Лодонгийн Түдэвийн гүүр

2021-06-30 46 0

Монголд залуучуудын байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулан нийтлэлийн уралдаан зарлаад байгаа билээ. Энэхүү уралдаанд ирүүлсэн Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч сэтгүүлч Д.Жамъяны нийтлэлийг хүргэж байна.

Дашрамд сануулахад сэтгүүлч, нийтлэлч, оролцогчид бүтээлээ  mediamyf111@gmail.com  хаягаар ирүүлнэ үү. Харилцах утас 77771313, 99049247

ЭВЛЭЛ-100 жил

Лодонгийн Түдэвийн гүүр

Эссэ нийтлэл

Оршил

Манай нийтлэлийн баатар Цэдэвийн Поль гэгч ажилсаг шамдамхай нэгэн бөгөөс Лодонгийн Түдэвийн үндэсний үзэлт, эрдэмт удирдагчийн тавьсан мөнхийн гүүрэн дээгүүр алхаж говь тал нутагтаа юм, юм сэдэж ная, ерээд оны залуучуудыг эх оронч, баялаг бүтээгч монгол иргэн болгон хүмүүжүүлэхэд хүчээ өгсөн нэгэн цаг үеийн улаач!

Л.Түдэв абугай говьд очоод Булган сумын баян бүрдийн гоо сайхныг шагширч, шинэ сортын алимны дээжээс амсаж суухдаа урд хоолойн бахлуурт идээшлэх хулангийн сүрэг, хот тэмээдийг харж говийн залуус цөөвөр санаатай хонин нүдтэй боловч амазонкуудын удам болохоор охид нь гоо зүстэй, эрчүүл нь эрэмгий байх юм гэжээ.

Тэрээр улаан гоёоны дарс амталж,

-Алтайн уулсын үзүүр нутаг болохоор жалайр түмний оюуны баялаг цусанд нь шингэсэн говь талын залуучууд алдрын эзэд мөнөөс мөн гэж хэлжээ. Ширээ атны зогдор самнах салхийг таашаан баян бүрдийн ариун уснаас амсаж, нарийн ногоо сугсран найгах төгөл дунд,

Тоорой юу модондоо

Тогоруу нь эргэнэ

Тоосны маань холоос

Хүү минь ирнэ … хэмээн аялсан гэдэг.

Түүхийн шар, улаан хуудас шиг диван галавын домог хүүрнэсэн давхар, давхар зоо нурууг илэх мэт заагаад палентологийн үүцийг Эндрюс зөвхөн тэмдэглэж дээжээс нь 300 тэмээнд ачиж усан онгоцоор америк хүргэж Нью-Йорк, Чикагод хоёр музей байгуулсан нь дурсгалтай гэж их эрдэмтэн Л.Түдэв тэгэхэд хүүрнэн өгүүлэхийг Поль дарга сонсоод мөн их донсолж догдолж билээ.

Нэн шинэ цагийн залуус бараг л цөмөөрөө Лодонгийн Түдэвийн оюуны гүүрээр алхаж түүний өв эрдмээс суралцсан авай. Цэдэвийн Поль тэдний нэг юм.

Нэг

Полийн дуу тэртээгээс сэргэлэн цангинаж, хөгнөөтэй хурга, ишиг шиг олон бөндгөр тарвас нэгнээсээ холбоотой нэг хүйсээр ус хэмээх тэжээлээ шимж ургажээ. Говь нутагт шимт улаан лоолийн тариалан исгэлэн амтаараа гайхуулах мэт мөчрөө нумартал хөөцөлдөн бөндийнө. Алсаас халуун амьсгалтай салхи үлээх боловч тариалангийн талбайн булгийн уснаас чийг татаж авай. Гурвантаа шинэ ургацын улаан лоолийг нийслэл хотын иргэдэд түгээж, эдийн засгийн үр өгөөж хүртдэг болохоор Поль хэмээгч нимгэн шаравтар нүүртэй, хянгадуу хамартай, сэртгэр ухаалаг энэ эр жимс, тариалангаа өглөө, үдэшгүй эргэж тойрно.

Түүнд газраас хөндийрөх эрх байхгүй. Түүнийг насан туршийн ажил үйлс нь эцэстээ газартай холбожээ. Тэр нэгэн үе гал цогтой эвлэлийн ажилтан байсан юм. Өнөөдөр түүний алган дээр байгаа час улаан лооль газраас бус Полийн сэтгэл зүрхнээс ургасан юм шиг харагдана. Манай нийтлэлийн баатар Цэдэвийн Поль гэгч говьд ургадаг шим тэжээлт бахлуур өвс шиг ургасаар байгаа ургамал юм.

