М.УРАНЦЭЦЭГ ХОЛИМОГ ТУЛААНЫ ТӨРӨЛД UFC-Д ХҮЧ ҮЗНЭ

2022-01-17 247 0

Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг жүдогоос зодог тайлж, холимог тулаанд хүч үзэхээр болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр 16 жилийн турш жүдо бөхөөр хичээллэн, тив дэлхийд Монгол Улсын нэрийг гаргасан тамирчин. Токиогийн олимпын анхны медалийг эх орондоо авчирсан түүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цолоор шагнасан юм.

Тэрээр  Хөдөлмөрийн баатар цолны найран дээр  зодог тайлж, UFC-д хүч үзэх болсноо ийнхүү мэдэгдсэн юм.

ХОЛИМОГ ТУЛААНЫ АВАРГЫН БҮСИЙГ АВЧРАХ БОЛНО

Тэрбээр “Өнөөдөр миний хайрлаж хүндэлдэг бүх хүн иржээ. Өнөөдөр та бүхэнд маш том шийдвэрийг хэлэх гэж байна. Би өнөөдөр жүдогийн амьдралаа орхиж, дахин жүдо барилдахгүй. Ингэж хэлэхээр хэцүү байна. 16 жил жүдо бөхөөр хичээллэж, сайхан хамт олон, найз нөхөдтэй боллоо бүгдэд нь баярлалаа. Үе үеийн багш нартаа баярлалаа. Үүнээс хойш холимог тулааны UFC-д орохоор болсон. Тун удахгүй та бүхэндээ аваргын бүсийг авчрах болно гэдгээ амлая. Нийт жүдогийнхоо хамт олон баярлалаа. Хайртай аав ээж, хайртай багшдаа баярлалаа” гэсэн юм.

 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат М.Уранцэцэг 2013 онд ДАШТ-д түрүүлэн, Монголын анхны эмэгтэй дэлхийн аварга жүдоч болж, 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртсэн билээ. “Будапешт-2021” жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дахин хүрэл медаль хүртсэнээр ДАШТ-ээс 4 медаль хүртсэн Монголын анхны жүдочоор 31 насандаа тодорсон юм.

Дэлхийн аваргын иж бүрэн медальт М.Уранцэцэг 2020 онд Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг IJF World Tour-ийн  2010 оны арванхоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 5-ны хооронд болсон тэмцээнүүдэд хамгийн олон медаль хүртэж, Гиннесийн амжилтын эзэн болж байв. Тухайн үед эмэгтэйчүүдийн -48, -52 кг-ын жинд барилдаж 35 медаль хүртсэнээс 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медалиар энгэрээ мялаасан байв.

Түүний амжилтаас дурдвал,

  • Дэлхийн аварга (2013),
  • ДАШТ-ий мөнгө (2017), хошой хүрэл медальт,
  • Ази тивийн аварга (2012),
  • ААШТ-ий хошой хүрэл медальт (2009, 2013),
  • Токиогийн олимпын хүрэл медальт (2021) тамирчин юм.

Холбоотой мэдээ