Монголын Залуучуудын Холбоо Э.Даваажамцыг дэмжиж байна

2021-06-10 615 0

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд аймгаас Улаанбаатар хотруу 1500 км-ын хол зайг ганцаараа гүйж туулахаар зургадугаар сарын 2-нд замдаа гарсан.

Ховд аймгийн Буянт сумын харьяат Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жилийн ой, ирэх жил буюу 2022 онд тохиох Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулж ийнхүү алсын зайн гүйлтийн замд гарсан. Түүнийг Ховд аймгийн удирдах ажилтнууд болон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн бие бүрэлдэхүүн, бусад салбарын төлөөлөл, найз нөхөд, ар гэрийнхэн нь түүнд амжилт хүсч, аймгийн төв талбайгаас үдэн гаргасан. Мөн аян замд дэмжиж буй залуучууд ирж нэгдэж, амжилт хүсч байгаа. Одоогоор тэрбээр Говь-Алтай аймгийн нутагт орж ирээд байна.

Түүнийг Говь-Алтай аймгийн төвд ирэхэд нь аймгийн Залуучуудын Холбооны төлөөлөл тосохоор зэхэж байгаа гэж орон нутгаас мэдээллээ. Монгол цэргийн бие бялдрын бэлтгэлийг харуулж ийнхүү холын зайн гүйлт хийж байгааг Монголын Залуучуудын Холбооноос амжилт хүсч байгаа бөгөөд зам дагуух аймгуудын салбар холбоод мөн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ бусад залуучуудаа дэмжихийг уриалж байгаа юм.

Э.Даваажамц нь Монгол Улсын Зэвсэгт хүчний анги салбараас анх удаа холын зайд гүйж байгаа бөгөөд гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн.

Тэрбээр өдөрт 35-40 км гүйж долоодугаар сарын 10-ны өдөр буюу Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан “Цэргийн ёслолын жагсаал”-ын үеэр Улаанбаатар хот, Сүхбаатарын талбайд очихоор тооцоолжээ.

Холын зайн гүйгч ахлах ахлагч Э.Даваажамцад амжилт хүсье.

Холбоотой мэдээ