Монгол, Японы бизнес эрхлэгчдийн ГҮҮР БОЛОХ цахим экспо ӨНӨӨДӨР албан ёсоор эхэлж байна

2021-06-25 33 0

Монгол, Японы бизнес эрхлэгчдийн ГҮҮР БОЛОХ цахим экспо ӨНӨӨДӨР албан ёсоор эхэлж байна.

Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд манай талаас “Монгол Японы ЭЗТХ-ийн таван жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” арга хэмжээг зургаадугаар сарын 25-наас долоодугаар сарын 05-ны өдрүүдэд www.ExportMongolia.org цахим талбарт зохион байгуулж байгаа юм.

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэр, Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлал, Мэдээлэл технологийн салбар, Аймаг орон нутгийн захиргааны төлөөлөл бүхий 40 гаруй байгууллага, бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллээ цахим талбарт байрлуулан, 10 хоногийн хугацаанд үзэсгэлэнг гаргаж байгааг сануулъя.

Өнөөдөр цахим форум үзэсгэлэнгийн үйл ажиллагааг ГХЯ-ны Гадаад Худалдаа, Эдийн Засаг Хамтын Ажиллагааны Газрын дэд захирал Г.Өлзийсайхан, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Жижиг Дунд Үйлдвэрийн Газрын дарга Я.Эрдэнэсайхан нар нээн үг хэлнэ.

Түүнчлэн Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохыг дэмжих онлайн семинар болохыг дуулгая.

Тодотгоход, Монгол Улсын Гадаад харилцааны яам (ГХЯ), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам (ХХААХҮЯ), Монгол Улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг  Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн ЖДҮГ, “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ууд  хамтран Монгол, Японы бизнес уулзалт, үзэсгэлэнг 5 дахь удаагаа хамтран зохион байгуулж буй юм.

Өнөөдөр. нээгдэж буй цахим форум, үзэсгэлэнгийн талаар “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэгээс тодруулга авахад:

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад таван жил болсон ч Монголын экспорт нэмэгдэхгүй байгаа. Үүнд, Монгол, Япон аль аль талаасаа анхаарал хандуулж байна. Хэлэлцээр байгуулагдсаны таван жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй энэ удаагийн цахим  арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ.

Арга хэмжээний хүрээнд Монголын бүтээгдэхүүнийг Япон руу экспортлохыг дэмжих онлайн семинар болох юм. Японы  “Жетро” байгууллагаас Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бизнес эрхлэгчид хэрхэн ашиглах боломжтой талаар, Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн экспортыг нэмэгдүүлэх ямар боломжууп байгаад анхаарал хандуулсан мэдээллийг өгөх юм. Семинарын хүрээнд Монголын экспортыг нэмэгдүүлэхэд гол тулгамдаж буй асуудал, Японы зах зээлд  ороход  анхаарах зүйлс, асуудлыг шийдэх ямар арга зам байгаа вэ гэдгийг хуваалцахаас гадна, экспортын схемийг танилцуулна. Энэ бол Японы талаас зохион байгуулах арга хэмжээ юм.

Монголын талаас зохион байгуулах гол арга хэмжээ нь Монголын бизнес эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаагаа салбар салбараараа танилцуулна. Тухайлбал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аж үйлдвэр, жижиг, дунд бизнес, аялал жуулчлал, мэдээллийн технологи гэсэн салбаруудад үйл ажиллагаа эрхэлдэг бизнес эрхлэгчид өөрсдийн хийдэг зүйлсээ, өөрсдөдөө байгаа боломжоо, байнга нөхөгдөж байдаг баялаг болох хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн нөөц баялгаа хэрхэн яаж Японы бизнесүүдтэй хамтран ашиглаж, олон улсын зах зээлд гаргах вэ гэдэг дээр туршлага, мэдээлэл солилцох семинар, үзэсгэлэнг зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээ жил болгон уламжлалаар биетээр болдог байсан бол энэ жил ковидоос болоод цахимаар болж байна.

Цахимаар болж байгаа учраас олон байгууллага хамрагдах боломж нь нээлттэй. Бизнес эрхлэгчид, үндэсний үйлдвэрлэгчид, үйлчилгээний салбарынхан маань ч гэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ Япон бизнесүүдэд, Японы зах зээлд цахимаар танилцуулна.

Өдөр өдрөөр, салбар салбараараа Японы тухайн чиглэлийн бизнесүүдтэй хийх уулзалтуудыг төлөвлөж байгаа. Манай бизнес эрхлэгчид Японы бизнесүүдийг уриад өдөр болгон салбар салбараараа үйл ажиллагаагаа танилцуулах юм. Үүн дээр, Япон дахь Монгол Улсын ЭСЯ, Монголын холбогдох төрийн байгууллагууд, ТББ-ууд, хувийн хэвшлийнхэн идэвхтэй хамтран ажиллаж байна гэсэн юм.

Холбоотой мэдээ