У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр нарт хаяглав!

2021-06-17 65 0

Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов энэ сарын 14-ний өдөр Монгол Улсаас Турк болон Азербайжан улсад суугаа Элчин сайд Элчин сайд Р.Болд “Азербайжан улс газар нутгийн бүрэн бүтэн байдлаа сэргээж байгаад баяр хүргэж чөлөөлөгдсөн Агдам хотод хийсэн айлчлал нь тус бүс нутгийн байдалтай танилцахад ач холбогдолтойг онцолсон бол Азербайжаны Гадаад хэргийн сайд “Армений Азербайжанд чиглэсэн түрэмгий бодлогын үр дагавар, мөргөлдөөний дараах үе шат, чөлөөлөгдсөн бүс нутгийн талаар мэдээлэл өгч, уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхий сайдын мэндчилгээг Азербайжаны Гадаад хэргийн сайд Жейхун Байрамовт уламжилж түүнийг Монгол Улсад айлчлахыг урьжээ.

Яагаад ийм байр суурь илэрхийлснийг нь ГХЯ дахь албаны эх сурвалжуудаас лавлахад “ГХЯ-аас Элчин сайдад тийм чиглэл огт өгөөгүй” гэсэн хариу сонслоо. Элчин сайд Р.Болдын энэ үйлдэл яагаад давтагдав?

Одоогоос зургаан сарын өмнө 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд Азербайжаны Эрчим хүчний сайд Парвиз Шахбазовтой уулзжээ. Азербайжаны Эрчим хүчний яамны мэдээлснээр Элчин сайд энэ үеэр “Азербайжан улс нутаг дэвсгэрээ Армений эзлэн түрэмгийллээс чөлөөлж, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдал, бүрэн эрхээ сэргээсэнд баяр хүргэсэн байдаг. Түүний энэ үйлдлийг тухайн үед Mongolia Weekly хэмээх мэдээллийн портал дээр энэ талаар “Монгол Улсын Элчин сайдын энэ үйлдэл нь Туркт тал зассан хэрэг бөгөөд Оросын дургүйг хүргэж магадгүй юм” хэмээн бичиж байв. https://www.mongoliaweekly.org/amp/mongolia-hails-azerbaijani-war-victory-in-effort-to-woo-turkey

Яагаад Элчин сайд Р.Болд ГХЯ-ны чиглэлгүйгээр дур мэдэн найрсаг харилцаатай хоёр орны хооронд маргаан, “дайн дажин” гарвал аль нэг талыг баримтлахгүй байх тухай Монгол Улсын гадаад бодлогын алтан зарчмыг зөрчин удаа дараа байр суурь илэрхийлж баяр хүргээд байна вэ?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг зарчмаа зөрчсөн Элчин сайд Р.Болдод хариуцлага тооцно гэдэгт найдъя

Гадаад харилцааны сайдад Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалын 6-р зүйлийг сануулах нь илүүц байж магадгүй. Гэхдээ сануулахаас аргагүй нөхцөл байдалд хүрлээ. Яагаад гэвэл “Арменийг “эзлэн түрэмгийлэгч-оккупант” гэж хэлсэн нь тус улсын дотоод хэрэгт оролцож байгаа хэрэг!

Гадаад бодлогын үзэд баримтлалын 6-д: Монгол Улс бусад улстай харилцахдаа бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, өөртөө засан тогтнох бүрэн эрхийг харилцан хүндэтгэх, дотоод хэрэгт үл оролцох, маргаантай асуудлыг эв зүйгээр шийдвэрлэх, эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллах зэрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Дүрэмд тодорхойлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээ, түүнчлэн хоёр талын харилцааны үндсэн баримт бичгүүдэд заасан бусад зарчмыг удирдлага болгоно” гэж заасан байдаг. Тэгэхээр Элчин сайд Р.Болд Гадаад бодлогын үзэл баримтлалд заасан дээрх зарчмыг хэрхэн зөрчсөн нь тодорхой харагдаж байгаа биз?

Яагаад? Элчин сайдР.Болд АНУ-д Элчин сайдаар ажиллаж байсан тэрбээр хүүхдүүдээ Канадын иргэн болгосон баримт бий. Ер нь хүүхдүүд нь өөр орны иргэн бол эцэг, эх нь урвахад бэлэн гэжолон улсад үздгийг дипломатчид хэлдэг л юм. Тийм хүмүүсийг дипломат албанд ч, төрийн өндөр албанд ч ажиллуулдаггүй. Харин энэ удаад хэнд үйлчилж, ямар шалтгаанаар удаа дараа Азербайжанд Арменийг ялсанд нь баяр хүргээд байгааг гайхаж байна.

