Ковидтой зуны наадмыг үзье

2021-06-15 54 0

Амралтын хоёр өдрийг монголчууд нийтээрээ “улсын наадам болох болохгүй, хийх хийхгүй” тухай маргаж, соошлаар хэрэлдэж өнгөрөөлөө. Засгийн газар наадам зохион байгуулахад 10 тэрбум төгрөг зарцуулна гэсэн явдал үүний шалтаг болов. Энэ мөнгөний нэлээдгүй хэсэг Соёлын сайдын халаас руу орж байгаа тухай ч шүүмж өрнөлөө /Үнэн худлыг харж байж мэднэ/ ЭМЯ-ны өчигдрийн мэдээгээр халдварын тоо 2188 болж, 24 цагийн дотор 10 хүн нас барсан анхны тохиолдол ч нэрмээс боллоо.

Монгол Улс анх удаа ковидоос шалтгаалсан үхлийн тоогоор дэлхийд тэргүүлж, АНУ, Энэтхэгийг ардаа орхив. Халдварын нийт тохиолдол 72100 болсон нь хүн амын хоёр хувиас давж /50 хүн тутмын 1 нь халдвар авсан/, халдвар авсан 200 хүн тутмын нэг нь /0,5 хувь/ нас барсан байна. Манай дараа хоёрдугаарт яваа АНУ-д 33 сая хүн /хүн амын 10 хувь/ халдвар авсан ч нас баралт 600 мянга буюу халдвар авсан 500 хүний нэг нь нас барсан байна. Өчигдөр нас баралт 168 бүртгэгдсэн нь хүн амтай нь харьцуулбал манайхаас зургаан дахин бага гэсэн үг.

Ингээд наадмын тухай яриа “10 хоногт 100 иргэнээ ковидоор алдаж байхад 100 жилийн ойгоо 10 тэрбумаар тэмдэглэх нь зөв үү, буруу юу?” тухай маргаан мэтгэлцээн болж хувирав. Хамгийн мэдээлэл бүхий иргэд болох сэтгүүлчид хүртэл олон нийтийн сүлжээгээр “Наадамд зарцуулах 10 тэрбумаараа ковидоо эмчил, наадмаа боль, хөл хорио тогтоо” хэмээн бичиж байна. Коронавирус гадаадаас зөөвөрлөгдөөд жил гаруй, дотооддоо халдвар алдаад найман сар өнгөрсөн ч асуудал бахь байдгаараа, эхний цэг дээрээ эргээд ирэв. Ердөө хөл хорино, хорихгүй…

Эндээс ковидтой тэмцсэн жил хагасын /2019 оны арванхоёрдугаар сараас хойш/ хугацаанд манайх ямар үр дүнд хүрсэн бэ? гэдэг асуулт гарна. Хамгийн товчхондоо ямар ч үр дүнд хүрсэнгүй. Дөрвөн удаагийн хатуу хөл хорио, хоёр тун вакцин нөлөөлсөнгүй. Харин иргэд, бизнес эрхлэгчид л цаг хугацаа, эд баялаг, эрүүл мэнд, амь насаараа, хүүхдүүд сургууль, боловсролоороо хохироод үлдлээ. Төрийн зүгээс юуг ч шийдэж чадсангүй. Эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудынх нь чадамж чадавхи бахь байдгаараа, сүүлийн нэг, хоёр сарын хавтгайрсан халдвараас болж улам илүү уруудаж доройтов. Өнгөрсөн өвөл “маск зүүсний ачаар томуу өвчин буурсан” хэмээн бахархаж байсан ч өнөөдөр ковидоос бусад өвчний тухай ор тас мэдээлэхээ болив. Монгол Улсад ковидоос өөр өвчин, үхэл байхгүй гэж үү?

Сүүлийн шинжилгээгээр 11000 хүний 2188 нь халдвартай гарсан гэж үзвэл нийт хүн амын чинь 20 хувь нь халдвар тээсэн байх магадлалтай буюу эрсдэлтэй гэсэн үг. Ийм тохиолдолд бүх нийтийн, хамгийн хатуу хөл хорио тогтоогоод ч нэмэргүй. Халдвартай хүмүүсээ эмнэлгүүд хүлээж авахгүй, эмчилгээ үйлчилгээ үзүүлж чадахгүй болсон ийм үед хатуу хөл хорио тогтоох нь “гэр гэртээ үх” гэснээс өөрцгүй зүйл болно. Түүнийхээ оронд арай зөөлөн аргаар буюу хүмүүсийг олноор бөөгнөрүүлэхгүй байх, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах, тэгээд гол нь гэрийн нөхцөлд эмчлэх, оношлох, эмчилгээний үе шатуудыг иргэдэд нээлтэй мэдээлж, заавар зөвлөгөө өгөх гээд олон арга замууд байж болно шүү дээ. Нийгмийн сүлжээгээр иргэд хоорондоо солилцож байгаа ковидыг хэрхэн эмчилсэн тухай мэдээллийг эмч, эрүүл мэндийн байгууллагууд нь албан ёсоор, иргэддээ нээлттэй мэдээлэх, зөвлөмж зөвлөгөө тогтмол өгөх хэрэгтэй байна. ЭМЯ-ны 11 цагийн мэдээллийг “Ковидийг эмчлэх цаг” болгосон ч болно шүү дээ.

