Т.Ананда: Өөрийнхөө хувь заяаг би ер бусын гайхамшиг гэж боддог

2021-06-11 43 0

“Амьдралын алдаа, онооноос би үргэлж суралцдаг. Суралцана гэдэг бол ялж амьдрахын үндэс юм. Тиймдээ ч өнөөдрийг хүртэл өөрийгөө би аливаад ялагдаж үзээгүй гэж боддог. Миний мөн чанар энэ” хэмээн тэрбээр ярих. Дэндүү дайчин, тийм нэг эрч хүч оргилом мэдрэмжийг тэр надад төрүүлээд явчихлаа. Тийм ээ, энэ бүсгүй бол ард  олноо “Солонгон аашт” нэрээрээ алдаршсан Тогосмаагийн Ананда юм.

-Юуны өмнө ярилцлага авах хүсэлтийг маань хүлээн авсанд талархаж байна?

-Би тууштай зан чанарыг эрхэмлэдэг хүн. Өөрийн чинь хувьд өнгөрсөн хугацаанд  ярилцлага авах хүсэлтээ удаа дараа илэрхийлсэн болохоор таны ажлыг хүндэтгээд уулзаад сууж байна. Та бид хоёрын ярилцлага болж өнгөрсөн үйл явдалд тайлбар мэдээлэл өгч байгаа мэтээр өрнөхгүй гэдэгт найдаж байна.

-Өсөж төрсөн нутаг, удам судрын тань талаар ярилцлагаа эхлүүлье?

-Миний нутаг ус бол Өвөрхангай аймаг. Амьдралын маань хамгийн гэрэл гэгээтэй хийгээд үнэ цэнтэй  цаг хугацаа нутагт минь өнгөрсөн байдаг юм. Багаасаа өвөө, эмээгийнхээ гар дээр өссөн дөө. Учир нь би ээжийнхээ оюутан насных нь хүүхэд. Миний ээж Ломоносовын их сургуулийг төгссөн хүн л дээ. Би долоон нас хүртлээ Москвад амьдарч байсан. Бүсгүй хүний гоо үзэмж, тэсвэр тэвчээрийн ихэмсэг бадрангуй байдлын үнэ цэнийг би ээжээсээ л үлгэрлэсэн. Ээж минь миний хувьд хэзээ ч дахин давтагдашгүй гайхалтай ертөнц юм даа. Харин хүний суурь хүмүүжил, амьдралын ухааныг өвөө, эмээгээсээ өвлөсөн гэж боддог. Миний өвөө Өвөрхангай аймгийн хоёр музейг босгоных нь шорооноос  эхлээд бүтээн байгуулсан хүн. Манай гэр бүлийнхэн тэр чигээрээ урлагийн гэр бүл. Миний том ах Монгол Улсын хөрөг зургийн салбарын томоо­хон төлөөлөл МУСГЗ Ор­хон гэж хүн бий. Дунд ах маань уран баримлын салбарт тод мөр­тэй Оргил гэж хүн бий. Манай гэр бүлийнхний  бусдаас ялгаг­дах онцлог бол хийж чаддаг зүйлийн­хээ ард төгс гардаг л улс даа.

-Тэгэхээр та жинхэнэ урла­гийн гэр бүлийн хүн байх нь ээ?

-Тийм ээ. Ямар нэгэн амжилт бүтээл төрмөл болон олдмол гэж байдаг. Миний хувьд хувцасны дизайнер мэргэжилтэй. Энэ авьяас маань хүүхэд ахуй насанд оргилон цоргилж,  манлайлж явлаа. Харин одоо бол  хоол  судлалын салбарт өөрийн оюун ухаанаа зарцуулж явна. Тавган дээр  урлаг хэмээх гайхамшгийг  бүтээхээр би хичээж яваа. Энэ бүх сэдэл санаа, хөдөлмөр зүтгэл бол жирийн хэн нэгэнд заяагдаад байдаг зүйл биш. Миний төрмөл мэдрэмжийн илэрхийлэл. Бод л доо. Солонгон ааштыг гундуухан, өнгө төрхгүйгээр хэн ч төсөөлж чадахгүй. Би засаж байгаа хоолны ширээгээ ч, өөрийгөө  ч өнгөлөг байлгадаг. Амьдралын энэ өнгөлөг төрхийг мэдрэх тэр чадвар бол миний цусанд бий. Давтагдашгүй генийн минь үнэ цэн. Үүндээ ч би бахдаж амьдардаг даа .