Дахин хэлэхэд МонголУлс Азербайжан болон Армений хооронд сая болсон дайны явцад болон дайны дараа ОХУ-ын зуучлалаар эвлэрэл тогтоосон талаар байр сууриа илэрхийлээгүй байгаа нөхцөлд Элчин сайд ингэж ярих нь “шугам давсан” хэрэг бөгөөд Монгол, Армений хоорондын харилцаанд ноцтой сэв суулгасан алдаа болох юм. Элчин сайд Р.Болд энэ тохиолдолд Туркт тал зассан уу, эсвэл Туркийн “заавраар” ажилласан уу гэдгийг ч бодох ёстой. Мөн ГХЯ ийм чиглэл өгсөн үү, Элчин сайд дур зоргоороо ажиллав уу гэдгийг ч олж тогтоох шаардлагатай болж байна.

Гадаад харилцааны салбарт ажиллаж буй мэргэжлийн хүмүүсийн үзэж байгаагаар Арменд булаан эзлэгдсэн нутгаа буцааж авсан Азербайжанд Р.Болд баяр хүргэсэн нь гадаад бодлогын зарчим зөрчсөн маш буруу үйлдэл гэж үзэж байв. Өөрөөр хэлбэл, Туркт тал засч, Оросын дургүйг хүргэх, мөн арменчууд Монголыг үзэн ядахад хүргэх аюултай гэж үзэж шүүмжлэлтэй хандаж байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Турк, Азербайжаны цэргүүдийг сургаж дэмжиж байсан гэж мэдээлж байсан удаатай. Тэр ч байтугай Туркийн цэргүүд нисэгчгүй онгоцны дайралтыг хүртэл удирдаж байсан гэх мэдээлэл байдаг ч Туркийн тал энэ мэдээллийг үгүйсгэдэг аж. Хэдийгээр энхтайвны хэлэлцээр, цэргүүдээ газар дээр байлгаснаар Орос улс бүс нутаг дахь зарим нөлөөгөө алдаж эхэлж байсан ч Азербайжан ялснаар тус бүс нутагт Туркийн нөлөө улам бүр нэмэгдсээр байгааг харуулж байна хэмэээн мэдээлсээр байгаа юм. Учир нь Ерөнхийлөгч Р.Эрдоган дайны үеэр Азербайжаныг дэмжиж байгаагаа илэн далангүй илэрхийлж байсан. Харин Ерөнхийлөгч В.Путины хувьд Орос, Турк хоорондын маргааны цучил унтраагүй байхад Монголын Элчин сайдын гаргасан эл үйлдлийг ажиглаагүй өнгөрөхгүй гэж бодохгүй байна. Дээр нь Монгол Улс эртний сайхан харилцаат Арментай ямар харилцаатай үлдэх бол. Өнөөх Ил хаадын үеийн хэлхээ холбоо, бичиг сурвалжуудын талаарх гайхалтай сайхан түүх юу болох бол.

Энэ бүгдээс үзэхэд ГХЯ Элчин сайд Р.Болдын гэнэтийн “баяр хүргэлт”-ийг мэдсэн эсэх, үр дагаврыг нь хэрхэн тооцоолсон нь сонирхолтой байгаа төдийгүй Монгол Улсын Гадаад харилцааны яамны болон Сайдын байр суурь мөн эсэхэд бодитой байр суурь илэрхийлэх зарчмаас гажсан үйлдэл гаргасан гэж үзвэл Элчин сайд Р.Болдод хариуцлага тооцох, эгүүлэн татах шаардлагатайг сануулъя!

Түүнийг эргүүлэн татах бичиг эзнээсээ “төөрдгийн” шалтгаан нь эрх баригчдад бий. Миний санаж байгаагаар 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Гадаад харилцааны яамнаас  Стамбул, Анкара дахь бүх дипломатчийг дуудаж эргүүлэн татаж байгаагаа мэдэгдсэн байна. Хачирхалтай нь хариуцлага тооцож эргүүлэн татаж буй дипломатчдын дунд Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болдын нэр байсангүй. Ерөнхийлөгч Х.Баттулга тухайн үед, өөрт нь хаяглаж бичсэн нийтлэлийн дараахан,  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт чиглэл өгч байсан боловч мөн л удаа дараа алдаа дутагдал гаргасан, ажилдаа хайнга хандсан Элчин сайдтайгаа хариуцлага тооцож чадаагүй. Н.Энхтайван сайдын үед Р.Болд Азербайжанд баяр хүргэж зарчмын алдаа гаргалаа гэдгийг нийтлэлээр мэдээлсэн ч хариуцлага тооцоогүй. Тэгэхээр МАН-ын эрх баригчдад Элчин сайд Равдангийн Болдтой хариуцлага тооцох зориг, хүч,хүсэл байдаггүй. Харин одоо шинээр сонгогдсон Ерөнхийлөгч түүнийг “дархлах” уу, татах уу гэдгийг харцгаая.

