Б.БААБАР: Вирус, ковид, дархлаа, вакцины тухай товч ойлголт

2021-06-28 226 0

ВИРУС, КОВИД, ДАРХЛАА, ВАКЦИНЫ ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ

НУКЛЕЙН ХҮЧИЛ. Өндөр молекулт биополимер. ДНХ (дезоксирибонуклейний хүчил), РНХ (рибонуклейний хүчил) гэсэн хоёр төрөл байдаг ба амьд организмын эс дотор байрладаг, удамшлын мэдээлэл агуулдаг.

МУТАЦ. Удамшын мэдээлэл бүрдүүлэгч органик нэгдэл болох ДНХ, РНХ-д гарах өөрчлөлт. Биологийн хувьсалд онцгой үүрэгтэй. Ашигтай мутацын хүчээр нэг эст биес хэдэн тэрбум жилийн түүхийн хугацаанд хөгжин өнөөгийн хүн хүртэл хөгжин салбарлажээ. Мутац байгаль дээр үргэлж явагдаж байдаг боловч ихэнх нь цааш амьдрах хөгжих бололцоогүй, эсвэл хор хөнөөлгүй байдаг. Бичил организм, ялангуяа вирус, бактери богино хугацаанд мутацлагддаг.

ВИРУС. Бие даан өсч үржих чадваргүй, зөвхөн амьд эзэн эсийн уургийн нийлэгжилийн аппарат ашиглан үрждэг бичил биет. Өөрөөр хэлбэл эсэд халдан өөрийгөө үйлдвэрлэн олшроно. Дэлхийд хэдэн тэрбум төрлийн вирус бий. Вирусын халдвар сонгомол шинжтэй, өөрөөр хэлбэл тухайн амьтан ургамалд халдах вирус өөр төрөл зүйлд халддаггүй. Гэвч мутацлагдан өөр төрөлд халдах чадвартай болох нь элбэг үзэгдэл. Хүн ба амьтны вирусийн 25 орчим овгийн 60 гаруй төрөл мэдэгдээд байна. Вирус нь үржихдээ эхлээд вирусийн биетийн уургийн бүрхүүл нь өөр эсийн гадаргууд бэхлэгдэж авна. Ингэхдээ вирус хаа таарсан эсүүд дээр очиж наалдаад байдаггүй, өөрийн онцлогоосоо хамаарч зөвхөн тодорхой эсүүд дээр наалддаг. Жишээнь: томууны вирус нь салст бүрхүүл, ялангуяа мөгөөрсөн хоолойн салст бүрхүүлийн хучуур эсүүдэд бэхлэгддэг, хомхойн вирус нь мэдрэлийн эс, ДОХ-ын вирус нь дархлааны эсүүдэд очиж бэхлэгддэг. Томуу, хомхой, ДОХ, улаан бурхан,  улаан эсэргэнэ, гахайн хавдар,цагаан цэцэг, гепатит гэх мэт нь бүгд вирусаар халдварлагддаг.

ТОМУУ. Вирусаар халдварлагддаг хурдан тархацтай өвчин. Хүнд халдахаараа хүндрэх нь элбэг. Ялангуяа цар тахлын үед аминд хүрэх явдал элбэг тохиолдоно. Халдвар авснаас хойш 1-4 хоногийн дотор хөхүүлж ханилгах, толгой өвдөх, булчин өвдөж бие сульдах, хоолой өвдөх, нус гоожих шинж тэмдэг илрэнэ. Томуу голдуу өвлийн улиралд идэвхиждэг. Алив бүх төрлийн вируст халдварын нэгэн адил томуу туссан бол зөвхөн биеийн дархлаа л түүнийг дарж чадна. Томуу бараг ихэхдээ амьсгалын замаар халдварлана.

КОРОНО ВИРУС. Энэ төрлийн вирус дэлхий даяар өргөн тархсан ба хүн болон амьтанд халдварлаж өвчлүүлдэг. Хүнд халдварлаж өвчлүүлдэг олон төрлийн корона вирус байдаг ба тэдгээр нь ихэвчлэн хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэдэг ч зарим төрлийн короно вирус хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэнэ.

КОВИД-19. Англи хэлнийCOronaVIrus Disease 2019гэсэн өгүүлбэрийн товчлол. Вирусын халдвар нь нэн цочмог, түргэн тархацтай, халдарласан хүндээ хүндээр тусдаг нэг төрлийн томууны вирус. Хамгийн элбэг тохиолдол нь уушигны хатгалгаа үүсгэдэг. Ийм тохиолдолд хүчилтөрөгчийн дутагдалд орно.

