь тодорхой хэмжээгээр хүн амын сэтгэл зүйд нөлөөлсөн байх.

-УОК, ЦЕГ, ОБЕГ-тай хэрхэн хамтран ажиллав. 

-Бидний хувьд эдгээр байгууллагуудтай нилээд удаан хугацаагаар штаб дээр нь байрлаж хамтран ажилласан. Эдгээр алба хаагчидын хувьд маш олон цагаар хүнд нөхцөлд ажиллаж байгаа. Тиймээс алба хаагчдын сэтгэл зүйн байдлыг хэрхэн хангах тал дээр танхимын болон онлайн сургалтыг зохион байгуулсан. Бүлгийн сэтгэл засал болон шаардлагатай хүмүүст ганцаарчилсан сэтгэл заслыг хийж ажиллалаа. УОК-той олон ажил дээр хамтран ажилласны нэг нь Улсын хэмжээний Онцгой байдлын албанд “Гамшигийн өмнө, гамшигийн үе, гамшигийн дараах үед сэтгэл зүйн болон сэтгэл заслын тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-ыг боловсруулах ажлын хэсэгт манай төвийн Сэтгэл заслын багийн ахлагч Э.Мөнх, сэтгэл засалч Б.Жаргал нар хамтран ажилласан. Сэтгэл зүйн тусламжийн чиглэлээр иргэдэд зориулсан 7 төрлийн тараах материал, сэтгэл заслын чиглэлээр 3 төрлийн видео хийж тусгаарлах байрууд болон иргэдэд тараасан.

“Өнөөдөр гараа тогтмол угааж, маскаа тогтмол зүүх, хүн хоорондын зайг барих нь халдвараас сэргийлэх хамгийн том дадал гэдгийг хүн болгон мэдчихлээ, хэвшүүлэх л хэрэгтэй байна. 

-Иргэдэд хамгийн түрүүнд ямар зөвлөгөөг өгмөөр байна. 

-Хамгийн эхлээд иргэд ухамсартайгаар, бодит эх сурвалжаас мэдээлэл авах хэрэгтэй байна. Албан ёсны байгууллагаас өгсөн, судалгаа шинжилгээнд үндэслэгдсэн мэдээнд итгэх нь хамгийн чухал. Аливаа хүн өөрийнхөө ойлгоогүй, мэдэхгүй зүйлтэй нүүр тулахдаа хамгийн түрүүнд айдас, түгшүүрт автах, өөртөө итгэлгүй болох, эргэлзэж эхэлдэг. Энэ нь хэвийн сэтгэл зүйн хариу урвал тул хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Манай төвөөс цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Коронавируст халдварын улмаас эмчлэгдэж эдгэрсэн хүмүүсийн сэтгэлзүйн байдлыг үнэлэх судалгаа”, “Коронавируст халдварын үеийн хүн амын сэтгэцийн тулгамдсан асуудал” сэдвүүдээр судалгаануудыг хийсэн.

Зарим иргэдийн хувьд бодит мэдээллийг бодит эх сурвалжаас авч чадаагүйгээс болоод хуурамч, бодит бус мэдээлэлд итгэж, түүнийгээ дагаж сөрөг сэтгэл хөдлөлд автаад байна.

Энэ нь өдөр тутмын шийдвэр гаргалтад хүртэл нөлөөлдөг. Энэхүү Ковид-19-ийн халдварын нөхцөл байдал нь амаргүй байна. Тиймээс өдөр тутмын амьдралд халдварын нөхцөл байдлаас шалтгаалаад хүмүүсийн зарим эрх нь хязгаарлагдаж байгаа. Үүнтэй холбоотой хүмүүс бухимдах, уурлах гэх мэт асуудал гарсаар байна. Үүн дээр иргэд бодит байдлыг зөв ухаарах, хүлээн зөвшөөрөх тал дээр учир дутагдалтай байна. Хүн бүр ийм цаг үед миний хамгийн үнэт зүйл юу вэ гэдгийг өөрөөсөө асуугаад өөртөө хариулаасай гэж хүсэж байна.  Халдвараас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд би юу хийж чадах вэ гэх мэтээр.

Өнөөдөр гараа тогтмол угааж, маскаа тогтмол зүүх, хүн хоорондын зайг барих нь халдвараас сэргийлэх хамгийн том дадал гэдгийг хүн болгон мэдчихлээ, хэвшүүлэх л хэрэгтэй байна. 

“Тусгаарлах байруудад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр эмч мэргэжилтнүүд тогтмол ажиллаж байна”

-Эмч нарыг сургалтанд хамруулах нь хамгийн чухал ажлын нэг. Учир нь ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалж байгаа эмч нар маань өөрсдөө сэтгэл зүйн бэлтгэлтэй байж ард иргэдээ тайван байлгана шүү дээ. 

-Тэр үнэн тиймдээ ч бид эмч, мэргэжилэнүүдэд чиглэсэн маш олон сургалтуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна. Эмч нарын хувьд сэтгэл зүйн бэлэн байдлыг хангуулахаас гадна халдвар хамгаалал, эрсдэлийг бууруулах дадал суулгах нь маш чухал. Тиймээс хамгаалах хувцас хэрэгслийг зөв өмсөх, тайлах дадлыг бий болгох, халдваргүйжүүлэлт, халдварын сэргийлэлт хяналтын талаар ЭМЯ, ЭМХТ-өөс маш олон удаа сургалт зохион байгуулсан.

