“Иргэний үүргээ биелүүлээд харуулсан тухайгаа хороондоо хэлтэл ямар ч нэмэр болоогүй, бүр загнаж дарамталсан”

2021-06-22 62 0

Халдвараар өвчилж, гэртээ бие даан өөрсдийгөө эмчилж буй иргэдтэй холбогдож бодит нөхцөл байдлыг сурвалжиллаа.

ХАЛДВАР АВСАН ТУХАЙГАА ХЭЛЭХЭД БАЙРНЫ ЗАРИМ ТАНЬДАГ ОРШИН СУУГЧИД ГАДУУРХСАН. ХОГОО Ч АСГАЖ БОЛОХГҮЙ, ХҮҮХДҮҮДЭЭ АГААРТ ГАРГАЖ ЧАДАХГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА

Иргэн Э.Мөнхжаргал “Найм хоногийн өмнө зовуурь илэрч эхэлсэн. Тиймээс PCR-ийн шинжилгээ өгөх шаардлага гарсан ч эмнэлгээс зургаа хоногийн дараа гэрт чинь очиж авна гэсэн юм. Энэ хугацаанд ямар эм уух вэ гэдгийг тэр эмчээс лавлаж асуухад онош батлагдаагүй бол зөвлөгөө өгөхгүй гэсэн. Ингээд зургаа хоногийн дараа эмнэлгээс хүн ирэхийг өдөржин хүлээж, ажлын цаг дуусахаас өмнө 16:00 цагийн үед өрхийн эмнэлэг рүү хэд хэд залгаж арай гэж утсаа авснаа “Таны шинжилгээг очиж авах боломжгүй 17:00 цагаас өмнө өөрөө ирж шинжилгээгээ өг” гэж хэлсэн л дээ. Тэр өдөр хамаг бие янгинаастай, халуунтай байсан ч яваад очсон. Тэгтэл эмнэлгийн гадаа бараг бүгд шинж тэмдэг илэрсэн, халуурсан ханиасан хүмүүс оочерлоод хүлээж байгаа юм. Тэнд унаж татдаг өвчтэй хүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэргэнцэр дээр суусан настай хүн хүртэл байсан. Бие маш муу байсан ч тэвчиж зогссоор шинжилгээ өгч, хариу маань арван минутын дараа эерэг гарсан. Миний шинжилгээний хариу энэ сарын 17-нд батлагдсан гэсэн үг. Одоо яах уу, юу хэрэглэсэн нь дээр вэ гэж эмчээс асуусан боловч зөвлөгөө өгөх боломжгүй байр хариуцсан эмчтэйгээ холбогд гэж байгаа юм. Мөн улсаас өгч байгаа эмийн багцыг авмаар байгаа талаараа хэлэхэд “Тийм юм байхгүй” л гэсэн. Шинжилгээ маань эерэг гарч, батлагдсанаас хойш эмнэлгээс нэг ч холбогдоогүй, залгаад ч утсаа аваагүй. Тиймээс фэйсбүүк групп, бусад сошиал хуудсаас харсан хэд хэдэн эмийг хэрэглэж байгаа. Энэ хугацаанд ууж байсан “Мана 4″ танг ургамлын харшилтай хүн ууж болдоггүй гэдгийг мэдэхгүй хэрэглээд харшлын шоконд хүртэл орсон. Нүүр ам, тагнай хавдаж эмнэлгийн тусламж авах гэж залгасан боловч хэн ч ирээгүй. Үнэхээр амь амиа бодоорой гээд л хөсөр хаягдсан мэдрэмж байлаа. Тэр 119, дүүрэг, өрх аль нь ч цаг тулсан хэцүү үед утсаа авдаггүй юм билээ. Ингээд маш хэцүү байсан болохоор эмийн сангаас “Декса” дуслаар авч өөртөө залгаж, харшлын эмүүдээ ууж арай дээрдсэн. Гэвч өчигдөр шөнө дахин халуурч, хамаг яс янгинаж хонолоо. Биковидын шинжилгээ өгөхөөр эмнэлэгт очихдоо дахиад өөр халдвар аваагүй байгаа гэж айж байна. Ийм хүнд үед ирж шинжилгээ өг гэж хэлдэг, халдвартай хүмүүсийг бөөгнүүлдэг, бусдад ч халдвар тараах нөхцөлийг бүрдүүлдэг газар ХУД IV хорооны өрхийн эмнэлгээс өөр байхгүй юм шиг байна лээ. Өвлийн хөл хориогоор манай ээж өвдөж, 10 хоног гэртээ ганцаараа маш хүндэрсэн, очиж ч болохгүй. Ингээд арга барахдаа өчнөөн тийшээ залгаж бараг л хэрэлдэн байж эмнэлэгт хэвтүүлсний дараа хоёр удаа сэхээнд орж үхэхийн наагуур л сэхсэн. Ээж өвдөөд эдгэснээсээ хойш үе мөч нь байнга өвддөг болж, өвдгөөрөө нугарахаа больсон, хувийн эмнэлгээр л эмчилгээ хийлгэж байгаа. Ийм хэцүү байхад утсаа авдаг, зөвлөгөө өгдөг газар нэг ч байхгүй нь дэндүү харамсалтай. Ард иргэддээ жаахан ч гэсэн анхаараасай, наадам зугаа цэнгэлд үрэх хэмжээлшгүй их мөнгөө ганцхан удаа иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө зарцуулаасай. Ямар ч чанаргүй вакцин оруулж ирж хүчээр шахсанаа хүлээн зөвшөөрөөсэй” хэмээн хэлсэн юм.

