Монголын балетын үндэсний сургууль 23 сая төгрөгтэй дүйх шагналын сан бүхий уралдаан зарлалаа

2021-05-18 95 0

Хөл хорионы хугацаанд цахим сургалтаа амжилттай явуулж, сургалтын нэг жилээ дуусгаж буй Монголын балетын үндэсний сургуулиас өөрийн суралцагчдын дунд уралдаан зарласан билээ. Цахим уралдааны бүртгэл өчигдөр (2021.05.16) дууслаа.

Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан Монголын балетын үндэсний сургуульд хичээллэдэг 60 гаруй сурагч тус уралдаанд оролцохоор бүртгүүлээд байна.

Сонгон шалгаруулалт тавдугаар сарын 30-ныг дуустал цахимаар үргэлжлэх ба Монголын балетын үндэсний сургуулийн 2020-2021 оны хичээлийн жилийн үндсэн хөтөлбөрт хамрагдсан 8-аас дээш насны сурагчдын дунд нээлттэй зарласан юм.

Ангилал тус бүрийн эхний гурван байрт шалгарсан сурагчдад 2021-2022 оны хичээлийн жилийн 20-100 хувийн тэтгэлэг олгох бол “Шилдэг үзүүлбэр” гурвыг шалгаруулан, ОХУ-ын “Гришко” брэндийн нэрэмжит шагнал гардуулах ажээ.

Тэтгэлгийн ивээн тэтгэгчээр Ulaanbaatar Ballet, тусгай хамтрагчаар Grishko World оролцож байна. Тэмцээний шагналын сан 23 сая төгрөг болж байгаа нь Монголын ирээдүйн бүжигчдийн хувьд маш том дэмжлэг болж байгааг онцлох нь зүйтэй.

Уралдааны шүүгч нарыг танилцуулъя

  • Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монголын үндэсний балетын сургуулийн захирал, Монгол Улсын Соёлын Элч Д.Алтанхуяг
  • Өмнөд Солонгосын “Жин Арт” төвийн мэргэжлийн балетын тэнхимийн ахлах багш Д.Одмаа
  • Их Британий SB Ballet Academy-ийн захирал Б.Сарнай
  • Өмнөд Солонгосын Universal Ballet Academy-ийн бүжигчин М.Mөнхтуяа
  • Япон улсын S&K Ballet студийн захирал Саяака Ябүта
  • Япон улсын OIBC NS Ballet Academy-ийн захирал Maко Нагасаки

Холбоотой мэдээ