Халдварын хамгийн анхны тохиолдол Монгол Улсад бүртгэгдэхэд бүх хүн айж, цочирдож байсан бол өнөөдөр тохиолдлын тоо ихсээд байхад түүнд өгч буй сэтгэл зүйн хариу урвал, хүмүүс хандлага өөр болсон байна. Өөрөөр хэлбэл бид нийгмээрээ суралцангаа сэтгэл зүйн хувьд дасан зохицож байна.

-Эрүүл мэндийн байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд PCR шинжилгээ хийхэд гар бие оролцон ажиллаж байна л даа. Тэгэхээр танай эмнэлгийн хувьд энэ ажилд хэрхэн оролцож байна вэ? 

-Бидний хувьд Баянзүрх дүүргийн 142, 69 дүгээр сургууль дээр PCR шинжилгээний цэгийг хариуцан зохион байгуулсан. Одоо ч энэ үйл ажиллагаа маант үргэлжилж байна.

Мөн Яармагийн 300 ортой эмнэлэгт ажиллах хүчин татахад бид хүний нөөцийг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллаж, тодорхой тооны хүмүүсээ ажиллуулж байна. Тусгаарлах байруудад сэтгэцийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх чиглэлээр эмч мэргэжилтнүүдээ томилон ажиллуулж байна. 2020 онд нийт дөрвөн ажилтан 21 хоногоор тусгаарлагдаж тусгаарлах байранд ажилласан. Өнөөдөр гэхэд тусгаарлах байрнаас дуудлага ирчихсэн бид эмчээ томилоод сууж байна.

2020 онд тусгаарлах байранд давхардсан тоогоор 70 орчим хүнд, 2021 он гарсаар 10 гаруй тохиолдолд тусламж үйлчилгээг утсаар болон газар дээр нь биечлэн үзүүлж ажилласан.

Тусгаарлалтад байгаа, халдвар авсан зарим иргэдийн хувьд нойргүйдэх, айх, түгших, оношоо хүлээн зөвшөөрөхгүй байх, сэтгэл санаа хямарсан, сэтгэцийн бусад асуудалд бид яалт ч үгүй тусламж үзүүлэх хэрэгтэй.

Тэгэхээр энэ нөхцөл байдалд бид халдвар хамгааллын дэглэмээ баримтлан тасралтгүй л үүргээ гүйцэтгэж, сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ үзүүлэн ажиллаж байна. Үүнээс гадна бид өөрсдийнхөө ажилчидаа шинжилгээнд байнга хамруулж байх зорилгоор тусгай цэгийг ажиллуулсан. Хэвтэн эмчлүүлэх гээд ирж байгаа хүн болон амбулаториор үйлчлүүлэх иргэдэд зориулан түргэвчилсэн оношилгоо болон PCR шинжилгээ авах  тусгай цэгийг 24 цагаар ажиллуулж байна.

-Танайх зөвлөгөө өгдөг тусгай дугаарыг ажиллуулдаг гэсэн. Энэ тусгай дугаарт өдөрт хичнээн хүн холбогдож зөвлөгөө мэдээлэл авч байна. Коронавирусийн халдварын үед ачаалал нэмэгдсэн үү. 

-Ерөнхийдөө халдварт өвчний үед сэтгэл зүйн тусламж үйлчилгээ авах эрэлт нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор СЭМҮТ нь 24 цагаар мэдээлэл, зөвлөгөө өгөх 1800-2000 дугаарын утсыг ажиллуулж байгаа бөгөөд өнгөрсөн 11 сард дотоодын халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, түүний дараа бүх нийтийн бэлэн байдал зарлагдсан өдрүүдэд хоногт 200-300 дуудлага ирж байсан. Дуудлагын утсанд хандах иргэдийн тоо 2021 оны нэгдүгээр сарыг дуустал буураагүй. Одооноос иргэд шинэ байдалд дасан зохицож, илүү сайн ойлголтой болж байна.

Мөн вакцинжуулалт эхэлсэн учир иргэд хамгаалалт бий болчихлоо гэсэн найдварын доор хямрах бухимдах нь арай багасч байх шиг байна.

Гадаадад байгаа Монголчууд маань ч гэсэн энэ утсанд хандаж зөвлөгөө авах боломжтой. Зарим иргэдийн хувьд ганц, хоёр минут яриад л шаардлагатай мэдээллээ аваад тасалж байхад зарим иргэд нь 20-30 минутаар бүр бүтэн цаг хүртэл хугацаагаар ярьж зөвлөгөө авсан тохиолдол гарч байна.

Энэ нь юуг харуулаад байна вэ гэхээр ард иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл авах хэрэгцээ шаардлага өндөр байгааг харуулж байгаа юм.

Үүнээс гадна манай эмнэлгээр заавал үйлчлүүлэх ёстой иргэдэд яг хаана хандах, үзүүлэх цаг хэрхэн авах талаарх мэдээллийг мэдээллийн утсаараа дамжуулан өгч байна. Ингэснээр иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах, цагийг хэмнэх боломжтой болж байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа. 

Холбоотой мэдээ