ЦАР ТАХАЛ. Алив гоц халдварт өвчин тухайн улс, газар нутаг, тив, заримдаа дэлхий нийтээр тархан халдварлахыг хэлдэг. Өвчин тухайн тархсан газраа хүн амын ихэнхийг хамрах үзэгдэл.

ДАРХЛАА. Хүн амьтны организм биед гаднаас халдварлан орж ирсэн гадны биетийг (түүний дотор өвчин үүсгэгч бактери, вирусыг) танин тэмцэж өөрийгөө хамгаалах чадвар. Дархлаа нь хэд хэдэн төрлийн бүлэг уургийн хамтын ажиллагаагаар буй болдог. Дархлаажилтад чөмөг, дэлүү, сэрээ булчирхай зэрэг эрхтэнүүд оролцон дархлааны уургуудийг үүсгэдэг. T-цагаан цогцос, B-цагаан цогцос, үүсмэл алуурч, нейтрофил, эозинофил, базофил зэрэг өөр өөр эсүүд оролцох ба зарим нь хамтарч зарим нь дангаараа тухайн гадны биетийг танин устгадаг

ЭСРЭГ БИЕ. Голчлон вирус, бактерийн халдварын эсрэг хариу үйлдэл болгон дархлааны тогтолцоонд үүсэх эсийн үзүүлж буй хариу урвал. Организмд гаднаас халдварлан орж ирсэнбиеийг эхлээд таних процес явагдана. Танисныхаа дараа түүнийг устгах биет үйлдвэрлэж эхэлдэг. Энэ явц дор хаяхад 7 хоног үргэлжилнэ. Тухайн гадны биетийг, тухайлбал ковид 19 вирусыг устгах чадвартай эсрэг бие буюу “мэргэшсэн” цагаан цогцос цусаар таран тухайн гадны биеьийг танин устгаснаар биеэс зайлуулна.

ВАКЦИН. Тодорхой гадны биетийг устгагч эсрэг биетийг организмд буй болгосноор биеийн дархлаа үүсгэгч биологийн гаралтай эмнэлэгийн бэлдмэл. Вакцин нь вирусаар халдварлагддаг тухайн өвчний муужруулсан дээжийг биед зориуд халдааж өгснөөр эсүүд тэрхүү гадны биетийг танин устгагч эсрэг бие үүсэх сэдэл боломжоог бий болгоно. Вакцинжуулалтын үр дүнд хүн тухайн тодорхой өвчнийг хөнгөн тусах ба ингэснээр бие тэр өвчнөөс хамгаалагддаг.

ВАКЦИНЖУУЛАЛТ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын томъёолсноор вакцинжуулалт бол хэн ч тухайн өвчин үүсгэгчтэй хавьтсан тохиолдолд хамгаалах энгийн, аюулгүй, үр дүнтэй арга мөн гэжээ. Вакцинжуулалт нь хүний дархлааны системийг идэвхижуулснээр олон халдварт өвчнийг байгалийн аргаар дарах цорын ганц арга. Олон халдварт өвчин гэдэгт бүхий л томуу, томуу төст өвчин зэрэг вирусаар халдварлагддаг өвчин багтана. Бактери, мөөгөнцөр зэрэг өвчнийг байгалийн бус аргаар эмчлэх антибиотик зэрэг эмийг хүн төрлөхтөн нээн олж амьдралд өргөнөөр хэрэглэсээр байна. Харин вирусаар халдварлагддаг бүх төрлийн халдварт өвчнийг гаднаас нь эмийн аргаар эмчлэх ямар ч эм олдоогүй байна. Ганц л арга байгаа нь вакцин буюу сулруулсан өвчин үүсгэгчийг биед халдааж өгөн организм өөрөө эсрэг бие үүсгэн өөрийгөө дархлаажуулахыг өдөөн дэмжих энэ арга болой. Иймээс вакцинжуулалтыг багалийн арга гэж нэрлэдэг.