-Таны нэрний тухай асуухгүй өнгөрөөж болохгүй санагдлаа?

– Эцэг эхээс заяасан Т.Ананда гэдэг нэр маань хотол олныг баясуулан цэнгүүлэгч, цор ганц гэдэг утгатай. Харин “Солонгон аашт” гэдэг нэр бол яалт ч үгүй миний хийж хэрэгжүүлж байгаа ажлаас үүдэлтэй.  Би өдгөө сошиал орчинд 500 мянга гаруй дагагчтай “Солонгон ааштын увидас” фэйсбүүк хуудсыг хөтөлж байна. Өглөө сэрээд харахад л миний нүүр номыг мянга, мянган хүн дагасан байдаг. Нэг үгээр хэлбэл, тэднийг өөрийн орон зайгаараа зочлуулж чадаж байна гэсэн үг л дээ. Ингээд бодохоор өөрийнхөө хувь заяаг би ер бусын гайхамшиг гэж боддог. Энэ болгоныг дааж амьдрахын тулд би нийгмийн асар их давалгааг давж амьдарч байгаа хүн дээ.

-“Нийгмийн давалгаа” эерэг, сөргөөр их л хүчтэй “цунами” үүсгэдэг байх. Зарим үед шантрах уу?

-Би огт шантарч үзээгүй ээ. Амьдрал хайр, уйтгар гуниг бүхий л зүйлийг хамтад нь оршоож байдаг. Хоол ч гэсэн адилхан юм шүү дээ. Хоолонд амт оруулдаг ганцхан зүйл давс гэж бодож байна уу. Үгүй шүү. Чихэрлэг амт ч хоолонд хэрэг болдог. Гашуун, ислэг, шүүслэг гээд энэ бүх хоолны амт нийлж байж час хийсэн амттай хоол гардаг даа. Амьдрал ч гэсэн яг л тийм.

-Т.Анандаг ажиглаад байхад хөдөлмөрч зан чанар нэвт шувт мэд­рэгддэг. Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг үг ч бий. Хөдөл­мөрийн тухай та юу хэлэх вэ?

-Хүүхдүүдийг багаас нь хөдөл­мөрт сургах хэрэгтэй гэж боддог. Миний хүүхэд ахуй нас тэгэж өнгөрсөн. Өвөө, эмээгээс маань надад өвлүүлсэн өв эрдэнэ бол хөдөлмөрт сургасан явдал. Нөгөөтэйгүүр, манай нүүдэлчин ахуй соёл бол тэр чигээрээ хөдөлмөрийг тодорхойлох өнгө төрх байдаг. Миний хувьд малчин хүний хөдөлмөрийг маш сайн мэддэг. Хар багаасаа ахуй орчинд нь өссөн болохоор тэр байх. Миний авга ах Монгол Улсын сайн малчин хүн бий. Манай ахан дүүс малын үр шимийг жинхэнэ утгаар нь буй болгодог улс. Тэд маань “Монгол малаас амьсгалаас нь бусдыг ашиглаж болдог” гэж ярих дуртай. Саалийн шим, цагааны гарцаас маш олон нэр төрлийн бүтээгдэхүүн хийж болдог нь гайхалтай. Яриад байвал их нарийн зүйл шүү дээ. Тухайлбал, малын сүү саалийг боловсруулах нь хүний сэтгэл зүйтэй шууд холбоотой. Гар сайтай эмэгтэйн сүү цагаан идээний гарц, өнгө үзэмж үнэхээр сайхан. Гэтэл гараа гаргаад ч гардаггүй тийм цагаан идээтэй эмэгтэй бас байдаг. Шимийн архин дээр ярьдаг даа, “Сул гарлаа, чанга гарлаа” гээд. Хүний энерги, хандлага, хүч гэдэг зүйл давтагдашгүй. Өвөг, дээдсийн маань ярьдаг хийморь, хий гал, сүлд гэдэг зүйл чинь бүгд учир жанцантай.

