~Би хэзээ ч онгоцонд суухгүй~

2022-01-27 241 0

Ээж, аав,  2 дүүгүй болсон 1990 оны хоёрдугаар сарын 20

~Би хэзээ ч онгоцонд суухгүй~

Ижий аавтайгаа элэг бүтэн инээмсэглэж  дөрөв дэхь дүүгээ  өлгийдөн аваад удаагүй байсан  дэндүү жаргалтай мөч минь  сэтгэлд  дурсамж болон  хадгалагдан үлдсээр гучин   хаврыг үджээ. Дурсамжнаасаа гаргаж ирээд тэвэрмээр ижий минь аав минь энхрий жаахан хоёр дүү минь ээ……..

Жавар тачигнаж цас хунгарласан өвлиийн тэр гунигт өдөр 2 настай дүү минь  уйлах ч тэнхэлгүй болтлоо халуурч аяархан гэнгэнэж байсныг би санаж байна. Ижий минь ойрхон нярайлсан тул 2 сартай нялхыгаа ч энгэртээ тэвэрч хоёр шөнө нойргүй байсаар энэ өдөртэй золгосон нь тэр юм. Нялхын дээд талын балчир дүүг минь сумын эмнэлэг оношилоод яаралтай аймгийн төв явж үзүүл гэсэн тул ээж аав  хоёр  минь замын унаа хайж  сэтгэлийн түгшүүртэй босож суух учраа олохгүй аврал эрж байв. Замын унаа тоотойхон тохиодог холын буйдхан суманд  Хүүхдээ төв бараадуулахын тулд явган аймгийн төв ороход ч бэлэн байсан ижий минь  яаралтайгаар  ирсэн цэргийн ангийн онгоцны сурагаар баярлаж хөөрч байсныг нь маш тод  санаж байна. ”Ямар азтай  юм бэ, учраа хэлээд  гуйя хүүгээ аваад л онгоцоор хот  явья онгоцны буудал орох унаа ол хөгшөөн” гэсээр аавд минь хэлээд сандруухан юмаа зэхсэн юм. Харин аав минь нүдээ ширгэтэл хашааны  гадаа унаа хайж ийш тийшээ  эргэж буцаж алхсан ч харамсалтай нь тоос хөдөлгөх юм харагдсангүй  толгой гудайлган орж ирээд горьдлого тасарсан нүдээр ээж рүү минь ширтэв.  Амьсгаа нь хурдсаж хацар нь улайсан орон дээр хэвтэх дүүрүү минь харангаа ’’ Хүү минь хэцүүдлээ одоо бүр уйлахаа ч болилоо халуун нь буухгүй байна шүү дээ’’ гэсээр  ижий минь өлгийтэй нялхаа хөхүүлж суухад нүднийх нь  нулимс хөхнийх нь  сүүтэй зэрэгцэн асгарч  энгэрийг нь даган урсаж байлаа.

Буруу сонсоогүй биздээ ‘’ Гадаа машины чимээ гарч  байна уу даа’’ гэсээр нүднийх нь аяган дахь нулимс бүрэн  гарч дуусаагүй байхтай зэрэгцэн инээмсэглэж ‘’хэн ирэв ээ’’ гэсээр хаалга татах  хүнийг хараад ‘’Манай ангийн Баясаа байна шүү дээ, бид чинь онгоцноос хоцрох гээд тэвдэж суулаа’’ гэсээр үнсэж тэврэхийн наагуур ижий минь    хөл нь газар хүрэхгүй хөөрч  баярлаж байв.  Аав минь хүүгээ энгэртээ тэвэрч, ээж минь нярайгаа том адьяаланд өлгийдөх  зуурт дүү минь час хийн уйлсаар  тэд минь  гэрээс гарч бүр мөсөн одлоо…..

Энэ л өдрийг сэтгэл дотроо  эргүүлэн тойруулан дурсаж эрхгүй  энэлэн шаналсаар гучин намар гучин хаврыг үджээ.

