Монголыг анхны спортын сэргээн засах эмнэлэг байгуулагдлаа

2021-03-23 45 0

Өнөөдөр Монголын анхны спортын эрүүл мэндийг дэмжих, хөгжүүлэх, сэргээн засах “Almightу Clinic” эмнэлгийн нээлт боллоо.  Эмнэлгийг үүсгэн байгуулагчдын төлөөлөл  “Үндэсний шуудан” сонины эрхлэгч Х.Мөнхжин, Монголын үндэсний олимпын хорооны  эмнэлэг, эрдэм шинжилгээний комиссын гишүүн Б.Санчир, Холимог тулааны тамирчин Б.Баттөр нээж үг хэллээ.

Энэхүү эмнэлэг нь Спортын сэргээн засах төв гэдгээрээ онцлог юм.  “Almighty clinic” нь дотор, хүүхэд, сэргээн засах эмчилгээ, бүх төрлийн шинжилгээ оношилгоог хийхээс гадна Монголд төдийлөн хөгжөөгүй байгаа спортын анагаах ухааныг хөгжүүлэх зорилготой юм.

Тус сэргээн засах эмнэлэгт мөн Сүхбаатар дүүргийн 1,2,3 дугаар хорооны иргэд нарийн мэргэжлийн эмчийн тусламж, үйлчилгээг авах бүрэн боломжоор хангагдаж байна.  Учир нь эдгээр хороодын нутаг дэвсгэрт хувийн хэвшлийн эмнэлэг ажилладаггүй. Үүсгэн байгуулагчид эмнэлгийн үйлчилгээгээгээр дамжуулан залуусаа манлайлан амьдралын зөв хэвшилд уриалах зорилгоор спортын эмнэлгийг  байгуулснаа хэлж байлаа.

Нээлтийн үеэр “Аlmighty Clinic” эмнэлгийн үүсгэн байгуулагч Х.Мөнхжин: “Монголд спортын төрөлжсөн сэргээн засах спортын эмнэлэг хараахан байдаггүй. Гэхдээ бид спортын том эмнэлэг болно  гэхээсээ илүү энэ чиглэлд манлайлж эхлэлийг нь тавьж байна гэж ойлгож байна.  Мөн Сүхбаатар дүүргийн 1,2,3 дугаар хороонд хувийн эмнэлгүүд ховор, өрхийн эмнэлэг нь ачаалалтай байдаг учраас зөвхөн эрэгтэйчүүд, спорт гэхээсээ илүү цус, шээс, эхо гэх мэт бүхий л шинжилгээ оношилгоонд хүссэн хүмүүс хамрагдаж болно” гэв.

Үүсгэн байгуулагчдын Б.Баттөр: “Нийгмийг  залуус бид  эрүүл, аз жаргалтай байгаасай гэж хүсдэг. Энэ хүсэл зорилгынхоо үндсэн дээр амьдралын эрүүл зөв хэв маягийг бүрдүүлэхэд нь туслах бүхий л үйл ажиллагааг эмнэлгээрээ дамжуулан явуулах  гэж байгаадаа баяртай байна. Мөн одоо нийгэмд тулгарч буй хамгийн том асуудал хорт хавдар болоод байгаа. Үүнээс урьдчилан сэргийлэх зүйл бол амьдралын зөв хэв маяг. Тиймээс ард иргэддээ энэхүү эмнэлгээрээ дамжуулж эрүүл зөв амьдралын хэв маягийг түгээн ажиллах болно” гэсэн юм.

“Аlmighty Clinic” эмнэлгийн үүсгэн байгуулагч, ерөнхий эмч Б.Санчир:

“Спортын анагаах ухаан гэдэг нарийн шинжлэх ухаан. Манай эмнэлэг мэргэжлийн тамирчдад нэн шаардлагатай нөхөн сэргээх болон сэргээн засах үйлчилгээг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл тамирчдын бэлтгэлийн чанарыг дээшлүүлэх зорилготой.  Ард иргэдийн дунд нийтийн биеийн тамирын спорт хөгжиж байна. Үүнтэй холбоотой биеийн тамир спорт хийх үед анхаарах шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээнүүдийг үзүүлнэ. Мөн цус, шээсний бүх төрлийн шинжилгээ, биохимийн шинжилгээ, элэгний B,C вирус, хеликобактер, ковидын шинжилгээг хийхээр төлөвлөн ажиллаж байна. Францын алдарт “Синикс” сэргээн засах эмчилгээний аппаратыг үйлчилгээндээ нэвтрүүлж байгаа” гэж ярилаа.

Холбоотой мэдээ