Зуун настай залуу

2021-06-29 89 0

Монголын Залуучуудын Холбооноос залуучуудын байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэл бичлэгийн уралдаан зарлаад байгаа. Энэхүү уралдаанд ирүүлсэн бүтээлээс танилцуулж байна.

Зуун настай “залуу”

Хуучин юм ул болж, шинэ юм зул болдог хүний амьдралын бичигдээгүй хууль ёсоор “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэй байгуулагдсан залуучуудын  байгууллага 100 насыг зоогложээ. Зуун жил Монгол залуусын нөмөр нөөлөг байж, их бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд хөтөлсөн гэх үгс эл өдрүүдэд хангалттай чихнээ сонсогдож, нүд эрээлжлүүлэн дурайхын учир түүнээс аль болох дөлөн, тойрохыг энэхүү бичвэрээр хичээн зорих болно. Хэдийгээр энэхүү байгууллага 100 гарч, хүнээр бол нүгэлт бодлоос ангижирч, хал үзэж, халуун чулуу долоон орчлонгийн хүсэл шуналаас илүүтэй, хойч үеийнхээ буян заяаг даатган залбирч суух нас авч, нялх Сэнгүм шиг байхуйд эмзэглэн “100 гарсан залуу” гэж  нэрлэж, хойшдын явдалд ташуур өгье.

Хэний төлөө байгуулагдав

100 жилийн өмнө “Бошгыг халах залуучуудын эвлэл” нэртэйгээр байгуулагдсан энэхүү холбооны зорилго залуучуудыг боловсруулж, тэдэнд тулгарсан бэрхшээл, асуудлыг шийдэхийн төлөө байсан эсэх нь эргэлзээтэй. Оросуудын “зохиож” өгсөн гоё түүхээр бол Монгол ардын намын үүсгэн байгуулагч нь Д.Сүхбаатар гэж бичигддэгтэй адилхан энэ байгууллагын үүх түүхийг сөхвөл, санаачлагч нь Д.Сүхбаатар гэж бичигддэг. Бичигддэг гэсний учир нь, бидэнд үлдсэн баримтаар Д.Сүхбаатар Монгол ардын нам байгуулагдсанаас нь хойш жил орчмын дараа элссэн баримт хадгалагдаж байгаа юм. Нөгөөтээгүүр энгийн логикоор харвал феодалын хамгийн том төлөөлөгч гэгдсэн Богд хаантай шатар нүүчихдэг, мөргөн сүсэглэж, явсан хүн эсрэг байгууллага байгуулах нь юу л бол. Их л эргэлзээтэй асуудал.

Маршал Х.Чойбалсангийн нэр бол санаачлагчдын жагсаалтад зүй ёсоор орох нь дамжиггүй. Харин анхдугаар их хурлаар сонгогдсон дарга зохиолч С.Буяннэмэх билээ.

Эмэгтэйчүүдийн гэзэг, эрчүүдийн нударгыг тайрснаар эхэлсэн энэхүү байгууллагын залуучуудын дөвчигнөл эцэстээ Д.Сүхбаатарын дургүйг хүргэж, албан бичиг гаргахад хүргэж байсан баримт харин байна.

Тухайлбал :

Цэргийн Яамны тэргүүн сайд, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар “Ардын эрхт хэмжээт цаазат ёсыг эндүүрэн ухаж, ёс суртлыг зоргоор гээгдүүлэн балмадлан түрэмгийлж явагчдад бүрэн учрыг тайлбарлан ухуулсан бичиг” 1922 оны гуравдугаар сард Ардын Засгийн Газрын тогтоол болгон гаргасан  нь Үндэсний архивд хадгалагдаж байна.

Сэлэм Тогмид ба Монголын хувьсгалт залуучуудын эвлэл

Монголын нэрт зохиолч Ламжавын Ванган, Чойжилын Чимидийн зохиол, найруулагч Д.Жигжидийн уран бүтээлдээ маш чадварлагаар нуун далдалж, олон олон шүүлтүүрийг даван хувьсгалт залуучуудын төөрөгдлийг харуулсан дүр бол “Өглөө” киноны сэлэм Тогмид гэлтэй.