-Т.Ананда хэр шүтлэгтэй вэ?

-Шүтлэгтэй. Маш их шүтлэгтэй. Өвөө эмээгийнхээ адилаар шарын шашнаа шүтдэг. Хүн ер нь тулах цэггүй болохоороо л байхгүй зүйлийг хүртэл байгаа мэтээр итгэж хүч авдаг. Итгэл гэдэг өөрөө тийм гайхалтай зүйл. Ямарваа нэгэн юманд итгэхийг хүсдэг. Хүн өөрөө дотоод ертөнцөөсөө итгэлээ сэргээж, чин зүрхнээсээ шүтсэнээр  маш их хэмжээний хүч дагадаг.

“Золиослогдож байгаа зүйлээ зол болгож амьдрах зоригтой байх хэрэгтэй”

-Т.Ананда мөрөөдлөө хэр биелүүлж яваа бүсгүй вэ?

-Мөрөөдөл гэсэн чинь нэг хөгжилтэй зүйл санаанд минь буулаа л даа /инээв/. Сонсох уу.

-Тэгье л дээ…

-Намайг бага байхад өвөөгийнд гэрлийн байцаагч орж ирээд нээх том тооны машин нүдээд суухаар гоё санагдаад л “Гэрлийн байцаагч болно” гэж боддог байлаа. Түүний дараагаар өсвөр насандаа хувцас дизайнерын салбарт татагдаж,  “Том болоод маш гоё хувцасны салонтой болно” гэж боддог байлаа. Ер нь монгол эмэгтэй хүн хувцсаа оёод өмсчихдөг, хоолоо хийгээд идчихдэг байхыг миний гэр бүлийн хүмүүжил надад олгосон л доо. Тийм болохоор би энэ бүгдийг өөрийн хэмжээнд төгсөртөл хйигээд явж байна.  Харин одоо би маш сайн менежменттэй эмэгтэй болохыг л зорьж явна. Сайн менежменттэй байхад өөрөө, өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлж чадах бүрэн боломжтой. Хамгийн гол нь төгс төлөвлөгөөтэй, түү­ний­гээ биелүүлж чадах мят­рашгүй зүтгэлтэй байх нь чухал юм уу даа. Амьдрал маань Анан­дагаас хувь хүний асар том зохион байгуулалттай байхыг шаар­даж байна. Яах аргагүй хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө ээж нь хөдөлмөрлөж, үлгэрлэх ёстой шүү дээ.

-Монголын нийгэмд эмэгтэй­чүүдийн үнэлэмж хэр байна гэж та дүгнэдэг вэ?

-Нийгэмд эзлэх эмэгтэйчүүдийн үнэлэмжид өнөөдрийн гэхээс илүү уламжлалт  зан үйл нөлөөлж байна. Эртнээс бид эцгийн эрхт ёстой байсан. Тиймдээ ч өдгөө эр хүнийг зөв, буруу ч  хоймортоо залаад хоолныхоо дээжийг бариад л явж байдаг. Хатуухан хэлэхэд, эхнэр хүн үр хүүхдээ өсгөхийн хажуугаар нөхөр гэх “Насанд хүрсэн хүүхэд” асарч, тэжээж байна шүү дээ. Тэр эр хүний ааш авирт нийцүүлж харьцана. Дээш өргөж, халамжилж амьдарч байна. Эмэгтэй хүнээс ийм их сэтгэл, хайр  гарч байхад эр хүн төдий  дайны үнэлж хайрлах ёстой. Үр хүүхдийг нь яс махнаасаа тасалж төрүүлээд  өөрийг нь өргөж тэтгээд явж байхад эрэгтэй хүн эмэгтэй  хүнийг хайрлах ёстой шүү дээ. Эмэгтэй хүний тэсэж туулах зүйлийг эр хүн давж гарна гэдэг юу л бол. Эх хүний энэ их сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийг эрэгтэй хүн ойлгон хүндэлж, хайрлан халамжилж чадахгүй бол ирээдүйд түүний алдаа болоод л дуусдаг. Эмэгтэй хүнийг бүх талаар нь хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрийнхөө хань ижлээр сон­гоод, үр хүүхдийг нь гаргаад өгч байхад эр хүнд ёс суртахуун байх ёстой л доо. Би тэгэж л боддог.

