Улсын хэмжээнд коронавирусийн халдварын улмаас 271 хүн нас бараад байна

2021-05-27 60 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээллээ.

ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр “Өнгөрсөн хоногт коронавирусийн халдвар илрүүлэх зорилгоор 6237 хүний сорьцод шинжилгээ хийхэд 653 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тоо 55,067 болж байна.

Шинээр илэрсэн 653 тохиолдол бүгд дотоодод бүртгэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод 625, орон нутагт 28 бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт 533 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 48,674 боллоо. Халдварын улмаас 4285 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас маш хүнд 118 хүн байна.

Өнгөрсөн хоногт 65, 73 настай хоёр иргэн эндлээ. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан” гэлээ.

Мөн тэрээр “Сүүлийн үед хөдөө орон нутагт зорчихоор шинжилгээ өгч буй иргэдийн дундаас халдварын тохиолдол гарч байгаа.

Энэ нь халдвар зөвхөн ойрын хавьтлаас илрэхгүй байгаа бөгөөд эрсдэл маш өндөр байгааг харуулж байна” гэв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 271 хүн коронавирусийн халдварын улмаас нас бараад байна. Үүнээс 259 хүн коронавируст халдварын хүндрэлээр эндсэн бол 12 нь хавсарсан өвчний хүндрэлийн улмаас нас барсан гэж үзэж байна.

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийллээ.

Холбоотой мэдээ