Чухамдаа дээр дурдсан Д.Сүхбаатарын “ухамсрын шанааг” Сүх жанжны шадар туслах Тогмидоор тэд үзүүлжээ. Сав хийвэл хуйнаас нь буугаа сугалж, хэнийг ч хамаагүй, тэр бүү хэл ардын засагт ач тус үзүүлсэн хүнийг хүртэл буудчих гээд байдаг Тогмидыг хайрласандаа хорьж, шийтгэж байгаагаар үзүүлсэн ч хэрэг дээрээ боловсрол мэдлэг дулимаг, хувьсгалаар өвчилсөн, хөнгөн хуумгай хувьсгалт залуучуудын шууд тусгал болгожээ. Үнэхээрийн Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийнхэн буутай явдаг төдийгүй намын хуралд ч түүнийгээ “гозолзуулах” нь элбэг байсан талаар МАХН-ын хурлын протоколоос харж болно.

Эл байдлыг ч өөгшүүлэх хүчин байж. Залуусын дур зоргоороо авирласан явдал Коминтернд ашигтай байсан учраас өөрсдийнх нь үгэнд ороогүй намын удирдлагуудын эсрэг тавих том зэвсэг болгосон байх юм. Эрдэм боловсролоор дээгүүр, хал үзэж хашир суусан намын удирдлагууд хуучнаа төдийлөн үгүйсгэхгүй, асуудалд учир шалтгаантай хандаж байсан нь Коминтернд таалагдсангүй. Тиймээс ч тэдний эсрэг учир мэдэхгүй залуусыг цэнэглээд тавихаар шийджээ. МХЗЭ-ийн Төв Хорооны анхны дарга С.Буяннэмэхийг эвлэлийн бус намын ажлаа хийдэг, “нударганчуудтай” холбоотой гэж буруутган баривчилж байсан төдийгүй цөөнгүй хүнийг хэлмэгдүүлсэн аж.

Орост бэлтгэсэн, намын сургууль төгссөн залуус ногоон гэрлээр энэхүү эвлэлийн дарга болж, хожмоо зүүнтний төөрөгдөл болжээ. Аажимдаа ахмад үеэ үгүйсгэсэн залуусын байгууллага эрчээ авсаар намаас дутахааргүй эрх мэдэлтэй болсон бөгөөд намдаа ч дийлдэхээ байсан байлаа.

Тиймээс МАХН-ын Төв Хороо, Намын Төв Хянан Байцаах Комиссийн хамтарсан Онц III Бүгд Хурал хурлаар 1932 онд “Хувьсгалт Залуучуудын Эвлэл бол намын дор захирагдах бөгөөд намын соёлын шууд удирдлагаар ажиллах байгуулалт мөн гэж үзнэ. Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн зорилго нь тус орны ажилчин ардын залуучуудыг эвлэлдүүлэх ба хүмүүжүүлэх, намын зорилго ба тогтоолд нийлүүлж, намын залгамжлалыг бэлтгэж хүмүүжүүлэх, намын заавар ба даалгасан зүйлийг гүйцэтгэх явдал мөн гэж үзнэ…” гэжээ. Ийнхүү намтай энэ тэнцүү эрх мэдэл бүхий залуусын хийрхэл төөрөгдөлд хөтөлж, өөрөөр сэтгэж, үзэл бодлоо илэрхийлсэн нэгэн хавчигдаж, тэрхүү солиорол нь даамжирсны улмаас монголчуудыг хэлмэгдүүлэлтийн хар сүүдэрт оруулахад багадахгүй нөлөөг үзүүлжээ. Ингэж тархийг нь зорчихсон юм шиг, уламжлалаа үгүйсгэсэн улаан хувьсгалч залуусын байгууллага эцэст нь намын боловсон хүчнийг бэлтгэх эвлэлийн үүрэг гүйцэтгэж, 1990 оны ардчилсан хувьсгал болтол тал нутгаар “салхилжээ”.