-Гэр бүлийн амьдралд эр хүний оролцоо бүх талаараа байх ёстой гэдгийг та хэлэх гээд байна даа?

-Гэр бүл болсон л бол нөхөр, эхнэр хоёр үүрэг хариуцлагыг хамтдаа авч явах хэрэгтэй. “Миний хүүхэд” гэж ярьж байгаа л бол миний гэдэг бүхэндээ оролцоотой байх ёстой болов уу. Мэдээж эр хүнгүй амьдрал дутуу, эм хүнгүй ч амьдрал дутуу. Гэхдээ эмэгтэй хүний хамгийн бахдам зүйл бол аминаасаа амь тасалж, өөрийн биеэс өөр хүнийг буй болгож чаддаг. Бүхэл бүтэн хүнийг төрүүлж байгаа эх хүний хажууд хайр халамж, арчилгаа хамгийн сайн байх хэрэгтэй.  Гэтэл “Энэ чиний л үүрэг” гээд суух бол үнэхээр байж болохгүй зүйл. Эмэгтэй хүнээ хайрлаагүй гэр бүл өөдлөхгүй. Эхнэр хүнээ хүндэтгэхгүй гэр бүл хэзээ ч өндийхгүй шүү дээ. Мэдээж нөхрөө ч мөн адил хүндэтгэх учиртай. Айлын охиныг  авч суучихаад хайр халамжаар дутааж болохгүй шүү дээ. Хэрэггүй үгээр сэтгэлийг нь битгий шархлуул. Нэг айхтар зүйрлэл байдаг даа.  Цагаан цаасыг базчихлаа. Буцаад тэнийлгэх гээд үз.  Тэнд юу  үлдэх үү, үрчлээс. Тэр цаас хэзээ ч урьдынх шиг тэнийхгүй нь үнэн. Тэнд бартаа, нугачаа л үлдэнэ. Тэгэхээр хэн нэгний хэн нэгэн байх гэж байгаа бол нэгнийгээ хайрла, хүндэтгэ. Эр хүн юугаараа эмэгтэй хүнээс ялгаатай юм бэ. Мөн чанар  ноён нуруугаараа л ялгаатай. Эмэгтэй хүн эр хүнээс юугаараа ялгаатай вэ. Уян зөөлөн чанар, тэсвэр тэвчээрээрээ л ялгаатай. Энэ хоёр зүйлийг тэнцүүлж,  амьдарч чадаагүй бол хамтын амьдрал зүгээр л  бүтэлгүйтэл  болж дуусна. Эсвэл дутуу амьдрал. Бүтэн юм шиг харагдаж байгаа хэрнээ дутуу амьдрал болоод л үлдэнэ. Эмэгтэй хүн хөөрхий минь уяхан шүү дээ. Жижигхээн юманд л уярдаг. Нойргүй ч юмуу, стресстэй хоносон үед нь “Яасан, яамаар байна” гээд аяга цай барихад л уярна. Бүсгүйчүүд бид чинь тийм л энхрий хүмүүс байдаг. Гэсэн мөртлөө эмэгтэй хүн тэсвэр тэвчээрийн туйл шүү дээ. Миний хувьд золиослогдож байгаа зүйлээ зол болгож амьдрах зоригтой, тэмцэлтэй байхыг эрмэлздэг. Амьдралд тэсэж тэвчиж үлдэх нь миний мөн чанар юм шиг байгаа юм.