Мөн тэрбээр коронавирустэй холбоотой ялгаварлан гадуурхалт гарч байгаа талаар ярихдаа “Өөрийн цахим хуудаснаа халдвар авсан тухайгаа нийтлэхэд байрны зарим таньдаг оршин суугчдаас гадуурхах үзэгдэл гаргасан. Хогоо ч асгаж чадахгүй, хүүхдүүдээ дулаан энэ цагт агаарт гаргаж ч чадахгүй хэцүү л байна. Эмнэлгүүд нь, эмч нар нь залгадаггүй юм аа гэхэд утсаа аваад ядаж зөвлөгөө өгчихдөг баймаар байна. Ийм байдалтай гэртээ нас барж байгаа хүн олон байгаа байх” гэв.

ТАНИЛГҮЙ, МӨНГӨГҮЙ БОЛ ЭНЭ ӨВЧНӨӨР ГЭРТЭЭ ҮХЭХ ЮМ БАЙНА ГЭДГИЙГ БИЕЭР МЭДЭРЛЭЭ

Иргэн А.Амарсанаа “Өчигдөр шөнө биеийн байдал маань хүндрээд сая эмнэлэгт ирж хэвтлээ. Хүндрээд өрхийн эмнэлэг, 119 тусгай дугаарын утас руу залгаад ч нэмэргүй байсан. Урд шөнө даралт ихсээд, хоолой боож, амьсгал давхцаад түргэн дуудсан юм л даа. Тэгтэл үүрийн 06:00 цагт л очих боломжтой гэсэн учраас хүлээж тэсэхгүй Баянзүрх дүүргийн хүлээн авах дээр очсон. Ингээд тариа залгуулж арай дээрдлээ. Тэгэхээр биеийн байдал гэнэт хүндэрсэн үед ямар ч авралгүй юм билээ. Ер нь бол дээгүүр доогуур их гүйж арай гэж эмнэлэгт хэвтсэн. Танилгүй мөнгөгүй бол гэртээ үхэх юм байна лээ. Эртхэн эмнэлэг бараадсандаа баяртай байна” хэмээн хэллээ.