КОВИД 19 –ИЙН ЭСРЭГ ВАКЦИНЖУУЛАЛТ. Яг ийм төрлийн цар тахал үүсгэгч томуу урьд нь илэрч байгаагүй учир үүний эсрэг дархлаа хүн төрлөхтөнд үүсээгүй байсан. Иймээс Ковид 19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэх ажил жил гаруй үргэлжилж одоогоо АНУ-ын “Файзэр”, “Жонсон жонсон”, “Модэрн”, Хятадын “Синофарм”, Английн “Астра Зэника”, Оросын “Спутник” гэсэн вакцинууд хэрэглэгээнд нэвтэрчээ. Мөн 80 орчим өөр өөр вакцинууд туршилтын хугацаагаа дуусгаад хэрэглээнд нэвтэрхэд бэлэн болж байна. Эдгээр вакцинууд технологийн янз бүр аргаар хийгдсэн боловч эцсийн зорилго нь хүнд сулруулсан өвчний дээжийг биед зориуд халдаах аргад суурилсан юм. Ийм аргаар биеийг өөрийг нь өдөөн халдваржуулж эсрэг бие үүсгүүлснээр хүн өөрийгөө байгалийн аргаар өвчнөөс хамгаалж буй хэрэг. Үүнээс өөр арга байдаггүй.

Цар тахал үүсгэгч томуу халдвар тараахдаа сонгомол шинжтэй байдаг. Жишээ нь 1918-1920 онд дэлхий даяар тархаж 50 сая хүний амь авч одсон Испани томуу нь ихэвчлэн идэр насны эрэгтэйчүүдэд халдаж байсан ба хүүхэд хөгшчүүдэд “ээлтэй” байв. Энэ удаагийн Ковид 19 нь хөгшин хүмүүс болон хууч өвчтэй хүмүүст нэн аюултай мөртөө хүүхдэд маш хөнгөн хэлбэрээр тусаж байна. Үүнээс гадна ямар ч вакцин 100 хувийн хамгаалалт болж чаддаггүй. Учир нь хүмүүсийн организм янз бүр учир зарим хүн вакцин хийлгэсэн ч гэсэн организм нь эсрэг бие үйлдвэрлэдэггүй, эсвэл хариу үйлдэл үзүүлдэггүй. Гэвч юутай ч вакцинжуулалтад хамрагдсанаар дараа нь халдвар авсан ч гэсэн хөнгөн тусна. Вакцин хийлгэнгүүт дархлаа тогтдоггүй, учир нь вакцин зориуд халдвар өгсний дараа эсүүд тэр өвчин үүсгэгчийг таних, дараа нь түүнд тохирсон эсрэг бие үйлдвэрлэх, үүний дараа эсрэг бие цусаар дамжин нийт биед тархан вирусуудыг илрүүлэн устгах энэ процесс хамгийн багадаа 7 хоног үргэлжлэх ба энэ хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан хүн огт хамгаалалтгүй явж байна гэсэн үг.

Вирус маш хурдан мутацлагддаг. Ихэнх мутац цааш амьдарч хөгждөггүй. Ковид 19 анх гарснаасаа хойш хэдэн зуун мянган янзын мутац төрүүлээ биз. Үүнээс “альфа”, “дэльта” гэх хоёр гурван мутац нь цааш хөгжин халдвар тараасаар. Гэвч өдгөө буй болгосон вакцинуудыг давж унасан, “үгэнд нь ордоггүй” шинэ мутац гарч ирээгүй байна. Нэг үгэндээ одоо хэрэглэгдэж буй бүх вакцинууд эдгээр мутацид хүчин төгөлдөр үйлчлэнэ гэсэн үг.

СҮРГИЙН ДАРХЛАА. Энэ нь тухайн вируст өвчнийг тухайн бүс болон улс орны хүн амын дийлэнх нь богино хугацаанд тусаад, үрэгдэх нь үрэгдээд үлдэх нь үлдэж нийтээр тухайн тэр өвчний дархлаатай болохыг хэлнэ. Түүнээс аль нэг өвчнөөс хамгаалагдсан дархлаа бүхий сүрэг гэгдэх хүн ам гэж байхгүй. Сүргийн дархлаа бий болсон ч хүн амын цөөнх болох дархлаажаагүй хэсэг нь халдвар авдгаараа л авна. Ковид 19-өөр дэлхийн бүх хүн вакцинжуулалтад хамрагдаад юм уу тусаад, хүндэрсэн хүмүүс нь үхэж дууссан цагт манай дэлхийн хүн ам ковид-19 томуунаас сүргийн дархлаатай болж энэ өвчин дахин айлчилж ирдэг юм гэхэд дахин цар тахал болохгүй гэсэн үг. Энэ бол зөвхөн ковид 19-тэй л холбоотой болохоос өөр төрлийн өвчний цар тахал хэзээ ч тархаж болно.

Б.Баабар /2021.6.21/

Холбоотой мэдээ