-Эмэгтэй хүний гоо үзэмж, биеэ авч яваа байдлаараа та маш олон бүсгүйчүүдийг дагуул­даг. Та эмэгтэйчүүддээ хандаж юу хэлэхийг хүсэж байна вэ?

-Хоёр л зүйлийг хэлье. Нэгдүгээрт, зарим бүсгүйчүүд ирээдүйгээс илүү өнөөдрөөрөө амьдарч, гоё сайхан харагдахын тулд өөрийнхөө арьсанд ямар их хортой элементүүдийг шахуулж байна вэ. Эрүүл мэндийн талаас нь бодохоор энэ асуудал дээр  би маш их эмзэглэдэг. Дээрээс нь хүнсний аюулгүй байдлын мэдлэг  асар багатай амьдраад байх юм. Амьдрал бол ангайгаад сууж байх зүйл биш асар том талбар. Тэр талбарт өөрийн хөлс хүчийг гаргаж, хөдөлмөрийн үр шимийг бүтээх учиртай. Урсгалаар битгий яв. Бид хариуцлага дунд амьдарч байгаа юм шүү. Тийм болохоор өнөөдрийн өнгөөр бус ирээдүйн үнэ цэнээр  амьдрах ёстой. Хандлагаа зөв тодорхойл. Жишээ нь, мэдээллийн урсгалын өнгөнд бус мөн чанарт итгэ. Тархиа та хогоор цэнэглэвэл тийм хөгийн мэдрэмж л авна. Харин хэрэгтэй зүйлээр цэнэглэвэл тархи тань гэрэлтээд л ирнэ. Та юу сонсоно түүнийгээ тархиндаа хураана, юу иднэ түүнийгээ  биедээ шингээнэ. Хандлага гэдэг ийм л зүйл. Өнөөдөр Монголд хоногийн хоолгүй амьдарч байгаа гэх хүмүүсийг би огт ойлгодоггүй. Дэнжийн мянгын захаар дүүрэн малын шулааны яс байна. Үнэхээр өлсөөд үр хүүхэд чинь хоол хүнсгүй байгаа бол зүгээр алхаж очоод л  нэг хонины шулааны ясыг ав л даа. Нэг хонины шулааны яс ойролцоогоор 4,5-6 килограмм орчим жинтэй байдаг.

Үр хүүхдээ тэжээхийн тулд тэр ясыг үүрээд гэртээ авчир л даа. Авчирсан  ясаар маш сайн чанарын илчлэгтэй, амин дэмээр баялаг хоолыг бэлдэж болно. Хонины яс гэдэг махнаасаа илүү шимтэй. Өнөөдөр Монголд булууны яснаас бусад ясыг бараг ашиглахгүй байна. Ийм зүйлийг ажиглаад хоол хүнсэндээ ашиглаж чадахгүй байгаа хүн та өөртөө дүгнэлт хий. Ийм сэтгэл зүй байхгүйгээс болж хоногийн хоолгүйгээр амьдарч байгаа улсыг хараад гайхдаг. Өнөөдөр 2000 төгрөгөөр таван ам бүлтэй айлыг өлхөөн өдрийн гурван хоол хийгээд тэжээх бүрэн боломж байгаа шүү. Амьдралын ийм зүтгэл байхгүй хэрнээ битгий хүний амьдрал руу  шүлсээ үсчүүлж шүүж бай. Ер нь хэн хийж чадаж байгаа нь амьдарч чаддаг.  Хэн  зөв хандлагатай байгаа нь амжилтанд хүрдэг. Ийм л нийгэмд бид амьдарч байгаа.

 

-Үр хүүхдийг маань хүлээж буй ирээдүйн нийгэм ямар байх бол. Магадгүй хар бараан төсөөлөгдөж байвал түүнийг гэрэл­түүлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй, юуг өөрчлөхийн төлөө тэмцэх ёстой вэ?

