#NEWSTORY хөгжлийн хөтөлбөр Хэнтий аймгаас эхэллээ

2022-04-12 201 0

#NEWSTORY хөгжлийн хөтөлбөр Хэнтий аймгаас эхэллээ

Монголын ирээдүй болсон өсвөр үеийн залуус мэргэжлээ зөв сонгохтой холбоотой мэдээлэл өгөх, мэргэжил сонголтод арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой “Шинэ Түүх – New Story” хөгжлийн хөтөлбөрийг Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газраас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар, Соёл, урлагийн газар болон Монголын залуучуудын холбоотой хамтран улсын хэмжээнд бүсчлэн хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү арга хэмжээний нээлт Хэнтий аймагт боллоо.
Их, дээд сургууль төгссөн 10 хүн тутмын 3 нь эзэмшсэн мэргэжлээсээ өөр мэргэжлээр ажилладаг байна. Түүнчлэн 2021 оны байдлаар ажилгүй иргэдийн 45.9 хувь нь бүрэн дунд, 31.7 хувь нь дипломын болон бакалаврын дээд, 1.1 хувийг магистр, доктор боловсролтой иргэдээс бүрдэж байжээ. Мэргэжил, боловсролоос шалтгаалсан ажилгүйдэл нь мэргэжил сонголтын судалгаа, мэдээлэлгүйгээр бусдыг даган дууриах, хөдөлмөрийн зах зээлийн талаар бодит ойлголтгүй мэргэжил сонгох, өөрийнхөө боломж бололцоог тооцохоос илүүтэй бусдын нөлөөнд автах зэрэг тохиолдлын байдлаар мэргэжлээ сонгож байгаатай холбоотой юм.
Иймээс “New Story” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Хэнтий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох талаар сургалт зохион байгуулж байгаагаас гадна залуусын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн чиг хандлагын талаар зөвлөмж, мэдээлэл өглөө. Цаашид:
• Аймаг, нийслэл, сум, дүүргийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн зөвлөлийг идэвхжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах,
• “Аймаг, дүүргийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулах,
• Улсын хэмжээнд ерөнхий болосвролын сургуулийн ахлах ангид суралцаж байгаа өсвөр үе, залуучуудад “Ирээдүйн эзэд” мэргэжил сонголтын аяныг зохион байгуулах,
• Монголчуудын эрхэмлэн дээдлэх, үнэт зүйлийн лекц, судалгааны ажлыг зохион байгуулах юм.
“New Story” хөтөлбөрийг:
• Дөрөвдүгээр сарын 11-15 ний өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймагт,
• Дөрөвдүгээр сарын 18-22 ны өдрүүдэд Төв, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь аймагт,
• Дөрөвдүгээр сарын 25-аас тавдугаар сарын 06-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-алтай, Ховд, Баян-өлгий, Увс, Завхан, архангай, Хөвсгөл аймагт,
• Тавдугаар сарын 09-13 нд Дархан, Сэлэнгэ, Орхон, Булган аймгуудад зохион байгуулж, Нийслэлийн 9 дүүргийн хүрээнд тавдугаар сарын 09-19-ний өдрүүдэд тус тус зохион байгуулна.

Эх сурвалж: Монголын Залуучуудын Холбоо Гүйцэтгэх Хороо

Холбоотой мэдээ