Р.Болдыг эргүүлэн татах “бусад” шалтгаан

Элчин сайд Р.Болдыг эргүүлэн татах шалтгааныг ноцтой биш гэж үзэх тун аргагүй. Гэхдээ дээр дурдсан гадаад бодлогын үзэл баримтлалыг зөрсөнөөс гадна ямар шалтгаанууд буйг товчхон дурдъя.

  1. 2018 оны долдугаар сарын 27-нд өглөөний 09 цагийн үед “Улаанбаатар-Эмпати” турк сургуулийн захирал Вейсел Акчайг гэрийнх нь гаднаас үл таних хүмүүс хулгайлсан хэрэг гарсан билээ. Монгол Улсаас Бүгд Найрамдах Турк улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Болд энэ тухай “Өнөөдөр” сонины наймдугаар сарын 31-ний дугаарт “Манай цагдаагийнхан Элчин сайдынх нь гэрт нэвтэрсэн асуудлаар Туркийн тал надаас тайлбар нэхсэн” гэх гарчигтай ярилцлага өгчээ. Тэрбээр Монгол, Туркийн харилцаа их сайн хөгжсөн, Туркээс юм авах боломж бидэнд бий ч Гюленийн сургуулиудыг Туркийн Засгийн газрын эрх мэдэлд шилжүүлэхгүй байгаа нь, мөн Истанбул-Улаанбаатарын чиглэлийн шууд нислэгтэй болохгүй байгаа нь хоёр орны харилцаанд саад болоод байгаа гэжээ. Хэрвээ шууд нислэгтэй болоод Гюлений сургуулиудыг хаачихвал Турк улсаас асар их хэмжээний юм авч болох юм гэсэн утгатай зүйлс ярьжээ. Монгол Улс бол хүмүүнлэг, энэрэнгүй Ардчилсан Улсыг төлөөлж очсон Элчин сайдын үг энэ мөн үү? Тухайн үед Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд Р.Болдыг эх орондоо дуудсан гэх мэдээ л сонинуудад нийтлэгдсэн боловч дипломат ёсыг огоорч ямар нэг хариуцлага тооцоогүй байдаг.
  2. 2019 оны зургадугаар сард Турк улсын Стамбул хот дахь Консулын газрын дэд консул Б.Баттүшиг, түүний жолооч С.Эрдэнэбаяр нар 70 кг геройн буюу хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хил дээр саатуулагдсан тухай мэдээлэгдсэн. Уг хэрэг гарснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрсний дараа гэсэн үг. Одоогоор тэд Германы шүүхэд мэдүүлэг өгч гэнэ, тагнуулын үүрэг гүйцэтгэж явсан гэнэ гэсэн мэдээллээс өөр тодорхой зүйл алга. Үүний мөрөөр юу хийсэн гээч? Гадаад харилцааны сайд нь Гадаадын улс оронд Цагдаагийн атташе томилж, тэр нь манай хоёр тагнуулын үүрэг гүйцэтгэж явжээ, туслалцаа үзүүлээч гэж ярьсан ичгүүрт явдал гарсан. Энэ талаар Германы хэвлэлүүдэд нийтлэгдсэн. Цаашилбал тагнуулынхан оролцжээ гэдгийг нотлох гэсэн мэдээллийг яг одоо Тагнуулын ерөнхий газрын эх сурвалж мэдээллийн сүлжээгээр тарааж байна. Зөвхөн Гадаад харилцааны яамны ажилтнуудбиш шүү гэж“арьсаа хамгаалахын тулд” Үндэсний эрх ашиг, Монгол Улсын нэр хүнд ингэж унаж байна, Ерөнхийлөгч өө!
  3. Хар тамхи зөөж байгаад баригдсан дипломатчдыг Германд шүүгдэх хугацаанд ТЕГ ар гэрийнхнийг нь хамгаалалтад авах ёстойг зарим эх сурвалж анхааруулах болов. Учир нь Германд хоёр тусдаа шоронд хоригдож буй тэд үнэнийг өчихөөс өөр гарцгүй. Европын холбооноос Туркийг онцгой анхааралдаа авсан боловч тус бүлэглэлийн зарим гишүүн Германд ч, Монголд ч, дэлхийн хаана ч байж болзошгүй тул Монголын дипломатчдыг шүүхэд мэдүүлгээ өгмөгц ар гэрийнхэнд нь аюул учруулж болзошгүй гэж тэд тайлбарлаж байна. Монголын тагнуул иргэнээ, иргэнийхээ ар гэрийг болзошгүй аюулаас хамаалах үүрэгтэй. Тухайн иргэн юу хийсэн, хэн байхаас үл шалтгаалаад шүү. Хамгийн ноцтой нь Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайд Р.Болд хар тамхи наймаалцсан хэрэгт хяналт тавих байтугай эл хэргийн дараа гэр бүлийнхнийг нь Туркийн газар нутгаас “хөөсөн” байгаа юм. Гэмт хэрэгт холбогдсон ч Монгол Улсын иргэд шүү дээ, ГХЯ-ныхаан! Элчин сайдын “санаачилгаар”, ГХЯ-ныханд “хөөгдсөн” тэр гэр бүл хар тамхины бүлэглэлийнхний гарт амиа алдсан бол Р.Болд хариуцах уу. Тагнуулын ерөнхий газрын дарга ийм эрсдлийг тооцож мэдэхгүй гэж үү?
  4. Өнөөдөр Монгол Улсын 5000 гаруй иргэн Турк улсад ажиллаж амьдарч байна. Тус улсад 2020 оны 3 дугаар сарын 11-нд коронавирусийн эхний тохиолдол илэрснээс хойш үе шаттай олон арга хэмжээ, хатуу хоригт орж маш хүнд байдалд аж төрж байгаа талаар Турк улсад ажиллаж амьдарч байгаамэдээлэл өгсөөр байна. Туркт байгаа монголчууд мааньихэвчлэн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажилладаг, нийт иргэдийн90-ээд хувь нь хараар буюу хууль бусаар амьдардаг чгэсэнМонгол Улсын л иргэд.
  5. БХБ-ын сайдын 2018 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн “Эрх бүхий баталгаа” гаргах тухай 418 тоот тушаал энд байна. Үүнд “2018 оны тавдугаар сарын 5-ны өдрийн №2018080303 дугаартай Чингэлтэй дүүрэг болон Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо ба “Ган Инвест” ХХК-тай байгуулсан санамж бичиг, 2018 оны тавдугаар сарын 5-ны өдрийн №2018050312 дугаартай Баянгол дүүрэг болон Монголын Үндэсний хүмүүнлэгийн хороо ба “Ган Инвест” ХХК-тай байгуулсан санамж бичиг гэсэн хоёр санамж бичгийг үндэслээд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Барилга, хот байгуулалтын яам нь энэхүү баталгааг цуцлагдах болон 3 дахь биеддамжигдах нөхцөлгүйгээр доорх гарын үсгээр баталгаажуулж байна гэсэн байдаг. Ингээд юу ч мэдэлгүйгээр Засгийн газар, түүнийг төлөөлж Барилга, хот байгуулалтын сайд 720 сая еврогийн баталгааг хэн ч мэдэхгүй шахам компанид гаргаад өгчих нь тэр. Бүр дараагийн Засгийн газарт шилжүүлэхгүйгээр, сохор зоосны татваргүйгээр шүү! Ийм амархан гэж үү! Засгийн газар, ялангуяа Монгол Улсаас Турк улсад суугаа, тэр тусмаа Тагнуулын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Р.Болд яагаад чимээгүй байна вэ? Энэ талаар миний бие хууль хяналтын байгууллагад бичгээр мэдэгдээд дуудсан үед нь гэрчийн мэдүүлэг өгсөн.