Хоёр

Полийг цэргээс халагдаад ирэхэд Булган суманд нь эвлэлийн ажилтан болгож шилдэг тэргүүний залууг Баян-Овоо сум руу ажил сайжруулахаар илгээсэн нь наян таван он билээ. Сумандаа очингуут хөдөөний малчид хийгээд сумын төвийн албан хаагчид нэг бүртэй нүүр тулан ярилцаж, нүд нүдээ харан танилцсан нь чин хүсэл байлаа. Сумаараа хошууран Полийг дагалаа. Поль бага унтаж, их ажиллаж үр дүн хүлээнэ.

Цас хуйсганан босож, хүйтний эрч нэмэгдсэн хүйтэн өдөр сумын төвийн зарим хүний яриа эвлэлийн үүрийн даргын чихийг дэлсэв. Ажил ихтэй ч малын их эмч Түвшинбаярынд очив. Орон сууцны авсаархан байшингийн хаалгаар ороход өмнөөс хүйтэн агаар сэв хийв. Түвшинбаярын гэргий Бадамханд залгаатай плитка дээр гараа ээж сууна. Пальто давхарлаж өмсчээ.

Хотоос ирсэн болохоороо дээлгүй байдаг аж. Поль шууд л,

-Та нар чинь яасан зутруу суудаг юм. Өвлийн хүйтэнд ингэж амьдарч болохгүй дээ. Пийшингээ засуулахгүй яагаав гэвэл,

-Түвшинбаяр хүн хөлсөлж засуулна гэсэн. Засах хүн ирээгүй л байна гэв.

-Чи алх, цүүц, томхон сав бэлтгээд байж бай. Хурал тарангуут ирнэ. Ажлын муу хувцас өмсөхөө мартав аа.

-За

Хурал дуусах дөхөж байтал хаалга нээгдэж Бадамхандын нүд тормолзоод өнгөрөв. Эвлэлийн дарга пийшингийн яндангийн татлага тушаа хананд гурван тоосго аваарай, гэж зааж өгөв. Хөө тортог гарвал асгахыг зөвлөв. Гэртээ ирж удаагүй байтал Бадамханд хүрч ирлээ.

-Таны хэлснээр хийлээ. Одоо яах вэ?

-Цуг явъя. Сууж цай уу.

-Даарах хэцүү юмаа. Дулаан байвал мянган лан гэдэг ямар үнэн юм бэ?

Бүсгүй дулаацав. Түүний царай шингэрч ягаараад тун ч таатай. Эвлэлийн дарга субботникийн хувцсаа өмсөж цугтаа явлаа.

-Наймын сав дүүрэн хөө тортог гарлаа. Тэгээд пийшиндээ гал түлж үзтэл байшингаар нэл утаа. Орохын аргагүй болсон.

-Үзнээ. Юманд арга бий.

Утаа май татаж, хүйтэн агаар хургасан байшинд ороход нүд хорсож, бие жихүүцмээр. Бадамхандын харцанд халширч арга барагдсан янз илт. Түрүүчийн гурван тоосгыг дахиад авлаа. Ханцуй шамлаж тоосгоны цоорхойгоор гараа оруулбал зууралдаж хатсан бөөрөнхий хөө гарч ирэв. Нэг тоосгоны цоорхойд тийм хатуу хөө зууралдаж пийшингийн таталт бөглөсөн аж. Цүүцээр хэлтэлсээр арайхийж бөглөөг гаргахад бас л хөө тортог асгарна.

Түрүүчийн найман шуудай дахиад гурваар нэмэгдлээ. Энэ байшинд амьдарч байсан нэг залуу пийшин бөглөрлөө гэж яндангаараа ус хийж байсныг сонсчээ. Тэгэж ус хийсний уршгаар тэдний пийшинд хөө дагтаршиж нэмэгдсээр өвлийн хүйтэнд гэнэт бөглөрсөн хэрэг. Пийшинд нь гал түлж өгөөд харив.

Эвлэлийн даргыг ном уншиж суутал Бадамханд бүсгүй гүйж ирлээ. Түүний цээж оволзон, баяр бахдалын оч нүднээс нь цацрана.

-Пийшин халлаа!