Ядаж л төрийн болон хувийн байгууллагуудынхаа ажлын цагийг зөрүүлөөд, өглөө оройныхоо хөдөлгөөнийг жигдэлчихэд хүмүүсийн нягтрал хамаагүй багасаад ирнэ. Тэгээд үйлчилгээний газруудаа “хаана, хорино” гэхийн оронд ширээ сандлынх нь тоог цөөлөөд /50 хувь хүртэл/, халдвар хамгааллын дэглэмээ бариад үйл ажиллагаагаа явуул гэхэд хэн ч эсэргүүцэхгүй. УОК-ийнхон ядаж ийм хэмжээний зохион байгуулалт, зөөлөн дэд бүтэц хийж сурчихаад дараагийн шатанд хаана, хорино гэдэг үгээ ярьдаг болмоор байна.

Харин тэр наадам хийх хийхгүйн тухайд бол жинхэнээсээ “хүүхэд нохойн тоглоом” шүү дээ. Соошлаар хэрэлдүүлээд, хэлэлцээд байх ч асуудал биш. Угаасаа өнгөрсөн жил дотоодын халдваргүй, гадагшаа хил хаалттай байхад “Ковидын жил” гээд наадам хийлгээгүй. Энэ жилжингээ “Ковидгүй зуны төлөө” сонгуульдсан эрх баригчид дахиад “Наадмаа болилоо” гэвэл хэн ч эсэргүүцнэ. Тийм болохоор наадмаа хийдгээрээ хий. Тэрэндээ 10 тэрбумаа зарна уу, гурван тэрбумыг зарна уу ч хамаагүй. Ганцхан хийхдээ иргэдэд хохирол, талцалгүйгээр хийж өг. Хүй долоон худагтаа морио уралдуул, төв цэнгэлдэхдээ бөхөө барилдуул. Тэрэндээ хүмүүсийг л битгий бөөгнүүл, бусад нь зурагтаараа л үзнэ биз. Наадмын гурван өдөр жинхэнээсээ хөл хориогоо тогтоо. Харин тэр болтол энэ иргэд чинь ажиллаж, амьдармаар байна. Аль болгон яс горьдсон нохой шиг халамжийн хэдэн төгрөг горьдоод тэнгэр харж хэвтэх юм бэ?

Эцэст нь хэлэхэд наадам болон ковид гэдэг чинь тус тусдаа асуудал. Шийдэх арга зам нь ч гэсэн тусдаа, хариуцдаг хүмүүс нь ч тусдаа. Тус тусдаа төсөв, эдийн засагтай. Баяр наадмын тухайд УОК, Баяр наадмын комисс хоёр нь нийлж хуралдаад, тус тусдаа ажлаа зохион байгуулчих л зүйл шүү дээ. Ийм зүйл дээр ард иргэдээр “Наадам уу, Ковид уу?” гэдэг таавар таалгаад, сонголт хийлгээд баймааргүй байна. Өөр өөрсдийнхөө л хариуцсан ажлаа хий. Тэр зэргийн ажил зохион байгуулж чадахгүй юм бол яах гэж төр засаг, энэ олон яам, тамгууд байдаг юм.

Ер нь бол ковид гарснаас хойш манай эрх баригчид нэг ч удаа өөрсдөө шийдвэр гаргаж байгаагүй. Ямар нэг аргаар дунд нь яс хаяж хэрэлдүүлээд дийлсэн талд нь ордог, “Иргэд ингэж хүслээ” гээд шийдвэрээ гаргаад явдаг байсан. Энэ удаа ч гэсэн тийм заль мэхэнд нь автмааргүй байна. Төр юм бол төр шиг байж, хийх ёстой ажлаа хий. Чадахгүй бол зайгаа тавиад зайлаад өг.

Б.СЭМҮҮН 

Холбоотой мэдээ