ЭМНЭЛГЭЭС ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХГҮЙ БАЙГАА УЧРААС БУСДЫН ДАМ ЯРИАНААС СОНССОН ЭМ ТАРИАГ ХЭРЭГЛЭЖ БАЙНА

Иргэн Д.Тунгалаг “Анх 70 настай ааваас маань шинж тэмдэг илэрч, улмаар аавыгаа гэрээр эмчлэх явцад би халдвар авсан. Одоогийн байдлаар бидний биеийн байдал гайгүй ч өдөрт бага багаар шинж тэмдэг нь нэмэгдэж байна. Аав бид хоерын хувьд бусад хүнээс халдвар авсан уу гэвэл, үгүй юм шиг. Бид халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж байсан шүү дээ. Ам цангаад хүйтэн зүйл уух, жаахан даарахад л биед шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн. Бидний хувьд вакциныхаа хоёрдугаар тунд хамрагдаад хоёр cap болж байна. Улмаар халдвар авч эмнэлгийн тусламж хүсэхэд хүлээн авах газар байдаггүй. Ядаж өндөр настай аавыг маань ч ирж үзэхгүй. Заавал өрхийн эмнэлгээр дамжиж хэвтэх гэнэ. Гэвч өрх нь хүлээж авахгүй. Өнөөдөр бид хоёр арга барагдаад PCR-ийн шинжилгээ өгөхөөр очсон чинь 100 хүнээр таслахаар болоод буцсан. Тэгээд түргэвчилсэн шинжилгээ өгөхөөр оочерлоод зогстол тест дууссан гээд бас л хойшлогдлоо. Манай дээд удирдлагууд уялдаа холбоотой ажиллаж, ажлаа чин сэтгэлээсээ хийхэд л хүндрэл үүсэхгүй байх боломжтой. Халдвар авсан иргэдээ зүгээр л гэрээс нь гаргахгүй шинжилгээг нь аваад өгөхөд л болно шүү дээ. Шинжилгээ өгөхөөр оочерлож зогсож байсан 25 хүнээс 20 нь ковидтой гарч байгаа юм. Дархлаа муутай өндөр настай хүмүүс гэртээ бусдаас ангид байх үед нь эмнэлгээс ирээд биеийн байдлыг нь үздэг болоосой. Энэ ковидыг туссан үед агаар, хөдөлгөөн хамгийн хэрэгтэй. Миний хувьд аавынхаа шинжилгээг өгч, сайн эмчлүүлэхийг л хүсэж байна. Одоо цаашдаа гэрээрээ бүх зүйлээ судалж уламжлалт эмчилгээгээр явъя гэсэн бодол байгаа. Нэмж нэг зүйл хэлэхэд, том эмийн үйлдвэрээр 220 мянган төгрөгийн тариа тав хийгээд л эдгэдэг гэсэн яриа гарсан байна лээ. Үүнийг том дарга нар нь өөрсдөө хийлгэдэг гэсэн. Энэ тарианы талаарх мэдээллийг ил болгож өгөөрэй” хэмээв.

ӨРХИЙН ЭМНЭЛГЭЭС ӨГСӨН ДАРХЛААЖУУЛАЛТЫН БАГЦ ЯАЖ Ч БОДСОН 70 МЯНГА ХҮРЭХГҮЙ

Иргэн Т.Туяа “Гэртээ өөрсдийн авсан эмийг хэрэглэж, халуун бүлээн шингэн зүйлийг ойр ойрхон ууж байна. Миний хувьд харьцангуй хөнгөн туссан. Гэхдээ эхний хэд хоногтоо толгой, үе мөч их өвдөж, ядарч сульдсан. Өрхийн эмнэлгээс ганц хоёр удаа л ярьсан. Уух эмийг маань гаднаас аав авчирч өгсөн, нийт 300 мянга гаруй төгрөг болсон гэж байна лээ. Өрхийн эмнэлгээс 70 мянгын багц өгсөн. Гэвч багцанд байгаа эмийг нь яаж ч нэмж бодсон 70 мянга болохгүй байна. Тэгээд хоёр том хүн, хоёр хүүхэд байхад жаахан юм өгөөд л явсан. Оргүйгээс охинтой нь дээр гэдэг шиг хүний нүд хуурсан юм л өгсөн дөө” гэв.

