Г.Занданшатар: Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн уналтаас 2021 онд багтаж гарах боломжтой

2021-05-28 45 0

УИХ-ын дарга Г.Занданшатар  өчигдөр банк, санхүүгийн салбарынхантай уулзаж, салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл сонслоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан,  Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, дэд дарга Т.Цэрэнбадрал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Даатгалын холбоо, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, банк бус санхүүгийн байгууллагын удирдлагууд оролцож банк, санхүүгийн салбарт тохиолдож буй сорилт болон хөгжлийн бодлого, үйл ажиллагааны талаар ярилцжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Цар тахлаас үүдэлтэй сорилт 2021 онд үргэлжилж байгаа ч хонгилын үзүүрт гэрэл гарч эхэлсэн. 2021 оны нэгдүгээр улиралд эдийн засгийн өсөлт 15.7 хувь болж, ДНБ сүүлийн 3 улирал дараалан өмнөх улирлаасаа өсөлттэй гарлаа. Энэ нь Монгол Улс цар тахлаас шалтгаалсан уналтаас 2021 онд багтаж гарах боломжтойг илэрхийлж байна. Эдийн засгийн өсөлтийн дийлэнх хэсгийг уул уурхай, түүгээр тэжээгдсэн аж үйлдвэр, бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлт эзэлж байна” гэв.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан “Банкнаас бусад санхүүгийн салбарт тулгарч буй сорилт шийдэл” сэдвээр илтгэл тавив. Илтгэлд ковид цар тахлын нөхцөл байдлын байдлын улмааас санхүү, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байсан хэдий ч зохицуулалтын байгууллагууд эрсдэлээ дахин үнэлэх, дотоод нөөц бололцоогоо дайчлан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, үйл ажиллагаагаа цахим хэлбэрээр явуулах зэргээр амжилттай ажиллаж ирсэн талаар дурдаад “Санхүүгийн зах зээлийн хөгжилд түлхэц өгөхүйц оновчтой шийдлийг гаргах, санхүүгийн системийн зохистой бүтцийг бий болгох, дэвшилтэт технологийг нутагшуулах, санхүүгийн үйлчилгээний өртгийг хямдруулан, хүртээмжийг сайжруулах замаар санхүүгийн салбарын оролцоог  нэмэгдүүлэх зорилтуудыг хэрэгжүүлэх арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлж байгаа тухай дурьджээ.

Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооноос санхүүгийн зах зээлийн үйл ажиллагаатай холбоотой хууль, зохицуулалт хяналтын нийт 116 журам зааврыг батлан зохицуулалт хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Чиг үүргийн хүрээнд 2021 оны нэгдүгээр улирлын байдлаар 3,302 зохицуулалттай этгээд, 2,429 даатгалын төлөөлөгч нийт 5700 гаруй хуулийн этгээд, иргэний  үйл ажиллагаанд хяналт тавин ажилласан мэдээллийг онцоллоо.

Холбоотой мэдээ