Сүхбаатар аймаг Эрдэнэцагаан сум 1990 оны хоёрдугаар сарын 20 ны цастай зудтай цав цагаахан өвлийн  тэр өдөр яагаад уйлаад ч тайтгарахгүй тийм их гуниг, тийм их харуусал, тийм их шаналалыг авчирсан хар өдөр болчихсоныг санах юутай  уйтай……

Хөл нь газар хүрэхгүй баярлаад л гурван хүүхдээ үнсэж ч амжаагүй орхиод тэр онгоцонд суучихсан ижий минь аав минь ээ….Ханиа үлдээгээд, үрсээ аваад бас орхиод суусан ижий , аавууд, харийн нутагт зүтгэж явсан орос багш, цэргийн хурандаа, оцицерууд, цэцэг шиг жаахан үрсүүд, цэл залуухан ч бие давхар гэргийгээ дагуулаад цэлмэг тэнгэрт хамтдаа одчихсон тэр л  гучин хоёр сайхан хүмүүн минь. Бурхан тэднийг минь диваажингийн орондоо замчилсан гэдэгт би итгэнэм.

Хэрвээ гэдэг бол таамаглахын тийн ялгал. Хэрвээ дүү минь өвдөөгүй бол, унаа ирээгүй бол, шалгалтаар онгоцноос архины шилнүүд гараагүй бол… Магадгүй аль нэгэн л болоогүй бол …………….гэж мянгантаа харуусавч  эргүүлж болохгүй цаг хугацаанд эрхгүй  сөхрөв . Хоёр дүүгийнхээ гарнаас хөтлөөд хорвоогийн үнэнтэй нүүр тулахдаа том эгч нь болсон би долоохон настай байлаа. Эмээ минь  биднийг үүрч дүүрч, эгч минь биднийг түшиж тулж хүний хорвоод  элэг өнчин ч  мөр бүтэн өсгөлөө. Гэвч Аав, ээжээ, алдрай бяцхан дүү нараа алдсан гунигт тэр өдрийн дурсамжыг  алганы  хээгээрээ  имрэх шиг л мэдэрч өслөө…

Тэвэрч үзэхсэн,Тэнгэрийн оронд хаяглаад ч болтугай тэдэндээ захидал бичиж үгээ хэлэхсэн.

Ааваа Удам залгахаар үлдсэн ганц хүү чинь уулын чинээ эр болсон.  Хүүгийн эцэг охины аав, хүний хань болсон шүү.

Харин ижий минь  хоёр охин чинь тань шигээ ээж болсон. Биеэ хувааж үрээ төрүүлэхдээ таныгаа урьд урьднаас илүү их санаж уйлсан,санааширч  хайрласан. Үрийнхээ төлөө амиа ч өгч чадах тийм их хайр эх хүнээс гардаг гэдгийг тэгж л охин чинь ойлгосон. 

Ааваа, ээжээ охиддоо эсвэл хүүдээ үр минь болж ирээрэй өнчирч хоцорсон хором бүрээ нөхөөд өвөр дээр минь эрхлэн тоглоорой. Биднийхээ төлөө амиа өргөсөн тэр их хайраар тань охин чинь зуун жил хайрлая биеэс минь салаалсан үрсийг минь та нар минь гэж итгэе.

Хоёр  Бяцхан дүү минь диваажингийн цэцэрлэгт мөнх тоглож байг хорвоогийн тэнхлэг эргэхэд хожим тэнд уулзахдаа эгч нь ээж нь болж учирья.

1990 оны  хоёрдугаар сарын 20 нд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд осолдсон  цэргийн онгоцонд амь үрэгдсэн Аав Батхолбоо, Ээж Б.Энхтуяа  болон хоёр дүүгийнхээ гэгээн дурсгалд зориулав.

Өнгөрсөнд болсон өр өвдөм энэ түүхийг Эгчийнхээ өмнөөс өмөрч бичлээ. З.Одончимэг  2022 он 12 сарын 27нд

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