МАН-ын түүхийг 1920 оноос эхлэн тооцъё

2021-06-21 29 0

“Монгол Ардын Намын 101 жилийн ой яг 7 хоногийн дараа тохионо”.

Эрх баригч намынхаа байгуулагдсан оныг “1920 он”-оор авах, Данзан, Бодоо нарыг эгнэгт цагаатгасан тогтоол шийдвэр гаргуулах, хөшөө дурсгалыг нь босгох, нэрийг нь мандуулах, ядаж нэрэмжит газартай болох, мөнгөн тэмдэгт дээр залах гэх мэтээр сэдэж эхэлбэл яасан юм бэ, МАН эрх барьж байгаа дээрээ? “Данзан, Бодоо” нар байгаагүй бол “Сүхбаатар, Чойбалсан” нар байхгүй ээ гээд би өмнө нь, арав, хорин жилийн өмнө ганц нэг бичсэн дээ.

Заавал 1921 оны Ардын хувьсгалын ойтой давхцуулж тэмдэглэж ирснээ нэг жилээр урагшлуулах санал дэвшүүлье! 2021 он МАН-ын 100 жил, бас хөршлөөд ХКН-ын 100 жил. Харин МАН нь 1920 оны 6 дугаар сард үүсэн байгуулагдсан, хятадын ах дүү намаас нэг жилээр ах байсаар байтал заавал “21 он” гэсэн хатуу тоо заах хэрэг байна уу?

Би МАН ба улсын түүхэнд хэрэг болох үнэн, зөв түүх хөндөж байна шүү. Анхааралтай уншаарай.

Түүх сөхье. “Монгол Ардын Нам” хэмээх хувьсгалт байгууллагын хурлаас Зөвлөлт Орос Улсад одох төлөөлөгчдийг томилсон тухай тогтоолыг 1920.06.25-нд Хүрээнд үйлдэж байсан талаар архивын баримт байнаа. “Бидний нам нэгэнт Коминтерны Дорнод хэлтсийн төлөөлөгчөөс зарагдсан Сороковиковтой учирч, хэрэг ажилд угтан туслалцуулах зам чигийг нэгэнт олсон учир…” гээд байж байх юм аа. Коминтерны оролцоо туслалцаатайгаар МАН байгуулагджээ гэсэн мөрүүд ярайж байна.

Төлөөлөгч томилохдоо намын нөхдийн нэрсийг хэсэг хэсэг цаасан дээр бичээд хуйлж байгаад шодуулсанд Данзан, Чойбалсан хоёрын нэр таарч Орос руу явуулахаар тогтож хурлыг тараажээ.

Тэгснээ гурав хоногийн дараа нь “Зөвлөлийн засагт улсаас тусламж гуйхаар явуулах Данзан, Чойбалсан нарыг одоо даруй явуулах нь чухал”, хэмээж “тэр хоёр болбаас Монгол Ардын Намын төлөөлөгч мөн” хэмээсэн үнэмлэх–баталгаа бичиг тус тус бичиж өгчээ. Тэгж хэлэлцүүлэхдээ тэр хоёрыг хэрхэн илгээх, тусламжийн ямар бичиг үйлдэх, хэн үйлдэх, ямар морь унуулах (Данзанд Бавуу гүний морь, Чойбалсанд Даваагийн морь гэх мэт), хувь мөнгө цуглуулсан 100 төгрөгийг тэр хоёрт өгч явуулах зэргийгшийдвэрлэжээ.

Тэгснээ сарын дараа 1920.07.30-нд ийм бичиг үйлдсэн байх аж:–“Монгол Ардын Нам” хэмээх хувьсгалт байгууллагын хурлаас Сүхбаатар нарыг Зөвлөлт Орос Улсад явуулах тухай шийдвэр гэжээ. “Сүхбаатар нарыг” гэдгийг хожим МАХН-ын түүхчид нэмж зохиосон байх магадлалтай. Данзан, Чойбалсан нарын нэрсийг бичихдээ ч Чойбалсангийн нэрийг урд нь гаргаж бичсэн нь хожмын зохиомж болов уу хэмээн хардахаар.

Ямар ч атугай 1920.07.30-ны тэр шийдвэрийг бүрэн эхээр нь буулгая.

Энэхүү хурлаар хэлэлцсэн хэргийн нэгдүгээрт, дээр хэлэлцсэн ёсоор хойш явсан нөхөр Данзан, Чойбалсан нарын хойноос хэн хэн, хэдэн хүнийг нэмэн явуулах тухайг хэлэлцэж, мөн урьдах адил тус тусын нэрсийг бичиж сугалж шодоход Бодоо, Сүхбаатар, Лосол, Чагдаржав, Догсом нар тохиолдсон учир тэд нарыг одоо даруй явуулах ба мөн эдний замын зардал хэрэглэл, хүнс, уналга морь зэргийг нийт намын гишүүдээс хуваарилан гаргуулахаар тогтлоо. Үүнд урьд ёсоор тус тусад нь нууц нэр өгсөн нь Бодоод “Иван”, Сүхбаатарт “Ээж”, Лосолд “Аав”, Чагдаржавт ”Феодор”, Догсомд “Георгий” хэмээжээ. Хоёрдугаарт, Холбоот Улсаас тусламж гуйх бичгийг зохион тэрхүү бичигт богдын тамга даруулж бэлтгэх явдлыг зайсан хэмээгдэх Жамьяанд даалгаад хурлыг тараажээ.

Тодорхой юм биш үү? МАН гэж хувьсгалт байгууллага 1920 онд байгуулагдчихаад хэд хэдэн хурлаа хийгээд төлөөлөгчдөө томилоод шийдвэр гаргасан нь? Ардын Намын “анхны 7” маань нэрс ба нууц нэрстэйгээ ярайж байна. Болсон явдал бодитой юм байна.

Данзан, Бодоо гэж хоёр лидертэй явснаа тэр хоёр нь буруутаад цаазлуулсан, хожим маршал Чойбалсан ганцаараа үнэмлэхүй лидер болж авсны дараа МАХН-ыг (1924 оноос тэгж нэрлэсэн) үндэслэгч үнэмлэхүй лидер нь Сүхбаатар, Чойбалсан нар болж таарсан ба тэгж түүхнээ мөнхөрнө гээд 1921 оны “Хувьсгалт байгууллагын дараагийн зөвлөлгөөн”-өө МАН байгуулагдсан 3 дугаар сарын 1-ний өдөр болгож нэг жилээр ухраасан, 1921 оноос түүхийг нь бичиж эхэлсэн, 1940-өөд онд хожмын, өнөөгийн түүхийг хөдлөшгүй болгосон гээд логикоор сэтгэвэл…?

Үргэлжлэл бий…

О.Баярхүү /baabar.mn/

Холбоотой мэдээ