-Эмэгтэй хүүхэд дээр жишээлээд хэлье. Эцэг эхчүүд охиндоо чи баян хүнтэй суух ёстой, чи хөөрхөн байх ёстой гэхээс илүү “Чи хөрсөн дээрээ төгс бууж чаддаг эмэгтэй байх ёстой” гэдгийг ухааруулж хүмүүжүүлэх хэрэгтэй. Ажил­гүй эмэгтэйн ирээ­дүйн амьдрал бүрхэг. Аяга хоолоо аятайхан хийчихэж чадахгүй, өмссөн хувцсаа өөрөө нөхөөд өмсчих чадвар­гүй бол  өнөөдөр тэр охиныг мянга тансаг амьдралд өсгөөд яах вэ дээ. Хөдөлмөрийн үнэ цэнийг хар нялхаас нь үзүүлэх ёстой. Бид охидоо ингэж өсгөж хүмүүжүүлмээр байна. Мөн үр хүүхэдтэй хүн бүхэн хоол хүнсний салбарын асар их мэдлэгтэй байх хэрэгтэй. Үүнийг л би Монголын нийгэмд ойлгуулж, таниулахыг эрмэлзэж яваа. Маш олон айлын эзэгтэй нарт гэрэл гэгээ өгсөн гэдэгтээ өөртөө итгэдэг. Эхэн үедээ  нэг их анзаардаггүй байсан ч, сүүлийн үед асар олон хүнээс талархлын үг сонсох болсон. Тийм болохоор би энэ ажлаа улам илүү хүчтэй, гүйцэтгэл сайтайгаар хийх ёстой юм байна гэдэг чармайлттай болоод байгаа.

-Өөрийн тань хувьд хоолны контент нэвтрүүлэг хийхээс гадна маш олон бизнесийн газруудтай хамтарч ажилладаг. Хамтрагч байгууллагаа хэрхэн сонгодог вэ?

-Ирээдүйд эрүүл саруул амьдарья гэвэл бидэнд химийн мэдлэг асар чухал гэж хувьдаа боддог. Ажиглаад байхад юу л сайн гэнэ түүнийг дуурайдаг, хэн таван цаас өгнө сайн мууг нь ч мэдэхгүйгээр сурталчлаад сууж байдаг хүмүүсийг хараад хөх инээд хүрдэг. Миний босгоор давж орж ирдэг юм бүхэн үнэ цэнтэй. Амнаас гарч байгаа үг бүхэн утга учиртай.  Компа­ниуд­тай харьцахдаа би бараа бүтээгдэхүүнийг нь судална. Энэ бараа бүтээгдэхүүн олон нийтэд ямар ашигтай юм. Хүнд хэрэгтэй эд үү, гэдгийг маш сайн судалдаг. Зөвхөн өнөөдрийн өнгөөр нь харьц­даггүй. Миний шүүл­түүрээр  орж сурталчлагд­сан бүтээгдэхүүн бол Монголын нийгэмд тамгалагдаж чаддаг. Түүндээ ч би бардам явдаг шүү.

Зассан ширээнийхээ идээ гүнцэгээс гадна эд хэрэгслээсээ маш их аз жаргалыг мэдэрдэг

-Т.Анандагийн хоолны кон­тент, лайвыг үзэж байхад үндэснийхээ уламжлалт хоол хүнсийг өргөн түмэнд танилцуулахыг илүүтэй эрхэм­лэдэг юм шиг санагдсан. Бидний өвөг дээдэс эртнээс хоолны аугаа их боловсролтой хүмүүс байжээ?

