“Шилийн богд” ууланд 900 орчим тээврийн хэрэгсэл, 3000 гаруй иргэн цугларчээ

2022-02-09 92 0

“Шилийн богд” ууланд 900 орчим тээврийн хэрэгсэл, 3000 гаруй иргэн цугларчээ

“Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн шинийн 8-н буюу өнөөдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сум “Шилийн богд” ууланд 900 орчим тээврийн хэрэгсэл, 3000 гаруй иргэн нэг дор цугларчээ.

Энэ талаар Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад “Шинийн 3-наас эхлээд хөдөлгөөн нэмэгдсэн. Өнөөдрийн байдлаар 800-900 тээврийн хэрэгсэл, 3000 гаруй иргэн цугларсан байна. Сар шинийн баярын өдрүүдэд аймгийн цагдаагийн газар гурван пост гаргасан. Шинийн 15-н хүртэл цагдаагийн постууд ажиллана. Алба хаагчид зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор анхааруулга, санамж өгч, хяналт тавин ажиллаж байна. Түүнчлэн Байгаль орчны газрын алба хаагчид иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа.  

Сар шинийн дараа жил бүхэн ийм тооны иргэд “Шилийн богд”-д ирдэг. Дарьганга суманд тусгай хамгаалалтын захиргаа гэж бий. Тус газар иргэдээс 1000-2000 төгрөгийн хураамж авдаг. Өөр ямар нэг шимтгэл, хураамж авахгүй. Уг нь байгаль орчин бохирдуулсан болон зүй бус үйлдэл гаргасан иргэдэд хариуцлага тооцох нь зөв ч хууль эрх зүйн орчин хангалтгүй байдаг. Бид дур мэдэн хууль, дүрэм, журам гаргах боломжгүй. Хүмүүс ирээд буцсаны дараа сумын иргэд, ЗДТГын алба хаагчид их цэвэрлэгээ хийдэг. Хөдөлгөөн шинийн 15-наас татардаг” гэлээ.

“Шилийн богд”-д гэмт хэрэг зөрчил бүртгэгдэж байгаа эсэхийг аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад харьцангуй тайван байна. Гэхдээ өчигдөр нэг автомашины осол гарсан. Хүн гэмтэж бэртээгүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил зонхилж байна” гэлээ.

Холбоотой мэдээ