Хоёр гишүүний тангараг өргөхийг хойшлуулж өгнө үү, УИХ-ын дарга аа!

2021-10-20 180 0

Хоёр гишүүний тангараг өргөхийг хойшлуулж өгнө үү, УИХ-ын дарга аа!

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн үр дүнг СЕХ УИХ-ын дарга, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд хоёр хонож байна. Хуулийн дагуу СЕХ сонгуулийн дүнг УИХ-д өргөн мэдүүлснээс хойш долоо хоногийн дотор гишүүд тангаргаа өргөх ёстой. Тиймээс энэ долоо хоногийн нэгдсэн чуулганд Э.Батшугар, Ц.Идэрбат нар тангараг өргөх бололтой.

Гэвч энд хүлээн зөвшөөрөх боломжгүй нэг зүйл байна. Энэ нь СЕХ сонгогчийн ирц хүрээгүй буюу хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн мэдүүлж Үндсэн хууль болон УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчсөн явдал.

Тодорхой хэлбэл, энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц хуульд заасан доод хэмжээ буюу нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувьд хүрсэнгүй. Хоёр удаа явуулсан санал хураалтын үр дүнд Хэнтийд сонгогчдын 46 хувь, Сонгинохайрханд 48 хувь нь саналаа өгч, олонхи буюу 52 хувиас илүү нь сонгууль өгөхөөс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг олонхиороо сонгож байгуулах ардчиллын зарчим алдагдсан гэсэн үг. Олонхи нь хүсээгүй үр дүн, цөөнхийн дарангуйллыг бий болгож байна гэсэн үг. Хэдийгээр зарим оронд сонгууль явуулахдаа ирцийн босго тавьдаггүй практик байдаг хэдий ч манай улсын хувьд нэгэнт хуулиар тогтоочихсон зүйл.

Гэтэл СЕХ илт хууль зөрчин ирцгүй сонгуулийн үр дүнг УИХ-д өргөн барьж, Э.Батшугар, Ц.Идэрбат нарыг “УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон тогтоол гаргалаа. Ингэхдээ УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 78.4, 78.5-ыг үндэслэсэн нь бүхэлдээ хуулийн зөрчил үүсгэв.

Учир нь хуулийн 78.4 “Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно” гэсэн нь хуулийн 78.2-т заасан “сонгогчийн эрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь санал өгсөн байх” буюу сонгогчийн ирцийг бүрдүүлэх, сонгууль хүчин төгөлдөр болох тухай заалт юм. Гэвч энэ удаагийн нөхөн сонгуулийн хоёр удаагийн санал хураалтаар сонгогчийн ирц 50 хувьдаа хүрсэнгүй.

Хоёрдугаарт хуулийн 78.5 “Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох” тухай заалт нь сонгогчийн ирц бүрдэж, сонгууль хүчин төгөлдөр болсон тохиолдолд хэн нь ялагч болох тухай заалт. Сонгууль хүчин төгөлдөр болоогүй, сонгогчийн ирц бүрдээгүй байхад ялагчийн тухай яриа байж болох уу?

Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарт хуулийн хувьд хүчин төгөлдөр болоогүй сонгуулийн үр дүнг парламентаар хэлэлцэж, гишүүдийн бүрэн эрхийг баталгаажуулахгүй байхыг хүсье. Хэдийгээр сонгууль зохион байгуулсан байгууллага нь алмай, залхуудаа хуулиа зөрчсөн байж болох ч түүний шийдвэрийг хэлэлцэх үүрэгтэй УИХ, парламент нь өөрөө баталсан хуулиа зөрчиж болохгүй биз дээ. Ардчилсан Үндсэн хуулийн хоёр дахь эхийг барилцаж, Үндсэн хуулийн зарчим, үзэл санаанд үнэнч байхаа тангарагласан УИХ-ын даргад тэр зэргийн ёс зүй бий гэж найдна.

Тэгээд ч СЕХ-ны хууль зөрчсөн энэ шийдвэрийн талаар хараат бус хуульчид ажиллаад эхэлчихсэн, Үндсэн хуулийн Цэцэд зарга, маргаан үүсгээд явж байгаа юм байна. Хэрвээ СЕХ-ны хууль зөрчсөн тогтоолыг УИХ нь баталгаажуулаад явчихвал хариуцлагыг СЕХ биш, УИХ хүлээж таарна. Цэцийн шийдвэр гарахаас өмнө Ерөнхийлөгч ч хориг тавьж болохоор нөхцөл байдал үүсээд байгаа. Тиймээс ар араасаа хуулийн үр дагавартай олон асуудал үүсгэхгүйн тулд УИХ-ын дарга Г.Занданшатар та өөрийн зүгээс СЕХ-ны хууль зөрчсөн үйлдлийг зогсоож өгнө үү!

Б.ЗАЯА

Холбоотой мэдээ