-Тийм ээ. Эрүүл амьдралыг бий болгохын тулд өнөөдөр бид зөв хэвшилтэй болох хэрэгтэй. Үүнд хамгийн түрүүнд анхаарах зүйл миний байнгын ярьдаг хоол хүнс. Өвөл хаврын цагтаа махаа, зун намрын цагтаа цагаан идээг түлхүү идэх ёстой. Манай орон шиг дөрвөн улиралтай газарт таван хошуу малын ясны шөл шиг зохицолтой хоол хүнс гэж үгүй. Мөн сүү цагаан идээ. Сүүний хамгийн дээд охь шим бол шар тос. Шар тос хүний хий орон зай, хүчний тэнцвэрийг тогтворжуулдаг. Таван цулаа байнга хэрэглээрэй. Булууны ясыг 16 цаг  буцалгаад гаргаад ирэхээр үлээхэд шүгэлдэхээр тийм хэмжээний сийрэг болсон байдаг. Тэр гаргаж авсан шөл бол гайхалтай шим тэжээлийг хүний биед өгдөг. Хүүхдүүддээ долоо хоногт ядаж нэг өдөрт нь шар тостой далан давхар бин хийж өгч бай. Гарт нь сайхан халуун бүлээнээр нь бариулаад идүүлэхэд хурууны өндгөөр дамжаад хүний биеийн биобаланс тэнцвэржээд ирдэг. Чихэр бага ид. Хэр­вээ идэх дээрээ тулбал гүзээлз­гэнэтэй чихэр биш гүзээлз­гэнийг нь, хэрвээ уухаар бол алимны амттай ундаа бус алимыг нь нухаж ид. Эмэг­­тэйчүүд төрс­­ний дараа хөхөн­дөө сүү оруулах гэж гурилан бүтээг­дэхүүн их хэрэглэдэг. Хөхөнд  сүү оруулах өөр маш олон арга бий. Наад зах нь нойртой байх, тайван байх, шингэн юм сайн уух хэрэгтэй. Гүзээ, шар будаагаар төрөл бүрийн хоол хийж болж байна. Төрсний дараа ганцхан давсгүй хар шөл уугаад байдаг нь буруу. Харин ч эрдсээ сайн нөхөх  төрөл бүрийн хоолыг хэрэглэх хэрэгтэй. Энэ мэт­чилэнгээр хоолны талаар яриад байвал маш их зүйл бий дээ.

-Т.Анандагийн хобби юу вэ?

-Хоолыг дагаад маш том дагуул зүйл хөгжиж байдаг. Нэг л мэдэхэд хутга, ганбанз, аяга тавга, модон эдлэл, халбага сэрээний маш их цуглуулгатай болжээ. Энэ бүхэн маань миний хобби юм даа.Би чинь зассан ширээнийхээ идээ гүнцэгээс гадна эд хэрэгс­лээсээ маш их аз жаргалыг мэдэр­дэг. Хоолыг хийх нэг зүйл. Гагцхүү түүнийг амилуулах ньилүү сэтгэл, мэдрэмж шаарддаг. Аливааг  бүтэн байлгана гэдэг хэчнээн сай­хан билээ. Яг л түүнтэй адил хүн хоолыг үнэрлэж, харж, амталж, таашааж жаргаж хүртэх ёстой шүү дээ.

-Өөрийн тань хувьд өнгөрсөн хугацаанд гэр бүлийн асуудлаас болж сошиал сүлжээгээр янз бүрээр л хэлэгдлээ. Хувь хүний хувьд өөрийгөө хамгаалах, өөрийн үнэнээ олон ний­тэд тайлбарлах эрхтэй. Тэр эрхийг хангах нь сэтгүүл зүйн үүрэг. Тийм болохоор танаас энэ асуултыг асууж байгаа юм шүү?

-Ийм хөөрхөн үрсийг төрүүлээд өсгөөд амьдарч яваа бүсгүй чинь аз жаргал, сайн сайхны л тухай бодож санаж явна даа. Гэвч хүний хувь заяа, амьдрал заавал нэг асуудалтай байх юм. Хэл амтай амьдрах ёстой юм бол тэрийгээ би нэр төр­тэй­гээр даван туулж байгаа гэж дүгнэ­дэг. Эцсийн эцэст үр хүүхэд маань өвчин зовлонгүй, эрүүл саруул өсөж байвал бусад юу ч байсан би даваад гарна л гэж боддог. Хүн ер нь өөрийнхөө үзэл бодол, үйл хэрэгтээ үнэнч л байх ёстой. Түүнийгээ өөрийнхөө үйлдлээр баталгаажуулж, бат зогсох учиртай л даа. Түүнээс бус юм болгонд савсагнаад хүн дагаж далдагнаад байвал юмны чанар чансаатай байх шинж сарнидаг. Тийм учраас нэг зүйлийг тултал нь хийж чаддаг л байх ёстой. Би бол нэг бол суралцдаг. Нэг бол ялж амьдардаг. Өөрийгөө өнөөдрийг хүртэл ялагдаж үзээгүй гэж боддог. Миний мөн чанар энэ. Мэдээж хүн л юм хойно сэтгэл санаа хямрах үе байлгүй яахав. Гэхдээ үр хүүхдийнхээ төлөө огт бөхийж болохгүй. Үргэлж тэмцэж толгой дээгүүр явах ёстой. Амьдралд ялархаж бус, талархаж амьдрахыг эрхэмлэдэг дээ.

