Б.Лхагвасүрэн: Ипотекийн хөтөлбөрийг ТОСК, НОСК авч явах боломжгүй

2020-12-28 315 0

Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр УИХ-ын чуулганаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийг баталсан. Ирэх онд Төв банк хуулиар ногдсон үндсэн зорилтоо хангах, цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн сорилтыг хохирол багатай даван туулах, банкны салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх, улмаар эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад шаардлагатай бодлогын арга, хэмжээг авч хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд эрх бүхий төрийн байгууллага болон олон улсын байгууллагатай нягт хамтран ажиллана.

Төв банк инфляцыг 2021-2023 онд +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг хангахад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхээр тусгажээ. Түүнчлэн ирэх онд онд Төв банк зээлийн хүү бууруулах, Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжлэхтэй тэмцэх тогтолцооны дараагийн харилцан үнэлгээнд бэлтгэх, санхүүгийн хэрэглэгчийг зайнаас танихтай холбоотой хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулахтай холбоотой олон ажлыг төрийн бусад байгууллагатай хамтран хийхээр төлөвлөжээ.

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл болон бусад асуудлаар Монголбанкнаас өнөөдөр  /2020.11.10/ мэдээлэл хийлээ.


Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монголбанк хоёр бүлэгтэйгээр бэлтгэжээ.  Энэ талаар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Хоёр бүлгийн  эхний хэсэг нь  Монголбанк Засгийн газар, СЗХ болон бусад төрийн байгууллагатай хамтарч хэрэгжүүлэх арга хэмжээний төслөө өргөн барьсан. Манайхаас долоо арга хэмжээг хамтарч хэрэгжүүлье гэсэн байдлаар төсөлд тусгасан. Хоёр дахь хэсэгт жил болгон Монголбанкнаас макро эдийн засгийг тогтвортой байдлыг бэхжүүлэх чиглэлээр ямар ажил хийх талаарх төлөвлөгөөг оруулж өгдөг. Тэр нь макро болон санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах. Санхүүгийн салбарын дэд бүтцийг хөгжүүлэх гэсэн гурван дэд хэсгээс бүрдсэн заалтууд байдаг юм.

Энэ жилийн мөнгөний бодлогыг батлах үеэр УИХ-ын гишүүд Засгийн газартай хамтарч хэрэгжүүлэх долоон заалт дээр нэг заалт нэмэх санал оруулсан. Ингээд 8 заалттай болсон.