У.Хүрэлсүх, Ж.Энхбаяр нарт хаягласны учир!

Р.Болд бол манай шилдэг кадруудын нэг мөн. Түмэн олны дунд хурандаа генерал С.Равдангийн хүүхдүүд Р.Онон, Р.Батаа, Р.Лутаа, Р.Оюун, Р.Болд нарсайн нэртэй билээ. Цухас дурдахад,ҮАБЗ-ийн анхдугаар хуралдаан 1992 оны найдугаар сарын 8-нд болж үүгээр ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Р.Батааг томилж байв. Үүнээс хойш таван жилийн дараа буюу 1997 онд түүний дүү Р.Болдыг уг ажилд томилсон байдаг. Өөрөөр хэлбэл төрсөн ах дүү хоёр Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди нарын үед Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд ажиллаж байсан ховор сайхан тохиолдол яах аргагүй мөн.

Монгол Улс Шинэ Ерөнхийлөгчийнхөө тангараг өргөх мөчийг тэсэн ядан хүлээж, дараагийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар мөн л генералын хүү, Ж.Энхбаяр томилогдох сураг гараад буй энэ үед улс орны аюулгүй байдал, Монгол Улсын гадаад нэр хүндийн төлөө санаа зовинож магад гэсэндээ үүнийг сонордуулъя. Учир нь У.Хүрэлсүх хувь улстөрчийнхөө хувьд Н.Багабанди, С.Баяр нарын “заавраар” явдаг байсан ч Ж.Энхбаярын хувьд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар болон Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан торгон мэдрэмжтэй улстөрчийн хувьд энэ асуудлыг үл тоон орхигдуулахгүй байх гэж найдаж байна.

У.Оргилмаа /baabar.mn/

Холбоотой мэдээ