-Т.Ананда арван жилийн дараа хэн болчихсон байх вэ?

-Өөрийн хүсэл мөрөөдлийг биелүүлэхийн тулд олон зүйлийг сэдэж, түүнийхээ төлөө хөдөлмөрлөж явна. Өнгөрсөн хугацаанд би “Гэр бүл”, “Жингийн бооцоо”, “Амттай Карантин” зэрэг телевизийн реалити шоу нэвтрүүлгийн ерөнхий продюс­серээр ажиллалаа. Удах­гүй дараагийн контентоо нэвтрүүлэхээр шаргуу ажиллаж байна. Ойрын хугацаанд номоо гаргахаар зорьж байгаа. Ном маань дөрөв дэх удаагаа зураг авалтандаа ороод дуусаж байна. Олон нийтийн дунд асар их хүлээлттэй байгаа шүү. Яг арван жилийн дараа гэвэл, хүүхдүүд маань өсвөр насандаа явж байна. Тэр үед маш сайн ээж, сайн хань  болно байх. Мөн гайхалтай үйлчилгээтэй “Эх хүүхдийн сувилалтай болно” гэж төлөвлөсөн. Гурван ч салбартай, хаана ч давтагдашгүй хоолны рес­торантай болно гэж бодож байгаа.

-Бодож, төлөвлөж байгаа бүхэн тань сэтгэчлэн бүтэх болтугай. Цаг гаргаж, ярилцлага өгсөнд талархлаа. Сүүлийн асуултыг өөрт тань үлдээе?

-Би өөрийнхөө ертөнцөөс өөрийгөө илэрхийлэх дуртай. Тэр маань бусдад үлгэр дууриал, хүч урам зориг өгдөг. Тийм болохоор хийж байгаа үйл маань өөрт болон өрөөлд тусыг авчраасай гэж хүсдэг дээ. Сайн санааны үзүүрт шар тос гэдэг дээ. Тийм болоод ч би өдөр болгон мандаж амьдарч чаддаг. Энэ бол миний дотоод мөн чанарт байдаг хүч гэж санадаг. Өнөөдөр би гундах гэж хөрстийн тоосыг хөдөлгөөгүй. Би өөрийнхөө хэн ч бишийг мэдрэх тусмаа хэн нэгэн болохын тулд хөдөлмөрлөхийг хүсдэг. Хэдэн хүнийг баярлуулж, хэдий зүйлийг давснаараа л хүний амьдрал тогтдог болов уу. Хүн өөрөө ч мэдээгүй байхад хүнээс гэнэтийн аугаа хүч гардаг. “Хөөх” гээд өөрөөрөө бахархах үе ч тохиодог. Тиймээс өргөн олондоо хандаж хэлэхэд, өөрөө өөртөө оргилуудыг сүндэрлүүлж, үргэлж дэвшиж байгаарай.

…Т.Ананда хэмээх бүсгүйтэй хөөрөлдөхөөс өмнө түүний тухай арай л дутуу бодож явжээ гэдгээ нуух юун. Хааяахан хүүхдэрхүү хөөрхөн инээх атлаа аанай л нэг айхтар хэрсүү үгийг амнаасаа унагах. Тэр дэндүү энгийн юм. Тэгсэн хэрнээ тэнгэрлэг нэгэн санагдлаа.

Эх сурвалж: Өглөөний сонин

Холбоотой мэдээ