ЗАРИМ ТАЛААРАА КОВИД МАНАЙ НИЙГМИЙН СУЛ ТАЛЫГ ИЛЧЛЭЭД БАЙХ ШИГ

Иргэн Б (нэрээ нууцлахыг хүсэв) “Өөрийгөө эмчилсний дараа хамрын шингэн нус эдгэсэн, цэр багасаж хэвийн л байна. Эмч биш болохоор хүнд хөнгөн байгаагаа сайн мэдэхгүй юм аа. Үнэндээ бид аюулгүй, эрүүл орчинд амьдармаар байна шүү дээ. Зарим талаараа КОВИД манай нийгмийн сул талыг илчлээд байх шиг. Би ойр дотны болон хүрээллээсээ анхных нь болсон учраас бусдадаа халдвар тараах вий гэж айж байна. Хаанаас авсан нь тодорхойгүй, хэнд халдвар тарааснаа мэдэхгүй байх нь бас хэцүү. Хүнд л халдвар өгөөгүй байгаасай гэж хүсч байна. Одоо гадуур PCR өгч чадахгүй, ханиад, харшил гэж андуурч яваа хүмүүс их бий. Залуу хүн болох байх гээд өндөр настай ээж, аав, дүү нартаа санаа зовж байна” хэмээсэн юм.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ ТӨЛДӨГ ХҮМҮҮС ИЙМ ҮЕД Л ҮР АШГАА ҮЗМЭЭР БАЙНА

Иргэн Н.Зулаа “Манай төр засаг ард иргэдээ хөсөр хаясан байна шүү дээ. Өрхийн эмнэлэг нь утсаа авдаггүй, тоодоггүй. Түүнчлэн 119 тусгай дугаар луу залгахаар мэдлэг тааруу хэдэн эмч ярьдаг. “Арбидол” гээд эмийг жирэмсэн эмэгтэй, бага насны хүүхдэд хамаагүй зөвлөж байна. Эрүүл мэндийн даатгал төлдөг хүмүүс ийм үед л үр ашгаа амсмаар байх юм. Хорооны хэсгийн ахлагч руугаа яриад хэрэлдэн байж арай гэж хоёр ширхэг тан, таван ширхэг С витамин, цайр авлаа. Ерөнхийдөө эрүүл мэндийн салбар маань сөнөсөн байна. Төр засаг нь зүгээр л мөнгө иддэг хүмүүсээр дүүрчээ. Бид нар чинь бас арай ч Пакистан болон өөр ядуу буурай орон шиг биш биз дээ. Гэвч тийм түвшинд хүртэл идэж уусан байна шүү дээ. Хайран татвар төлөгчдийн мөнгө. Сэтгэлгүй, чадваргүй байна. Уг нь гуравхан сая хүн, ёстой инээдтэй тоо шүү дээ. Эрдэнэт хүний амь юу ч биш болж. Хэрэв хүндрээд амьсгал боогдвол тэгээд л үхэх болж байна. Өрх утсаа таслаад байна лээ. Энэ байдлаараа олон хүн тусламж авч чадалгүй гэртээ амь насаа алдсан байх даа. Хоногийн хоолоо яая гэж байгаа айлууд, тэтгэврийн хэдэн настай хүмүүс үнэхээр хэцүү байгаа. Ер нь ямар ч ажлыг хийхэд сэтгэл дутахгүй бол асуудлыг арай ч ийм болтол даамжруулахгүй байх. Сонгуульд хамаг мөнгөө үрж, одоо амьсгалын аппарат нь ч хүрэлцэхгүй. Эрх мэдэл, албан тушаал биш ард иргэдээ үнэхээр боддог тийм л сэтгэлтэй байгаач ээ гэж хүсэх юм” хэмээн нөхцөл байдлыг учирлалаа.

