С.Энхболд: Бүх хүн өвдөж байж цар тахал арилна гэж ярьж болохгүй. Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй

2021-10-14 97 0

С.Энхболд: Бүх хүн өвдөж байж цар тахал арилна гэж ярьж болохгүй. Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрээр “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, хөнгөлөлтийн түвшин 27.9 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь, зээлийн хэлэлцээр нь заавал соёрхон батлах гэрээ юм” гэдгийг онцлов.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд УИХ-ын гишүүдэд дараах мэдээллийг өглөө.

Тэрээр “Манай улс ДЭМБ-ын яаралтай журмаар батлагдсан вакцинуудыг хэрэглэж байгаа. Тариулж байгаа дөрвөн төрлийн вакцины хамгаалах хувь нь 75-94 хувь гээд харилцан адилгүй байгаа. 75 хувийн үр дүнтэй вакцин гэдэг нь 100 хүн тариуллаа гэхэд 25 хүн нь халдвар авах эрсдэлтэй гэсэн үг.

Бүх хүн өвдөж байж цар тахал намдана гэж ярьж болохгүй байх. Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй” гэлээ.

Мөн тэрээр “Өнөөдрийн байдлаар 1424 хүн нас барсан гэдэг нь бодит тоо. Нас барсан хүмүүст судалгаа хийсэн. Үүний 85.6 хувь нь архаг суурь өвчтэй, таргалалттай гээд ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаантай хүмүүс байна. Амьсгал дутагдлын шинжүүдээр хүндэрч нас барсан. Ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс илүү их хүндэрч байна.

Гурав дахь тунгийн вакцинжуулалтын хувьд мэдээллийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй явуулж байгаа. Иргэд вакциндаа идэвхгүй хамрагдаж байна. Өмнө нь худалдаж авсан вакцины зээлийн асуудал өнөөдөр яригдаж байгаа.

Төсвийн тодотголоор 2.4 тэрбум төгрөг ковидын судалгаа шинжилгээнд тавигдсан. Цар тахал гарснаас хойш манай улсад 20 гаруй судалгааны ажил хийгдсэн. Вакцинжуулалтын дараах дархлаа тогтоцын судалгааг эрчимжүүлсэн. Халдвар авсан хүний тоо болон вакцинжуулалт 70-аас дээш хувьд хүрэх юм бол сүргийн дархлаа тогтож байна гэж үздэг.

Өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 65.6 хувийг вакцинжуулсан. Цаашид 17 наснаас доош хүүхдүүдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулна. Вакцинжуулалтын хувийг ахиад дээш нь нэмэгдүүлэхээр зорьж байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