Намаас салсан ч…

Өмнөхөө үгүйсгэх үзэлд тулгуурлан эвлэл 70 жилийн дараа нуран унаж, 1991 онд хуралдсан МХЗЭ-ийн ХХ их хурлаар залуучууд өөрчлөлт, шинэ чиг хандлагыг өрнүүлэн хэлэлцэж, МХЗЭ-ийн үйл ажиллагааг зогсоожээ. 70 жил оршин тогтносон тус байгууллагын бааз суурь дээр 1991 оны нэгдүгээр сарын 17-нд  Монголын залуучуудын холбоог байгуулав. Ерөнхийлөгчөөр өмнө нь МХЗЭ-ийн нарийн бичгийн дарга байсан С.Баярцогт сонгогдов. Түүний залгамж халааг тус холбооны нарийн бичгээр ажиллаж байсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 1996 онд авч 2000 он хүртэл удирджээ.

Энэ цаг үеэс эхлэн МЗХ залуусын дуу хоолойг нэгтгэж, эрх баригчдад тэдний санаа бодлыг уламжлан эрх чөлөө, үзэл бодлоороо нэгдсэн мянга мянган залуусыг эгнээндээ нэгтгэн нийгэмдээ багагүй үүрэг үзүүлж эхэлсэн ч анхны удирдагч нь нам дагаж, эрх мэдэлд хүрэх шат болгон ашигласнаар зогсов. Дараа дараагийн дарга нар өмнөхийн адил өөрсдийн төлөө ажиллаж байснаас залуусын дуу хоолой, тэдний үзэл бодол, үнэт зүйлсийг аажмаар гишгэлэв. Зарим нь нэрийг барьж иргэдийг хохироодог болсон бол нөгөө хэсэг нь улстөржин увайгүй аягладаг болсон.

Эцэстээ өөрийн хүрээллийг өргөжүүлж, дэврүүн оргилуун залуусыг ашиглан улс төрд нөлөөлөгч болгох шат дамжлага болгожээ. Тэд хөлжинө, хөгжинө. Нийт залуус үгүйрнэ, уруудна.

Төгсгөлийн оронд сануулах дуу

Ирж яваа цагийн дууг харьж яваа хүн дуулдаггүй билээ. Гэвч Монголын залуучуудын холбоонд нөлөө бүхий залуусын зугаацахдаа дуулдаг нэгэн дуу байж.

…Хайр сэтгэл над дээр юм бол

Хонины чинь бэлчээрт уулзъя

Янаг сэтгэл над дээр юм бол

Ямааны чинь бэлчээрт уулзъя

Ханги ванги ста на на… гэж эрээ цээргүй дуулж асан залуус өнөөдөр төрийн өндөр албан тушаалыг хашиж байна.

Өнөөгийн залуус энэ дууг мэдэхгүй ч тэд, тэдний үеийн залуус гарцаагүй мэднэ. Тэдний залуу нас энэ дуугаар хөглөгдсөн ч өөр олон мянган залуусын холбоондоо итгэх итгэл үнэмшил энэ дуутай хамт замхарсан юм.

Дараагийн удирдлагууд байрны түрээсийг мөнгийг хэрхэн хүртэх тухай хэрүүл хийснээс цааш явсангүй. Хэдийгээр залуусын оролцоотой байгуулагдсан эл байгууллага 100 жилийг ардаа үдсэн ч амьдралд хөлөө олоогүй явна. Гэхдээ энэ байгууллага амьд үлдэх ёстой. Амьд үлдээд зогсохгүй залуусын орон гэгддэг Монголыг авч явах оюун санааны түүчээ нь байх ёстой.

Намчирхсан өнөө цагийн бузар, булай, атаа, жөтөө, шунал, тачаал, эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй тэмцэл. Түүгээр дүүрсэн хорвоог хэн нэгний хэлснээр бус зөвхөн өөрсдийнхөө сэтгэл, зүрх, эд эсээр мэдэрч, эсэргүүцэн цус нь булгилж, хорсолтойгоор үзэн ядах шинэ цагийн залууст энэ байгууллага зүг чиг байх ёстой.

Халамжийн бодлогоор Монголыг дампууруулдаг улстөрчдийн эсрэг хийсэн бүтээсэн, сурсан боловсорсноо дээш нь өргөдөг тийм үнэлэмжийг залуус л хийх билээ. Тиймээс л залуучуудын холбоо нэр төдий, объект байдлаар бус оршсон шиг оршин тогтнох ёстой.

Л.Нарантөгс

Холбоотой мэдээ