Олон улсын олимпиадаас медаль хүртсэн сурагчид шагналаа авлаа

2021-06-08 56 0

ОХУ-ын Москва хотын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиад цар тахлын улмаас 2020 оны арванхоёрдугаар сарын 19-22-ны хооронд цахимаар боллоо.

Тус олимпиадад 28 улсын 34 хотоос 280 орчим сурагч оролцжээ. Манай улсаас “Орчлон”, 1-р дунд сургуулийн сурагчид хими, физик, математик, мэдээлэл зүйн төрөлд амжилттай оролцож, мөнгө, хүрэл медаль хүртэж өчигдөр шагналаа гардан авлаа.

Дэлхийн хотуудын олон улсын тав дахь удаагийн олимпиадаас

  • “Орчлон” сургуулийн 11А ангийн сурагч О.Тэмүжин мөнгөн медаль,
  • 12А ангийн сурагч О.Ундрал хүрэл медаль,
  • 10Д ангийн сурагч Л.Оргилболд хүрэл медаль,
  • нийслэлийн 1-р дунд сургуулийн 11Д ангийн сурагч Б.Пүрэвбадрал хүрэл медаль хүртжээ.

Манай улсын хувьд жил бүр зургаан сурагчийг олон улсын олимпиадад бэлтгэдэг байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш нараас гадна их сургуулийн багш нар шигшээ багийн сурагчдыг олон улсын олимпиадад бэлтгэж ирсэн. Энэ удаагийн олимпиадад манай улс багаараа гуравдугаар байр эзэлсэн байна.

“Орчлон” олон улсын сургуулийн 12А ангийн сурагч О.Ундрал “Олон улсын онлайн олимпиадад анх удаагаа оролцож, хүрэл медаль хүртлээ. Техникийн асуудалд анхаарахгүй бол алдаа гаргах магадлалтай байсан. Олимпиадад оролцох үед хичээл онлайнаар явагдаж байсан учир хүндрэлтэй зүйл байгаагүй. Багш нар маань их сургуульд орох бэлтгэлээ ханга гэдэг байсан. Би өмнө нь 9, 10 дугаар ангидаа математикийн улсын олимпиадаас мөнгө, хүрэл медаль авч байсан. Би программ зохиодог хүн болно” гэв.

Холбоотой мэдээ