ДЭМБ-ын судалгааны шинэ баг коронавирусний гарал үүслийг тогтоох сүүлчийн боломж байж магадгүй

2021-10-14 94 0

ДЭМБ-ын судалгааны шинэ баг коронавирусний гарал үүслийг тогтоох сүүлчийн боломж байж магадгүй

ДЭМБ-аас гарсан шинэ ажлын хэсэг нь Ковид-19-ийн гарал үүслийг олох сүүлчийн боломж байж магадгүй гэж мэдэгджээ.

Энэхүү байгууллагын шинэ эмгэг төрүүлэгчдийн гарал үүслийг судлах шинжлэх ухааны бүлэгт 26 шинжээчийг нэр дэвшүүлжээ. Коронавирусийг Хятадын Ухань хотод анх илрүүлснээс хойш жил хагасын хугацаа өнгөрсөн ч анх хэрхэн үүссэн тухай мэдээлэл, баримт өнөөг хүртэл тодорхойгүй хэвээр байна.

Шинэ багийнхан цар тахлын эхний саруудад Хятад улсад авсан хэдэн мянган цусны дээжийг шинжлэхээр бэлтгэж байна

Ухань хотын зах дээр амьтнаас хүнд халдсан уу эсвэл лабораторийн ослоор алдагдсан уу гэдгийг багийнхан судлах болно. Харин Хятад улс хоёр дахь таамаглалыг эрс няцааж байгаа юм.

Хоёрдугаар сард Ковидын гарал үүслийг судлах үүрэг бүхий ДЭМБ-ын баг Хятадад ажиллан, вирус нь сарьсан багваахайнаас гаралтай гэж дүгнэсэн ч цаашид илүү их судалгаа хийх шаардлагатай байна хэмээн үзжээ.

Гэхдээ ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейюс дараа нь Хятадаас мэдээлэл, ил тод байдал дутмаг байсны улмаас мөрдөн мөшгөх үйл ажиллагааг саатуулсан гэж мэдэгдсэн. Одоогийн шинэ багт өмнөх багийн бүрэлдэхүүнд байсан, Хятадад очин ажилласан зургаан шинжээч багтжээ.

Тэд коронавирусээс гадна бусад өндөр эрсдэлтэй эмгэг төрүүлэгчдийн гарал үүслийг судлах болно. Доктор Тедрос хэлэхдээ “Шинэ эмгэг төрүүлэгчид хаанаас гаралтай болохыг ойлгох нь ирээдүйн дэгдэлтээс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой” гэв. Доктор Тедрос болон ДЭМБ-ын бусад албан тушаалтнууд Science сэтгүүлийн хамтарсан нийтлэлдээ “Лабораторийн ослыг үгүйсгэх аргагүй” гэж мэдэгджээ.

ДЭМБ-ын яаралтай тусламжийн асуудал хариуцсан захирал Майкл Райан хэлэхдээ “Энэ удаагийн судлаачдын ажил нь коронавирусний гарал үүслийг олж мэдэх сүүлийн боломж байж магадгүй” гэжээ.

Шинэ багийнхан цар тахлын эхний саруудад Хятад улсад авсан хэдэн мянган цусны дээжийг шинжлэхээр бэлтгэж байна. Харин Женев дэх НҮБ-д суугаа БНХАУ-ын Элчин сайд Чэн Шү “Энэхүү ажлыг улс төржүүлж болохгүй. Багийг энэ удаад өөр газар руу илгээх хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: BBC

Холбоотой мэдээ