Эдгээр заалтыг дэлгэрэнгүй тайлбарлавал,

  1. Монгол Улс Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын Олон улсын “саарал жагсаалт”-д байж байгаад 10 сард гарсан. 2019 оны аравдугаар сард ороод, жилийн дотор гарж байгаа нь энэ. Өгсөн үүрэг даалгаврыг нь маш хурдтай биелүүлж, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх тогтолцоонд гаргасан ахицыг үнэлсэн үнэлэлт. Энэ нь нэг удаагийн ажил биш.  Цаашид тогтолцоогоо улам бэхжүүлж, хөгжүүлэх ёстой. Мөн ФАТФ-аас гаргадаг хэрэгжилтийн болон техникийн үзүүлэлтүүдийн нөхцөл шаардлагууд нь байнга шинэчлэгдэж явдаг учраас Монгол Улс түүнийг дагаж хууль эрх зүйн зохицуулалтуудаа өөрчилж, шинэчилж байх шаардлагатай. Тиймээс ирэх оноос Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх байгууллагын зөвлөмжид нийцүүлээд үндэсний хөтөлбөрийг гаргахаар ярьж байгаа. Үүнийг Монголбанк дангаараа биш төрийн бусад байгууллагатай нэгдэж, үндэсний хөтөлбөрийг гаргах ёстой гэдэг саналыг гаргасан.
  2. Санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах   заалтыг оруулж өгсөн. Санхүүгийн хэрэглэгч гэхээр зөвхөн банкны харилцагч гэж ойлгож болохгүй. ББСБ, даатгал, үнэт цаас, хөрөнгийн зах зээл гээд санхүүгийн бүхий л харилцаанд оролцож байгаа хэрэглэгчидтэй хамааралтай заалт. Тиймээс санхүүгийн үйлчилгээ эрхэлдэг бүхий л байгууллагатай хамтарч ажиллана. Санхүүгийн үйлчилгээ авч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалсан эрх зүйн орчинг бий болгоё гэдэг үүднээс энэ заалтыг оруулж өгсөн.
  3. Зээлийн хүүг бууруулах. Зээлийн хүүг бууруулах стратеги хөтөлбөрийг УИХ-аас баталж өгсөн. Энэ хүрээндээ дунд хугацаанд буюу 2023 он хүртэл Төв банк, Засгийн газар, бусад санхүүгийн зохицуулалтын байгууллагатай хамтраад зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар ажил хийх вэ гэдгээ уг хөтөлбөртөө нарийн тусгасан. Энэ хүрээндээ 2021 оны Мөнгөний бодлогын чиглэлд илүү эрчимжүүлэхээр тодорхой заалтыг оруулсан. Зээлийн хүүг бууруулахад нэг голлох зүйл нь банк дахь зээлийн өрийн үлдэгдэлд эзэлж байгаа чанаргүй зээлийн хэмжээг хэрхэн бууруулах вэ гэдэг нь чухал. Зээлийн хүүний зардлын 20 гаруй хувийг чанаргүй зээлд зориулсан сангийн зардал эзэлж байдаг. Сангийн зардлыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авбал зохистой вэ гэдэг талаас нь харж, мөн заалт оруулж өгсөн. Зээлтэй холбоотой шүүхийн маргаан гардаг. Энэ маргаан шүүхийн шатанд дунджаар 4 жил зарцуулдаг. Тиймээс маргааныг яаж богино хугацаанд шийдэх вэ гэдэг талаас нь харж, эрх зүйн орчныг сайжруулах заалтыг Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгаж өгсөн. Эрх зүйн зохицуулалтын хүрээнд холбогдох олон хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай. Хуулийн төслүүдийг бэлэн болгоод, УИХ-д өргөн барьсан. Хэлэлцээд эхэлбэл 2021 оноос эхлээд шүүхийн маргаанууд богино хугацаанд шийдвэрлэгдэх боломжтой болно. Үүнийгээ дагаад эрсдэлийн сангийн зардал буурвал зээлийн хүү буурахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлнэ.
  4. Цар тахалтай холбоотойгоор бүхий л үйлчилгээ цахимжиж байна. Банк, санхүүгийн салбар хамгийн цахимжсан нь гэж хэлж болно. Гэхдээ цахимжилтыг илүү сайжруулж, хөгжлийг нь хурдасгая гэдэг утгаар нь зарим заалтуудыг оруулсан. Төв банкны зүгээс ч тодорхой ажлуудыг хийж, гүйцэтгээд байгаа.
  5. Ипотекийн зээлтэй холбоотой. Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг чармайж байгаа хэдий ч ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хойш тогтвортой амжиллтай хэрэгжсэн.  Бүх үйл ажиллагаа нь нийцтэй болчихсон энэ үед эвдэхгүйн үүднээс хэвээр нь үргэлжлүүлэхээр ипотекийн хөтөлбөрийг Монголбанк шинээр эхлүүлээд байгаа. Үүнийг 2021 онд яаж тогтвортой чиглэл рүү нь явуулах вэ. Олон улсын туршлага, сайн жишигт нийцсэн хэлбэрт шилжүүлэхийн тулд тодорхой арга хэмжээг авъя гэдэг утгаар нь энэ чиглэлийн заалтыг оруулж өгсөн. Дэлхийн  140 гаруй оронд ипотекийн зээлийг хэрэгжүүлдэг. Тэгэхдээ голдуу төрийн өмчтэй компаниар дамжуулж хэрэгжүүлдэг жишиг байгаа. АНУ-д төрийн хоёр ч том комапани нь орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэр сайн жишгээс суралцаж, Монголд ипотекийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадах агентлаг ч юм уу байгуулах зорилт тавьсан.
  6. УИХ-ын гишүүдийн зүгээс цар тахлын үеийг амжилттай давахад зориулж ялангуяа экспортод чиглэсэн ЖДҮ-ийг хөгжүүлэх, тэр дундаа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулдаг үйлдвэрүүдийг дэмжихэд Төв банк, Засгийн газар төсөв, мөнгөний бодлогоороо дэмжих хэрэгцээ байна гэдэг санал гаргасан. Үүнтэй холбоотой шинэ заалтыг бас оруулж өгсөн гэлээ. Энэ хүрээнд экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ЖДҮ эрхлэгчид жилийн 12-13 хувийн 3 хүртэл тэрбум төгрөгийн зээлийг банкуудаас  авах боломжтой” гэв.ИПОТЕКИЙН ХӨТӨЛБӨРИЙГ САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨРИЙН ИНСТИТУТ БИЙ БОЛГОХ ХҮРТЭЛ МОНГОЛБАНК ХАРИУЦАНА

Хэдийгээр төсвийн шинжтэй үйл ажиллагаанд Монголбанкыг оролцохыг хориглосон ч ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлээд авч явах төрийн институт байхгүй учраас яах ч аргагүй Төв банкны зүгээс оролцоод явж байна. 2013 оноос хойш Төв банк 2.8 их наяд төгрөгийг ипотекийн санхүүжилтэд гаргасан. Нийгэм, эдийн засаг талаасаа үр өгөөжтэй яваа энэ хөтөлбөрийг зогсоохгүйгээр шилжүүлж авах институтийг бий болтол хөтөлбөрийг Монголбанк үргэлжлүүлэхээс өөр аргагүй” гэдгийг тодотголоо.

Холбоотой мэдээ