Ялагчаа ичээсэн сонгууль

2021-06-11 60 0

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль болж өндөрлөлөө. МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх сонгогчдын дийлэнх олонхи буюу 68 хувийн санал авч, Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон өнгөрсөн 30 жилийн түүхэнд байгаагүй амжилт болон уналтыг авчирлаа. ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат 20 хувь, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ зургаан хувийн санал авчээ. Урьдчилсан байдлаар.

Сонгогчийн нэрсийн жагсаалтад бичигдсэн хоёр сая 40 мянган сонгогчоос сая 200 мянга нь /59 хувь/ санал өгсөн боловч тэдний 822 мянга нь У.Хүрэлсүхэд саналаа өгчээ. Өнгөрсөн зууны 80-аад оноос хойш сонгуулийн ийм үр дүн гарч байсангүй. Долоон удаагийн сонгуулиар сонгогдсон өмнөх таван Ерөнхийлөгчийн хувьд 50+1 хувийн санал авна гэдэг давахад бэрх даваа байлаа. Харин У.Хүрэлсүх үүнийг төвөггүй давсан нь өөрийг нь ч гэсэн хүндхэн байдалд орууллаа. У.Хүрэлсүх хэн билээ, тэд хэн байлаа?

Хэрвээ У.Хүрэлсүх 50+1 хувийн санал авсан бол МАН-ын цагаан байшин өнөө өглөө дайвж байх байсан биз. Ялагчаа хүртэл нүүр хийх газаргүй болгодог сонгууль байдаг л юм байна.

Онолын хувьд бол нэг нэр дэвшигч санал өгсөн нийт сонгогчийн 60 хувиас давсан, 70 хувь хүрсэн тохиолдолд тухайн улс оронд дарангуйлал тогтсон, ардчиллын институц бодитоор байхгүй гэж үнэлэгддэг. Тиймээс У.Хүрэлсүх өөрөө ч, нам нь ч энэ үр дүнгээс эмээхэд хүрсэн нь лав. Эрх биш нүдээ боогоод явж байгаа биш учраас. 2000 оны УИХ-ын сонгуулиар МАХН дангаараа 72 суудал авсны дараа МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрөө маш ихээр болгоомжилж байсан тухай Э.Бат-Үүл нэгэнтээ дурссан байдаг.

Харин ард үлдсэн хоёр нэр дэвшигчийн хувьд ХҮН-аас нэр дэвшсэн Д.Энхбат гэдэг хүн таамаглах боломжгүй өндөр үр дүнг үзүүлэв. Нам нь доороо ямар ч хөлгүй /2017 онд С.Ганбаатарыг нэр дэвшүүлсэн тухайн үеийн МАХН-ын бүтэцтэй зүйрлэх аргагүй/, өөрөө олон нийтэд төдийлөн танигдаагүй хүн 14-хөн хоногийн сурталчилгааны дараа 20 хувийн амжилт үзүүлнэ гэдэг маш том зүйл. Тэр нь Д.Энхбат гэдэг хувь хүнээс биш, ердөө сонгогчид хоёр том намаас өөр, гурав дахь сонголтыг хайж эхэлсэн гэсэн үг. Энэ бол түүхэндээ байхгүй ялагдал хүлээсэн АН-аас гадна, түүхэн дээд амжилт тогтоосон МАН-ын хувьд ч гэсэн сэрэх ёстой зүүд мөн.

Мөн энэ удаагийн сонгууль Ерөнхийлөгчийн сонгуулиудын түүхэнд хамгийн бага ирцтэй сонгууль болов. Тухайн үедээ хамгийн бага ирцтэйд тооцогдож байсан 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн эхний санал хураалтад сая 300 мянга, хоёр дахь санал хураалтал сая 200 мянган сонгогч саналаа өгсөн байдаг. Сонгогчийн идэвхи, ирц сонгуулиас сонгуульд буурч байгаа нь ч гэсэн бодох ёстой үр дүн мөн. Ийм үр дүнд хүргэсэн бодит нэг шалтгаан нь ардчиллын тулгуур багана болсон АН-ын задрал, бутралтай холбоотой. Сонгуулийн өмнө тус намын дотор бий болсон зөрчил, тэмцэл, энэ намаас нэр дэвшиж Ерөнхийлөгч болсон Х.Баттулга гэдэг хүн том үүрэг гүйцэтгэснийг ч үгүйсгэж болохгүй. Үүний бурууг У.Хүрэлсүхээс буюу МАН-аас хайх боломжгүй юм.

Тухайлбал, хамгийн бага ирцтэй байсан Сэлэнгэ аймагт АН-ын сонгуулийн штаб ч байгуулагдаагүй, сурталчилгаа явуулаагүй. Өөрөөр хэлбэл АН-ын гишүүд сонгуульд оролцоогүй, саналаа өгөөгүй гэсэн үг. Ийм байдалтай сонгууль явуулсан аймаг нэгээр тогтохгүй. Тиймээс сонгуулиас сонгуульд ардчилалд итгэх итгэл, үнэлэх үнэлэмж буурч байгаа нь ч гэсэн сэтгэл зовних ёстой зүйл мөн. Гучин жилийн турш “Азийн ардчиллын үлгэр жишээ” гэж үнэлэгдэж ирсэн Монгол Улс “Дарангуйллын бодит зураг” болж хувирах вий гэдгээс ялсан нам, нэр дэвшигч хүртэл болгоомжлох нь зүй.

Өчигдөр орой 21.30 цагийн мэдээгээр олонхи аймгууд 50 хувийн ирцэд хүрээгүй, Сэлэнгэ аймаг гэхэд 40 хүрэхгүй хувийн ирцтэй явсан ч СЕХ 30 минутын дотор бүх аймгуудын ирцийг 50 хувьд хүргэж чадлаа. Тухайн цагийн мэдээгээр эхний аймгуудаас ирсэн дүнгээр 80 хүртэл хувиар ялалт байгуулж явсан У.Хүрэлсүхийн саналын дүн 30 минутын дараа 68 хувь руу ортол буурсан нь ч гэсэн санамсаргүй зүйл биш байх. МАН-ын нэр дэвшигчийн авсан саналыг өсгөсөн гэхээсээ дарсан байх магадлал илүү харагдаж байна.

Б.СЭМҮҮН 

Холбоотой мэдээ