Хүний сэтгэл юутай эмзэг нандин билээ. Амархан гомдож, амархан баярлана. Ганц үгэнд насан туршаа гомдох явдал ч бий. Хүний сэтгэлийн баярлах, гомдох хоёр туйлыг ойлгож, мэдэрч чадвал хэлдэггүй үгийг хэлүүлж болно. Залуучуудыг дэмжиж тэтгэхдээ сэтгэлээ хямгадаж, өөрийгөө нөөж болохгүй. Хайр, халамжаа зориулж байх явдал ХЗЭ-ийн ажилтны гол үүрэг, ажлынх нь ноён нуруу юм.

Малын их эмчийн гэргий их баярлаж, баяр хөөрөө сумын төвөөр тарааж Полийн ажилч хичээнгүй тусч нөхөрсөг араншинг гайхна.

Өвлийн зутруу цагт пийшинг нь галтай дулаан болгож сэтгэлд нь гал түлсэн Түвшинбаяр, Бадамханд хоёр хэзээ хойно нөхөрлөлийн алтан түүхээ бахархсаар байлаа. Поль хүнтэй ажиллах арга ухаанд мэргэжиж их говийн залууст үлгэр жишээ болж, олон ч шинэ туршлага, хөдөлгөөн өрнүүлж Лодонгийн Түдэвийн бядлаг ухаанд өртсөн юм.

Гурав

Поль болбоос уншихын төлөө төрсөн хүн. Жилдээ 700-1100 хэвлэлийн хуудас ном уншина. Нутгийнхан нь “Манай Поль дарга номонд элэгтэй, малд нүдтэй” гэж түүнийг хэлнэ. Поль, ном хоёрыг салгах аргагүй юм. Поль эвлэлийн ажилтан байхдаа Л.Түдэвийг уншиж, судалдаг байлаа.

“… Говийн нар, салхийг бид хүн ардынхаа аз жаргалд дайчлан ашиглах ёстой. Говийн нарны тэр сайхан илчинд алим, усан үзэм, түүгээр ч барахгүй хөвөн, цай ургах ёстой. Тэгж ургуулахыг гагцхүү нар, залуучууд хоёр нийлж хийж чадна. Говийн салхи, элс зөөх биш харин цахилгаан гаргаж ноос савж, оньсон хүрд эргүүлэх ёстой. Тэгж зарцлах эзэн нь гагцхүү залуучууд юм. Говьд урьд байгаагүй баян бүрдүүд залуусын хүчээр бий болж тэрнээс нь уламжлаад нүүдлийн шувууд хүртэл төөрөн мангуурах ёстой. Ингэхийн тулд чөлөөт цаг, оюун бодлоо бүрэн шавхан зориулах ёстой”

Л.Түдэвийн мөрөөдөн хэлж бичсэн зүйлс Полийн нүдэн дээр биелэлээ олсон нь өнөөдөр юм. Өчигдөрийн юм ул болдоггүй зул болдог зах зээлийн нийгмийн ид шидийг Поль эрдмийн танхимд судалсан.

Поль эвлэл хэмээх гүүрэн дээрээ зогсож, бодлогоширч, цагийн жамыг харж, өөрөө жимс, ногооны тариалангаа манаж байна. Тэртээ хойно улаан хэрмэн цав харагдаж тэрхүү чулуужсан элсний доор эртний үлэг гүрвэлийн мянга мянган хэлхээ яс нуугдаж байгаа. Поль бол урагшаа явж байгаа хүн. Түүнд хүрэх газар буй. Тэр газар нь хүний сэтгэлийн гүнд байнга хувьсаж, шинэчлэгдэж байдаг гүний их уурхай. Өмнөговийн уудам нутгийн хүн нь ч баялаг, газар доорхи эрдэнэс нь ч баялаг.

Баялагийн гүүрэн дээр зогсох Польд тэртээ наян зургаан онд болсон нэгэн судалгаа санагдав. Сумын эвлэлийн дарга байхдаа Поль залууст ойлгуулахын тулд энэхүү архи, тамхины судалгаа гаргаж яриагаа баяжуулсан ажгуу.

Хүний сэтгэлд хүрэхэд тоо баримтаас гадна өгөөжтэй жишээ тун тустай ажээ.

