М.Энхболд ба түүний нөхөд айсуй

2021-06-18 470 0

Нэгэн цагт тэжээсэн ноходдоо боорлуулж, УИХ-ын даргын сэнтийгээс “туугдаж” байсан М.Энхболд их улс төрд эргэн ирж байгаа тодоос тод сураг байна.

Тэр өөрөө чимээгүй байсан болохоос биш улс төрөөс яваагүй ч байж мэднэ. Хэдэн залуус өөдөөс нь харж сууж байгаад “Та л явчихвал Монголын төр түвшин, түмэн олон амгалан болно” хэмээж байсан бол М.Энхболд залуусын дээгүүр гишгиж, өдгөөгийн МАН-ын удирдлагын түвшинд орон зайгаа бүрдүүлчихсэн явааг дуулгав. Урьтаж сануулахад Н.Энхбаяр Засгийн газарт хэдэн сайд шургуулах энэ тэр бол түр зуурын үзэгдэл юм шүү. Н.Энхбаярт намдаа 10 гаруй жил гай тарьсан л гэж найр тавьдаггүй юм бол өөр ямар шалгуураар ирээдүйд хамтрах юм. Магадгүй Ерөнхийлөгчийн сонгууль угтсан энэхүү түр зуурын үерхлийн замыг М.Энхболд засалцсан байхыг ч үгүйсгэхгүй.

Саяхан болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар М.Энхболд нийслэл, төвийн бүсийг хариуцан ажилласнаас харахад У.Хүрэлсүхтэй хэчнээн ойр байгааг илтгэнэ. Нийслэл дүүргүүдийн хэмжээнд цуурайтсан ялалтын хувь хэмжээ ч үүнийг бататгана. Хүн амын төвлөрөл их, хамгийн ээдрээтэй нийслэл, төвийн бүсийг хариуцуулж өгнө гэдэг асар өндөр итгэл юм. Үүнээс гадна У.Хүрэлсүх МАН дахь орон зайг М.Энхболдод орхиж байгаа гэсэн үг. Хадаг дэлгээд намын тамга гардуулахгүй ч “Өөрийнхөөрөө үз, алсын зайны дэмжлэг байгаа” гэдэгтэй агаар нэгэн үйл явдал МАН дотор өрнөөд нэгэнт эхэлжээ. У.Хүрэлсүх, Сү.Батболд, М.Энхболд нар ойрхон хоёр ч удаа дотно уулзсан нь шар айраг уух гэж лав биенээ дуудаагүй байх.

Хэдэн залуусын боргох бол цаг зуурын үзэгдэл, томчуудын тоглоом байсан гэдгийг удахгүй харах бололтой. У.Хүрэлсүх 2017 онд Ерөнхий сайд, 2020 онд Ерөнхий сайд, 2021 онд Ерөнхийлөгч гээд туйлын хүсэл, төлөвлөгөөний дагуу зорилгодоо нэгэнт хүрчихлээ. Түүнийг ийн хүссэндээ хүрэхэд М.Энхболд үнэн хэрэгтээ саад болсонгүй. Харин ч маш том дэмжлэг, бат бөх гишгүүр боллоо. Том зорилгод хүрэхэд эсрэг дүр том л байх хэрэгтэй биз дээ. Үүнийг У.Хүрэлсүх ч мэдэж байсан, М.Энхболд өөрөө ч мэдэж байсан, Сү.Батболд ч мэдэж л байсан. Гагцхүү хэдэн залуус өнгөц хараад байсан болохоос бус цаад учрыг нэгжиж мэдээгүй л болов уу. Тэд цаг зуурын албан тушаал, үзэгдээд өнгөрөх эрх ашгийн төлөө тулалдаад өнгөрөв.

“Жингэр нохой хуцаж л байдаг, жингийн цуваа явж л байдаг” гэх үг бий. М.Энхболдын хувьд их улс төрөөс явж байгаа мэт харагдах авч, тэр өөрийнхөө замаар алгуурхан ажиглаж явсан нь илт. Явах явахдаа ирээдүйд хүчээ зузаалж, өрсөлдөөнөө улам хялбар болгож байсныг маргаашийн үйл явдал хэлээд өгнө. Дайснаа нөхөр болгочихсон тулаанаас тэгтлээ цус гарахгүй нь лавтай. Урьд өмнө нь “Монголын улс төрд ирж л байдаг, явж л байдаг хэрнээ хэн нэгэнд гомдол санал болоод байдаггүй цор ганцхан хүн нь М.Энхболд байх” хэмээн бичиж байсан санагдана. Тэр үнэхээр ирж л байдаг, явж л байдаг маш том тэвчээрийн туйл аж. М.Энхболдоос өөр хэн нэгэн ийн боорлуулсан бол өдийд эргэж ирэх нь бүү хэл сэхэхээргүй болсон нь тодорхой. Н.Энхбаяр шиг гал таслаад уйлан дуулсангүй, Н.Алтанхуяг шиг орох нүхгүй сандарсангүй.

Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө М.Энхболдыг “Жаран тэрбум”-ын гэх дүрд хувиргаж байх үед МАН-ын 65 гишүүн 33:32 гэсэн харьцаатай хоёр бүлэгт хуваагдан тэмцэж байв. Түмний нүдэн дээр хэзээ ч эргэж эвлрэхээргүй тэмцэлдэж байсан бол өнөөдөр “33-ын бүлэг”-ийн дийлэнхийг нь “32-ын бүлэг”-тэй гар бариулж, эвийн ширээний ард суулгажээ. Ингэж чадсан хүн бол цор ганцхан М.Энхболд байж таарна. Хэрвээ М.Энхболд байгаагүй бол хоёр талд хонзон нэрсэн нөхөд гүйлдэж, урт удаан зодооны эцэст МАН дотооддоо хүчин мөхөсдөх аюул ч байв. Гэхдээ МАН-д том зорилгынхоо төлөө нэгдэж чаддаг уугуул чанар нь ч нөлөөлсөн биз.

Өдгөө МАН-ын хоймор эзэлж байгаа “33-ын бүлэг”-ийнхэн “32-ын бүлэг”-тэй гар барьж найр тавьж байгаа олон жишээ бий. Хаа байсан Д.Оюунхоролыг нам дээр дуудаж авчраад зөвлөхөөр ажиллууллаа. Найр тавиагүй бол түүгээр яах юм. Аль ч талаараа Д.Оюунхоролоос тохой өндөр эмэгтэйчүүд МАН-д дүүрэн байгаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа эмхлэн байгуулахдаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг сайдын суудалд урьсан. Цаадах нь “Хамтарч ажиллахыг урьсан Ерөнхий сайддаа баярлалаа, би Байнгын хороогоо удирдаад та бүхний ажлыг дэмжээд явна” гэж байгаа нь эвлэрснээ дуулгаад зогсохгүй М.Энхболдын командыг хүлээж байгаа нь илт. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын тангаргийг өргүүлж, УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг “Эрдэнэс Монгол”-ын захирлаар томилж байгаа зэргээс харахад л хангалттай. Өөр бусдыг дурдах нь илүүц хэрэг биз ээ. Дайтаж асан “32-ын бүлэг”-ээс гол гол нөхдийг ийн найрын ширээнд уриад гар барьчихлаа. Үүнээс гадна Ж.Мөнхбатаас Ерөнхий нарийн бичгийн даргын суудлыг уламжлан авсан МАН-ын өдгөөгийн генсек өнөөдрийг хүртэл тэндээ сууж байгаа нь санаандгүй хэрэг огт биш. Олон сонгуулийн ялалтын туг нь болж ирсэн түүнд ямарч өндөр дээд албан тушаал бэлэн байв. Гэтэл тэр бууриа сахисаар байгаагийн цаана гажих аргагүй маш том схем зурагдсан учраас жудаг сахисан байх.

Нөгөө талаар М.Энхболд 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд бүдэрсэн нь ч санамсаргүй хэрэг биш л болов уу. Том том зорилго дундаа мөргөлдөхөд ямар нэг эрсдэл үүсдэг жамтай. Жам ёсоороо л явж байгаа нь энэ биз. Ямартаа ч М.Энхболд, түүний нөхөд эргэн ирж байна. Тэрээр улс төр, өндөр дээд албан тушаалаас олон ч удаа явж байсан. Намайг унагаалаа, хөөлөө гэж нэг ч удаа ярьж байгаагүй. Чив чимээгүй явдаг шигээ чив чимээгүй хүрээд ирдэг намтартай цор ганцхан улстөрч гэхэд болно. Хорь хүрэхгүй жилийн өмнө “Хотын” хэмээх фракцийн тэргүүн, хамаг л хорны эзэн хэмээн цоллож байгаад л явуулж л байсан. Чимээгүй яваад чимээгүй хүрээд л ирсэн. Н.Энхбаярын хаанчлалын жилүүдэд ОХУ-д Элчин сайдаар ажиллаж байсан С.Баярыг авчирч байгаад тухайн үеийн МАХН-ын дарга, Ерөнхий сайд М.Энхболдыг унагаад авсан. Тэр чимээгүй л яваад өгсөн. Чимээгүй хүрээд л ирсэн. М.Энхболдтой далдуур сүжирч байсан “Элсний 13” хүртэл түүнээс урваж л байсан. Ийнхүү чимээгүй явсан шигээ нэг л өдөр эргээд ирсэн.

Эргэн ирэхдээ өнгөрөгч 2013 онд тэрээр МАН-ын Их хурлаар өрсөлдөж, намын даргаар томилогдсон. Тухайн үед ялагдал хүлээгээд байсан МАН-ыг 2016 оны сонгуульд үнэмлэхүйн дээд ялалт 65 суудалтай болгосон ч тэр Засгийн газраа тэргүүлсэнгүй. Намын залуу халаа Ж.Эрдэнэбатад Ерөнхий сайдын суудлаа өгөөд УИХ-ын даргаар ажилласан юм даг. Улс төрийн ялагдал, ялалт аль аль нь яруу байх тусмаа оршин тогтнох чанараараа бат бөх байдаг бололтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Холбоотой мэдээ