“Маскаа нойлдоо хийж урсгадаг тохиолдол маш их нэмэгдсэн”

2021-04-23 68 0

Хөл хорионы хугацаанд гэрийн тусгаарлалтад буй иргэдэд ундны усыг хэрхэн түгээж байгаа талаар УСУГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Т.Солонгоос тодрууллаа.

-Гэрийн тусгаарлалтад байгаа гэр хорооллын иргэдэд ундны усыг нь тасалдуулахгүй түгээх ажлын явц ямар байна вэ?

-Нийслэлийн хүн амыг унд, ахуйн цэвэр усаар тасралтгүй хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулж цэвэрлэх ажил халдварын тархалт нэмэгдэж буй энэ цаг мөчид ч хэвийн үргэлжилж байна. Нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Цар тахлын халдвар дэлхий нийтэд тархаж, манай улсад ч халдвараар өвчилсөн иргэдийн тоо нэмэгдэж, түүнийг дагаад тэдгээр иргэдэд ундны усны хэрэгцээ ч их болж байна. Тухайлбал, төвийн зургаан дүүрэгт Covid-19-ийн тохиолдлоор өвчилсөн, ойрын хавьтагч болж гэртээ тусгаарлагдаж буй гэр хорооллын өрх олон байна. Бид тэдгээр айлуудад зөөврийн машинаар гэрийнх нь гадаа очиж ундны ус түгээж, аль болох хүндрэл учруулахгүйгээр хүчээ дайчлан ажиллаж байна.

-Нийслэлийн хэмжээнд хичнээн цэвэр, бохир усны шугам хоолой байдаг вэ?

-Хотын төвийн төвлөрсөн системийн 596 км цэвэр усны шугам хоолой бий. Мөн 299 км бохир усны шугам сүлжээ байдаг. Ус бол хүн төрөлхтний бүтээж чадаагүй зүйл боловч усгүйгээр хүн нэг ч хоног байж чадахгүй. Ус асар их үнэ өртгөөр хэрэглэгчийн гарт хүрдэг боловч бараг үнэгүй шахам худалдаалагддаг. Бусад оронтой харьцуулахад манай улсад усны үнэ маш хямд. Тиймээс иргэд усаа хайрлах нь зүйтэй юм.

-Мэргэжилтэн, техник хэрэгсэл болон ажиллах хүчний нөөц хангалттай байна уу?

-Улаанбаатар хотын хэмжээнд УСУГ-т нийт 1783 ажилтан ажиллаж байгаагийн дийлэнх нь эмэгтэйчүүд. Мөн ихэнх хувь нь гэр хорооллын ус түгээгчид байдаг. Тэдгээр түгээгчид маань халдварын энэ нөхцөлд хагас цэрэгжилтийн байдалтай ажиллаж байна. Автомашины хувьд ус зөөдөг 60 машин байдаг. Эдгээрээс алслагдсан, уул даваад байдаг айлуудад ус түгээхэд ачаалал нэмэгдэж байна. Үүнээс гадна тулгамдаж байгаа нэг асуудал бол иргэд зориулалтын бус, шаардлага хангахгүй хуванцар саванд цэвэр ус авч байна. Түгээгчид тэдгээр хүмүүст ус өгөх боломжгүй гэж хэлж чадахгүй шүү дээ. Адилхан иргэд учраас нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж байна. Хуванцар сав иргэдийн ундны ус, ариун цэвэр, аюулгүй байдалд ч асуудал үүсгэх учраас ундны усны саваа мөн зөв сонгох хэрэгтэй байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 10-наас эхлэн УСУГ Шуурхай ажлын хэсгийг томилон ажиллаж байна. Ундны усны аюулгүй байдлыг хариуцсан инженерүүд, бусад холбогдох цэвэрлэх байгууламж, авто бааз цэргийн албан хаагчид 24, 72 цагаар ээлжлэн өдөр, шөнөгүй ажиллаж байна.

Зөөврөөр ус түгээх явцад халдвар хамгаалалтыг хэрхэн сахиж ажиллаж байгаа вэ?

Байгууллагын зүгээс амны хаалт, хувийн хамгаалах хэрэгслээр тогтмол хангаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, зөвлөмж, мэдээлэл өгч ажиллаж байгаа учраас одоогоор үүссэн хүндрэлтэй асуудал байхгүй байна. Ус сувгийн удирдах газрын алба хаагчид эрсдэлт бүсэд ажиллаж байгаа учраас халдвар хамгаалалтын дүрэм журмыг сахихгүй бол өөрөөс гадна олон мянган хүнийг эрсдэлд оруулна. Тиймээс манай байгууллагын ажилчид бүгд халдвар, хамгаалалтын дүрэм журмыг сайтар баримталж байна. Ус түгээх машинуудыг ч түгээлтээс ирмэгц дор бүрт нь ариутгаж, цэвэрлэж байна.

-Бохир усаар халдвар тархах эрсдэл бий юу?

Голландад цэвэрлэх байгууламжаас Covid-19-тэй ижил төрлийн вируст халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдсэн. Түүнээс өөр бүртгэгдсэн албан ёсны мэдээлэл байхгүй байна. Ус түгээх байр, цэвэрлэх байгууламж маань эрсдэлтэй бүсэд хамаардаг. Тиймээс бид ундны усны хэрэгцээ шаардлагыг тасралтгүй хангахдаа ариун цэврийн журмыг сайтар сахиж байна.