Өвгөний гунигтай яриаг сонслоо. Г өвгөн 31 жилд 1657 шил архи уусан дундаж тооцоо гарлаа. Үнэлэх юм бол 56916 төгрөгөөр архиджээ. Хэрэв Г гуай энэ мөнгийг архинд зарцуулаагүй бол гурван удаа шинэ мотоцикль авч, таван удаа шинэ гэр барих байжээ. Архины хор нөлөө ингэж бодохоор маш их бөгөөд цаг хугацаа урсаж өнгөрсөн хойно хичнээн харамсаад нэмэргүй ажээ. Архи эцэстээ зовлон болж төгсдөгийг энэхүү баримтад тулгуурлан залуучуудад ярилаа.

Дөчин нэгэн жил тамхи татсан Ц гэдэг хүний алдсан цаг хугацаа, үрсэн мөнгийг тооцов. Ц анхандаа ер тоосон шинжгүй,

-Улаан тамхинд тэгтлээ их мөнгө зараагүй байх. Хугацаа гэдэг чинь юу гэсэн үг вэ. Ажлынхаа зав чөлөөнд тамхи татдаг гэж хээв нэг хэлэв.

-Та өдөрт хамгийн багаар бодоход 10 ширхэг тамхи (Беломорканал) татдаг уу?

-Ёстой л багаар бодож дээ,

-Арван тамхи татахад доод тал нь гучин минут зарцуулна.

-Зөв хө.

-Одоохон тооцоо гаргаад орхие.

Та жилд 3600, дөчин нэгэн жилд 147600 удаа тамхи татжээ. Жилд 10950 минут, буюу 183 цаг, дөчин нэг жилд 312 өдрийг тамхи татаж өнгөрөөжээ.

-Пээ, ямар бузартай юм бэ? Хайран цаг!

-14760 төгрөгийн тамхи татсан байна.

-Нүгэл гэм. Хайран мөнгө …

 -Хамгийн багаар бодоход гарсан тооцоо шүү.

Ц гуайн татсан тамхи, зарцуулсан цаг, мөнгөний тооцоог залуучуудад бодит жишээнд тулгуурлан ярьсан аж.

Лекцнээс сумын залуучууд их зүйл ойлгож гарчээ.

Дөрөв

Шүүслэг ногоон навч имэрч үзсэнээ Поль тарвасны талбайд орлоо. Шөнө босгосон өлзийхүү буюу мануухайн ачаар зуу зуун тарвас шувууны хурц хошуунд өртсөнгүй. Тарвасыг цоо бүлж чихэрлэг шүүснээс амтлах гэсэн алаг шаазгайн хүсэл биелээгүй байв.

Говийн нар, салхины илч, эрчим хоёрыг хэрхэн ашиглаж болохыг Поль хэмээх энэ ухаант, егзөр эр мэддэг болжээ.

Гүүрэн дээгүүр түүний явсан зам бүхнийг таньж мэдэх, ухаарч ойлгох, хүнийг хүн болгох эцэстээ байгаль эхээс амьдралын эх булгийг хөхүүлэн тэжээх ухаанд суралцах билээ. Нөгөөтэйгүүр эвлэл хэмээх залуучуудын том тогоонд суралцаж олж авсан мэдлэг, туршлагын үр дүн түүнийг хөтөлж байна.

Лодонгийн Түдэвийн гүүр нь Монголын залуучуудын оюуны сан болсон юм. Тэр санг эзэмшигч Цэдэвийн Поль өдийд жимсний төгөл дотроо нааш цааш алхана.

Хэрэв Лодонгийн Түдэв хэмээх эрхмээс эрхэм хүмүүн залуучуудыг сүмбэр оргил дээрээс даллаж оюун санааныхаа гүүрэн дээгүүр одоо хүртэл явуулаагүйсэн бол нэр төртэй улс төрчид, лидер боловсон хүчин, соёл боловсролын Н.Ням-Осор, В.Алзахгүй шиг бизнесмэнүүд төрөхгүй гэдгийг нар, ногоо дагаж манай Поль мэднэ.

Байгаль эхээс хүмүүн төрсөн болохоор Поль тэрхүү төрмөл араншингаа дагана. Дараа нийгэмжиж залуучуудын удирдагч болохдоо Лодонгийн Түдэвийн эрдэм оюуны гүүрээр гучин таван жил алхаж явна.

Залуучуудын оюуны тариаланчид цөмөөрөө л Л.Түдэвийн номын садан юм шүү. Манай Поль мөн адил …

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч

Дамдины Жамъян

 

Холбоотой мэдээ