Өнгөрсөн хоногт 5 хүн коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас баржээ

2021-05-24 33 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 630 тохиолдол шинээр батлагдлаа. Бүгд дотоодын халдвар байна. Улаанбаатар хотод 581, орон нутагт 49 бүртгэгдлээ.

Орон нутагт зорчих хөдөлгөөн нээгдсэнтэй холбоотойгоор сайн дураар шинжилгээ өгөх иргэний тоо нэмэгдсэн. Сүүлийн өдрүүдэд сайн дураар шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын шинэ тохиолдол батлагдаж байгаа. Иймд иргэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байна.

Нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Сүүлийн хоногт коронавирусийн халдварын нэн хүнд хэлбэрээр таван хүн нас барлаа” гэлээ.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 265 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 253 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 12 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.

Холбоотой мэдээ