-Цэвэрлэх байгууламжид ажиллаж байгаа хүмүүс халдвар хамгаалалтын журмыг хэрхэн баримталж ажиллаж байна вэ?

-Цэвэрлэх байгууламжийн 160 гаруй ажилчны эрүүл мэндийн асуудал хамгийн чухал. Төв цэвэрлэх байгууламжид тулгамдсан асуудал олон бий. Тус байгууламжид ажиллаж байгаа ажилчдын хөдөлмөрийг иргэд маань хүндэлж адаглаад нойл руугаа нойлын цаас, памперс, маскаа хийхгүй байхыг уриалмаар байна. Сүүлийн үед маскаа нойлын бохир усаар урсгадаг тохиолдол маш их нэмэгдсэн. Үүнээс болоод ажилчдын маань ачаалал мөн нэмэгдэж байна. Улаанбаатар хотод тэртээ 64 жилийн өмнө 500 мянган хүн ам амьдарна гэж тооцоолж, ахуйн усыг хүлээн авахаар барьсан байдаг шүү дээ. Гэтэл өнөөдөр Монгол Улсад хүн амын хэчнээн хувь нийслэлд амьдарч байгаа билээ, мөн аж ахуйн нэгжүүдийн хэдэн хувь нь хотод төвлөрсөн байдаг вэ гэдгийг харгалзаж үзэх зайлшгүй шаардлага тулгарч байгааг иргэд анхаарах хэрэгтэй. Зөвхөн ахуйн ч биш, байгууллагын бохирыг хүртэл ганцхан цэвэрлэх байгууламж дээр ачааллаж цэвэрлэж байгаа энэ нөхцөлд иргэд ухамсартай байх шаардлагатай байна.

-Иргэдийн дуудлага мэдээллийг тухай бүрт нь шийдвэрлэх тал дээр ямар зохион байгуулалттай ажиллаж байгаа вэ?

-Манай үндсэн үйлдвэрлэлийн төвийг хяналт удирдлагын газар хариуцдаг. Өнгөрсөн онд УСУГ “Хяналт удирдлагын төв” буюу Улаанбаатар хотын цэвэр, бохир усыг алсын зайнаас хянаж удирддаг төвтэй болсон. Аль хэсгийн хэрэглэгчдэд ус илүү хэрэгцээтэй байна вэ гэдгийг хянадаг гэсэн үг. Тус төвд 24 цагийн турш дуудлагын оператор, жижүүрүүд өдөр бүр санал, хүсэлт зэргийг шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Мөн өргөдлүүдийг цаг тухайд нь шийдвэрлэхээр ажиллаж байна.

Нийслэлийн аль аль хэсэгт усны хэрэгцээ, хэрэглээ өндөр байна вэ. Хомсдол үүссэн тохиолдол гарсан уу?

-Улаанбаатарчууд газрын гүний ус уудаг азтай хүмүүс. Долоон эх үүсвэрээр олборлосон усыг тусгай лабораторид шинжлээд, хүний биед сөрөг нөлөө үзүүлэх эсэхийг сайтар хянаж, түгээж байна. Усны төв лаборатори маань усыг шинжлээд, найдвартай ус байна гэж дүгнэсний эцэст түгээж байгаа гэж ойлгож болно. Нийслэлийн хэмжээнд гэр хороолол болон орон сууцны иргэд нийт 150 мянган м/куб усыг ундандаа хэрэглэдэг. Эндээс үзэхэд орон сууцанд амьдарч буй иргэн хоногт 130 литр, гэр хорооллын нэг иргэн 7-8 литр ус ундандаа хэрэглэж байна.

-Цаашид гэрийн тусгаарлалтын иргэд нэмэгдэж, зөөврөөр ус түгээх тохиолдлын тоо нэмэгдвэл ямар төлөвлөгөө баримталж ажиллах вэ?

-УСУГ-ын шуурхай ажлын хэсэг НОК-оос ирсэн журмын дагуу тухай бүрт нь хуралдаж, зохих арга хэмжээ авч_ зохицуулалт хийж ажиллах төлөвлөгөөг баримталж ажиллаж байна.

-УСУГ-т хамгийн их тулгамдаж байгаа асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? 

-Дулааны улиралтай зэрэгцэн газар шорооны ажил эхэлж байгаатай холбоотойгоор иргэд, ААН-үүд манай байгууллагын төв шугам сүлжээг гэмтээх асуудлууд гардаг. Үүнээс үүдээд ойролцоох газруудын иргэд усгүй болох тохиолдол гарч байна. Ойрын жишээ хэлбэл, гуравдугаар сарын 16-нд “Баганат өргөө” компанийн гэр хорооллын дахин төлөвлөлтөөр барьж байсан барилга манай төвийн усны шугам сүлжээг хагалсан асуудал гарсан. Түүний улмаас “Амгалан” амаржих газар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг болон ойролцоох айл өрхүүдэд ус тасалдсан асуудал үүсч, асуудлыг газар дээр нь ажлын хэсэг очиж шуурхай шийдвэрлэсэн. Иймд иргэд, ААН-үүд бүтээн байгуулалт хийх явцдаа анхаарал болгоомжтой ажиллах хэрэгтэй байна.

С.УНДАРМАА

Холбоотой мэдээ