Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 37 ширхэг тарвага хадгалж байжээ

2021-08-17 80 0

Баянгол дүүргийн 12 дугаар хороонд 37 ширхэг тарвага хадгалж байжээ

Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн М гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байжээ.

Түүний энэ үйлдлийг өнөөдөр илрүүлэн, холбогдох шалгалтыг явуулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлжээ.

Хураасан тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 193 дугаар тушаалаар Монгол орны тарваганы тоо толгой, тархац нутаг, халдварт өвчний голомт нутгийг тогтоох, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг Монгол орны хэмжээнд гурван жилийн хугацаатай хориглосон.

/Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэг/
Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүй худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулна. Хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Мөн иргэд олон нийтийн цахим хуудсаар дамжуулан хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг ихээр үйлдэж байгаа тул хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