ҮНЭХЭЭР ЭМ АВАХ МӨНГӨ БАЙХГҮЙ ИРГЭД ЯАХ ВЭ…ИЙМ ХҮМҮҮС БАЙГАА ШҮҮ ДЭЭ

Иргэн Х.Билэгт “Ковидын улмаас нөхцөл байдал хүндэрч байна. Бие муудвал коронавирустэй холбоотой бүх дугаар холбогдохгүй, утсаа ч авахгүй. Арай гэж эмнэлэг нь утсаа авахаараа энэ дугаарт яриарай гээд өөр дугаар өгнө. Ийм л аалзны тор шиг байдлаар арав гаруй дугаар өгч байна. Өчигдөр өдөржин залгаж 20 хоногтой нярай, хоёр настай хүүхэд хэцүүдлээ гэж дуудан байж үүрийн гурван цагийн үед ХӨСҮТ-еөс ирсэн. Өнөөдрөөс эмчилгээ эхэлж байна. Ковидыг тусаад найм хоногийн дараанаас эмчилгээ эхэлж байгаа гэсэн үг. Бие муутай хүмүүс бол хэцүү санагдлаа. Түүнчлэн нэг зүйлийг нэмж хэлэхэд, үнэхээр эм авах мөнгөгүй байсан бол яах вэ… тийм хүмүүс байгаа шүү дээ. Өрхийн эмнэлгээс иргэн бүрд 70 мянган төгрөгийн эмийн туслалцаа өгнө гээд байсан нь худлаа юм байна лээ. Өрхийн эмнэлгээс хэн ч ирсэнгүй. Хорооны ажилтнууд хоол унд дэлгүүрээс авч өгнө гэсэн. Ингээд тухайн дугаарт залгахад холбогдохгүй. Миний хувьд иргэний үүргээ гүйцэтгээд өөрийгөө тусгаарлаад байдаг. Одоо үнэндээ идэх хоолгүй болж байгаа учраас гарч хоол авахаас өөр сонголт үлдсэнгүй. Хорооны хоол хүнс дөхүүлж өгнө гэсэн ажилтны дугаар холбогдохгүй гурав хонолоо. Би ямар зээлээр аваад өг гэж гуйж байгаа биш дээ. Өөрөөр мөнгөө өгье, эм хоол дөхүүлэх гээд залгаад байгаа юм, уг нь гэв.

БИ ИРГЭНИЙ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭЭД ХАЛУУРСАН ТУХАЙГАА ХОРООНДОО ХЭЛТЭЛ ЯМАР Ч НЭМЭР БОЛООГҮЙ, БҮР ЗАГНАЖ ДАРАМТАЛСАН

Иргэн Д.Саруул ‘Би ойрын хавьтал болоод дөрөв хоног халуурсан. Улмаар өрхийн эмнэлэг рүүгээ залгахад гарч болохгүй, одоо очиж PCR шинжилгээ авна гэж хэлж дөрөв хоног хүлээлгэсэн. Ингээд аргагүй эрхэнд өрхийн эмнэлэг рүү өөрөө очиж учир байдлаа хэлсэн ч огт тоогоогүй. Би мөнгийг чинь өгье гэсэн чинь харин сая хөдөлж байгаа юм. Түргэвчилсэн шинжилгээ өгсний дараа хариу маань сөрөг гарсан. Эмч үүнийг улирлын ханиад байна гэж хэлсэн л дээ. Гэхдээ надад та тусгаарлалтад орлоо, гэртээ байх ёстой гэж заавар өгөөгүй. Би иргэний үүргээ биелүүлээд л халуурсан тухайгаа хороондоо хэлтэл ямар ч нэмэр болоогүй, бүр дарамталсан. Ядаж таны бие яаж байна гээд асууж болно шүү дээ. Гэтэл залгаж зөвлөгөө өгөх нь байтугай хорооны хүн нь найм хоногийн дараа гэнэт утасдаад загнаад байгаа юм. Та бусдад зориудаар халдвар тараасан, Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгуулна гээд л… Тэнд очоод дахиад шинжилгээ өг, гэртээ оч гээд л захиргаадсан өнгө аястай ярьж нааш цааш явуулж, ажил удсан. Иргэний үүргээ биелүүлээд хороо руугаа ярьж ч болохгүй юм байна. Ядаж нэг удаа зөвлөгөө өгсөн үү, үгүй шүү дээ” гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

Холбоотой мэдээ