“Бага насны хүүхдэд хоёр тунгаар томуугийн эсрэг вакцин хийнэ”

2020-12-28 241 0

COVID-19-ийн халдварын хоёр дахь давлагаа томуугийн улиралтай давхцаж буйг ДЭМБ-аас анхааруулж буй. Иймд, нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй тул томуугийн вакцинд хамрагдахыг зөвлөж байгаа юм. Монгол Улсын хувьд Засгийн газрын санхүүжилтээр зөвхөн эрсдэлт бүлгийн иргэдээ томуугийн вакцинд үнэ төлбөргүй хамруулдаг байсан бол энэ жил 1.2 сая иргэнээ үнэ төлбөргүй хамруулахаар болсныг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байв. Вакцинжуулалттай холбоотой цаг үеийн асуудлаар ХӨСҮТ-өөс тодруулахад сая гаруй иргэнийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах  аж. Мөн удахгүй 100 мянган хүн тун вакциныг хүлээн авах юм байна.

Одоогоор зорилтот бүлгийн /жирэмсэн, өндөр настан, бага насны хүүхэд,/ иргэдийг вакцинжуулалтад хамруулж дуусчээ. Гэхдээ бага насны хүүхдүүдийг  хоёр дахь тун вакцинд хамруулж буйг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэлэв.

Тэрбээр “Улирлын томуугийн вакцинжуулалтад зорилтот бүлгийнхнийг хамруулах ажил 97 хувьтай байна. Эхний ээлжид 500 мянган хүн тут вакциныг татсан. Одоогоор бага насны хүүхдүүдийг  хоёр дахь тун вакцинд хамруулж байгаа. Эцэг эхчүүдэд хэлэхэд, гурав хүртэлх насны хүүхдэд хоёр тунгаар вакцин хийж байгаа бол дөрвөөс дээш насны хүүхдүүдэд нэг тунгаар вакцин хийж байна” гэлээ.

Эхний ээлжийн 509.500 хүн тун вакциныг хоёр удаагийн ханган нийлүүлэлтээр татан авсан байна. Тодруулбал, эхний ханган нийлүүлэлтээр гурван цэнт вакцин  БНСУ-ын “Грин Кросс” үйлдвэрээс татжээ. Хоёр дахь удаагийн вакциныг Бразиль улсаас захиалсныг ХӨСҮТ-өөс өмнө нь мэдээлж байв. Гэвч сүүлийн үед эргэлзээ дагуулах болсон вакцины талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг тус төвийнхөн өгсөнгүй. Албаны мэдээллээр удахгүй ирэх 100 мянган тун вакциныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн авах юм байна.

Холбоотой мэдээ